Сангийн яамнаас Ерөнхийлөгчийн тавьсан хоригт тайлбар хүргүүлжээ. Уг тайлбарт “Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн төслийг хэлэлцэж баталсан. Уг багц хуулинд эдийн засгийн өсөлт, жижиг, дунд үйлдвэрлэл, иргэдийн амьжиргаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын хувь хэмжээг бууруулан татвар төлөгчдийн эрх ашиг, татварын суурийг хамгаалах, үндэстэн дамнасан корпорацууд татвараас зайлсхийж зугтах боломжийг хязгаарлах, татварын хууль тогтоомж хоорондын хийдэл, зөрчлийг арилгах, татварын албаны хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх, ногдуулсан татварыг бүрэн хурааж, татварын тэгш шударга байдлыг хангах зүйл заалтууд орсон билээ.
Татварын багц хуулийн төслөөр 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран улс орон даяар 39 удаа танхимын хэлэлцүүлэг зохион байгуулж татвар төлөгч, иргэн, аж ахуйн нэгж, олон нийтийн 1,783 саналыг хүлээн авч хуулийн төсөлд тусгасан.
Түүнчлэн хуулийн төслийг Төсвийн байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн ирүүлсэн саналыг тусгайлан хэлэлцэж, 6 саналыг хүлээн авч тусган баталсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр татварын багц хуульд хориг тавихдаа Улсын Их Хурлаас огт батлаагүй Хүн амын орлогын албан татварын тухай гэх хуульд хориг тавьжээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт дурдсан асуудал тус бүрээр дараах тайлбарыг өгч байна. Үүнд:
Нэг. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль:
1.1.“Оюу толгой” ХХК-иас “Рио Тинто” компанид төлөх хүүгийн төлбөрт ногдуулах албан татварыг бууруулсан гэх асуудалд
Хуульд “Оюу Толгой” ХХК болон бусад aшигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг эзэмшигчид хамаарахгүй гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” ХХК-иас “Рио Тинто” компанид төлөх хүүгийн төлбөрт ногдуулах татварт нөлөө үзүүлэхгүй.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2.5-д “aшигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн хүүгийн орлогод 5 хувиар” гэж заасан. Энэ нь дотоодын компаниуд үйл ажиллагаа, засаглалаа сайжруулан, ил тод болгож гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй бонд арилжаалсан тохиолдолд татварын дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн хуулийн зохицуулалт юм.
1.2.Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрэм, зээлийн хүүгийн зардлын хязгаарлалтыг сулруулж, “Оюу толгой” ХХК-ийн татварын алдагдлыг нэмэгдүүлж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулах сөрөг нөлөөтэй гэх асуудалд
Шинээр батлагдсан хуулиар одоогийн “нимгэн капиталжуулалтын дүрэм”-ийг өөрчлөлгүй хадгалсан. Үүн дээр нэмж “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг – BEPS”-ийн зөвлөмжид заасан их хэмжээний зээлийн хүүгийн зардлыг хязгаарлах дүрмийг шинээр тусгасан. Ийнхүү өмнөх зохицуулалтыг чангаруулсан тул “Оюу Толгой” ХХК-ийн татварын тайлангаарх алдагдлыг нэмэгдүүлэхгүй.
Ийнхүү зээлийн хүүгийн зардлыг хязгаарлах 1 бус 2 дүрэм зэрэг үйлчлэхээр болж, одоогийн “нимгэн капиталжуулалтын дүрэм” илүү боловсронгуй болгосон тул татварын суурь бууруулахгүй, татвараас зайлсхийх боломж хаагдах юм.
2006 оны болон 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн харьцуулалт |
||
Одоогийн хуульд | Шинэчлэн батлагдсан хуульд | |
14.2.Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн нийт ажил гүйлгээний энэ хуулийн 14.1-д заасан хасагдах зардлын хэмжээ нь тайлант хугацааны нийт борлуулалтын орлогоос хүү, элэгдэл, хорогдлоос бусад энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан зардлыг хассан дүнгийн 30 хувиар хязгаарлагдана. | Одоогийн зохицуулалттай хамт хэрэгжих BEPS-ийн заалт | |
14.3.Хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид олгосон зээлийн дүн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс гурав дахинаас илүү гарсан бол ийнхүү илүү гарсан зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна. | 14.3.Энэ хуулийн 14.2-т заасныг үл харгалзан хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг гурав дахин нэмэгдүүлснээс илүү хэмжээний тухайн хөрөнгө оруулагчийн зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна. | Одоогийн зохицуулалт хэвээрээ |
1.3. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогод ногдох албан татварыг дордуулсан гэх асуудалд
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар эрх борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулж буй 30 хувийн татвар өндөр байгааг хэлэлцүүлгийн үеэр татвар төлөгчид удаа дараа шүүмжилж, бууруулах саналаа илэрхийлж байсан.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 10 хувь, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар 30 хувийн татвар ногдуулж байгаа нь хууль хоорондын зөрчил үүсэж байгааг уялдуулсан.
1.4.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээр тайлагнахаар зохицуулж, татварын зардлыг давхардуулан хасаж, татвараас зайлсхийх боломж олгосон, татварын тайлагналыг хялбаршуулах хуулийн зорилгыг гажуудуулж, орлого их хэмжээгээр бууруулна гэх асуудалд
Зардлыг давхардуулан хасах нь нягтлан бодох бүртгэл, татварын бүртгэлээр ч хориотой, хуулийн зөрчил учир боломжгүй.
Татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх, хуулийн хийдлийг арилгах, ил тод болгох зорилгоор уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг татвар төлөгчийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүрээр орлого, зарлагаа салгаж татварын тайлан гаргах зохицуулалтыг тусгаж өгсөн. Энэ нь байгалийн баялаг ихтэй бусад улс орнуудад ашиглагддаг татвараас зайлсхийхийн эсрэг, татварын суурийг нэмэгдүүлэх ач холбогдолтой (ring-fencing rule) дүрэм юм. Уг дүрмийг хэрэгжүүлснээр олон тооны ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тэдгээрт хамаарах бүх зардлаа нэгтгэн тайлагнаж, хооронд нь ашиг алдагдлаа шилжүүлэн төлөх татвараа бууруулах боломжгүй болно.
Тайлангийн маягт, тайлангийн хугацаа, тайлагналын системийн хувьд хуульд заасан нийтлэг жишгийг мөрдөх бөгөөд татвараас зайлсхийх явдлыг бууруулах, татварын сууриа хамгаалах хуулийн зорилгод нийцэж байна.
1.5.Арилжааны банкнуудын татан төвлөрүүлсэн эх үүсвэрт хамаарах хүүгийн орлогод ногдуулах суутган татварыг бууруулсан хирнээ иргэн, аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа зээлийн хүүгийн дарамтыг татварын бодлогоор бууруулахад чиглэсэн, оновчтой зөв шийдлийг тусгаж чадаагүй гэх асуудалд
Дотоодын банкнуудын татан төвлөрүүлсэн зээлийн эх үүсвэрийн хүүд ногдох суутган татварыг бууруулах нь иргэн, аж ахуйн нэгжид олгож буй зээлийн хүү бууруулахад чиглэсэн бодлогын хэмжээ юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод 5 хувиар татвар ногдуулахаар тусгасан.
Түүнчлэн, дотоодын аж ахуйн нэгжүүд гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл гаргасан тохиолдолд хүүгийн дарамтыг бууруулж 5 хувь байхаар хуульд тусгасан болно.
Ийнхүү татварын шинэчлэлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүүгийн дарамтыг бууруулахад чиглэгдсэн бодлогын цогц арга хэмжээг тусгасан.
Нөгөө талаас, арилжааны банк татвараас зайлсхийх, зугтах зорилгоор энэхүү заалтыг урвуулан ашигласан тохиолдолд татварын алба хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авах болно.
1.6.Татварын хялбаршуулсан горимд хамрагдсанаар хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй болж байна гэх асуудалд
Жилийн 50 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, хувь хүн өөрийн сонголтоор хялбаршуулсан горимд хамрагдаж болно. Хүсэлт гаргаагүй буюу хялбаршуулсан горим сонгоогүй татвар төлөгч нийтлэг жишгийн дагуу орлого, зарлагаа тайлагнан хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломж нээлттэй.
Хоёр. Татварын ерөнхий хууль:
2.1. Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахад хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг урьдчилж төлөх тухай асуудалд
Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан тохиолдолд хүлээн зөвшөөрөөгүй нөхөн татварын дүнгийн 10 хувийг урьдчилж төлж, хэрвээ татвар төлөгчийн талд гомдол шийдвэрлэгдсэн тохиолдолд урьдчилж төлсөн татварыг алдангийн хамт буцаан олгохоор хуульд тусгасан. Энэ зохицуулалт нь татварын улсын байцаагчийн хариуцлагыг нэмэгдүүлж, үндэслэлгүй акт тавихыг хязгаарлах, татвар төлөгч хугацаа хойшлуулж урт хугацаанд удаа дараа маргаан татварын өрөө төлөхгүй байх, зайлсхийх сөрөг үзэгдлийг хязгаарлах зорилготой зохицуулалт юм. Тухайлбал, татварын нөхөн ногдуулалтын акт үйлдсэнээс хойш 8 жил гаруй хугацаанд татвараа төлөхгүй маргах тохиолдол байна.
2.2.Сангийн сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг хөндөх холбогдох журмуудыг зөвхөн Сангийн сайд батлахаар байгаа гэх асуудалд
Өмнөх хуулиар Сангийн сайдын батлан мөрдүүлдэг байсан дүрэм, журмын тоог өмнөхөөс цөөрүүлж батлан, хууль хэрэглээг энгийн ойлгомжтой болгоно.
Түүнчлэн, Хуулиар эрх олгосны дагуу батлах захиргааны акт Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хуульд нийцсэн байх хуулийн шаардлагатай бөгөөд эрх зүйн зөрчилтэй бол улсын нэгдсэн бүртгэлд бүртгэдэггүй. Иймд Сангийн сайд Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг хөндөж хууль тогтоомжид нийцэхгүй журам батлах боломжгүй. Сангийн яам, Татварын ерөнхий газрын зүгээс татварын багц хуулийг дагаж гарах дүрэм журмын төслийг олон нийтээр хэлэлцүүлж, ирүүлсэн саналд үндэслэн батлах болно.
2.3.Татварын албаны дарга, эрх бүхий албан тушаалтнуудын эрх мэдлийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн олон зохицуулалт хуульд тусгагдсан гэх асуудалд
Шинэчлэн баталсан Татварын ерөнхий хуулиар татвар төлөгч өөрөө тодорхойлж тайлагнасан боловч хугацаандаа төлөөгүй татварын өрийг шүүхийн шийдвэргүйгээр татварын алба хураахаар тусгасан. Одоогийн харилцаанд татвар төлөгчийн нэгэнт хүлээн зөвшөөрсөн өрийг хураах асуудлаар маргаан таслах зөвлөл, шүүхийн 3 шатаар эцэслэн шийдвэрлүүлдэг үр ашиггүй, зардал ихтэй тогтолцоо байна.
Харин татвар төлөгч нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан тохиолдолд маргаан таслах зөвлөл, шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаанд битүүмжилсэн хөрөнгөөс татварын өр гаргуулах ажиллагааг явуулахгүй.
Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллагын шийдвэр гүйцэтгэлийн арга, хэлбэрийг зохицуулах эрх нь нээлттэй тул Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үндсэн үүргийн хүрээнд татвар төлөгчийн төлөхөөр тайлагнасан татвар, татварын албанаас төлүүлэхээр тогтоосон татварыг хураан барагдуулах ажиллагааг хэрэгжүүлэх нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай зөрчилдөөгүй.
Одоогийн болон шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулиар татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчийг хангах, зөвлөгөө өгч үйлчлэх, зөвлөмжгаргах нь татварын албаны үндсэн чиг үүрэгт нийцсэн бүрэн эрх юм.
Ийнхүү татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг зөвлөгөө мэдээллээр хангаж, үйлчлэх ажлыг нэгдсэн журмаар зохицуулалттай болгох үүднээс олон улсад түгээмэл хэрэглэдэг “public ruling” буюу татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх зөвлөмж гаргах харилцааг хуулиар нарийвчлан зохицуулж, шинээр тусгасан. Энэхүү зөвлөмж нь хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргаж буй хэрэг биш юм.
Шинэчлэн найруулсан Татварын ерөнхий хуулийн 78 дугаар зүйлийн 78.3.6-д зааснаар хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээ, тогтворжуулалтын гэрчилгээтэй холбогдох татварын харилцааг тусгасан асуудлаар зөвлөмж хүссэн тохиолдолд татгалзах тул Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар хуульд заасан зөвлөмж гаргахгүй.
2.4.Татварын хөөн хэлэлцэх хугацааг багасгасан гэх асуудлаар
Татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн энэхүү зохицуулалтыг татвар төлөгчдийн саналд үндэслэн Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн үеэр тусгаж шийдвэрлэсэн.
Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсныг 4 жил болгон бууруулсан.
2.5.Татвар төлөх үүрэг бүхий хоёрдогч этгээдийн үүргийн талаар
Татварын өртэй этгээд маргаан шийдвэрлэх хугацаанд өөрийн хөрөнгийг үнэгүй, эсхүл хэт бага үнээр бусдад шилжүүлэн төлбөрийн чадваргүй болох замаар татвараас зугтаж байна. Үүнээс сэргийлэх зорилгоор олон улсын жишиг, туршлагад нийцүүлэн татварын алба хөрөнгийг шилжүүлж авсан этгээдээс шилжүүлэн авсан хөрөнгө, хүчингүй болгосон авлагын хэмжээгээр татварын өрийг хураах бөгөөд хоёрдогч этгээдийн шилжүүлэн авсан хөрөнгө, хүчингүй болсон авлагаас илүү хэмжээгээр хөрөнгө гаргуулахгүй. Ийнхүү зөвхөн шилжүүлж авсан хөрөнгө, хүчингүй болгосон авлагын хэмжээгээр татвар төлөх хоёрдогч үүрэг хязгаарлагдах тул эрх зүйн бусад зохицуулалттай зөрчилдөхгүй.
Монгол Улсын Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-т татвар, төсөв, санхүү зэрэг захиргааны хууль тогтоомжоор зохицуулах болон захиргааны талаар нэг этгээд нөгөөдөө захирагдах эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд Иргэний хууль үйлчлэхгүй гэж тодорхой заасан байдаг тул хуульд заасан татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдийн зохицуулалт нь Иргэний хуультай зөрчилдөхгүй.
2.6.Татварын улсын байцаагч, хураагчийн гаргасан зөрчлийн улмаас татвар төлөгчид хохирол учирсан бол уг хохирлыг гэм буруутай албан хаагч хариуцахаар зохицуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох хэсгийг зөрчиж байна гэх асуудлаар
Татварын улсын байцаагч үндэслэлгүй, эрх зүйн зөрчилтэй нөхөн ногдуулалтын акт үйлдэж татвар төлөгчдийг хохироох явдлаас сэргийлэн, татварын улсын байцаагч, татварын албаны хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой хуулийн зохицуулалт юм.
Шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулийн татварын улсын байцаагч, хураагчийг хариуцлагажуулсан дээрх зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” зэрэг хориглосон зохицуулалттай нийцсэн ба татвар төлөгчдөд үзүүлдэг татварын улсын байцаагчийн хууль бус дарамт, нөлөөллийг хязгаарлахад чиглэсэн зохицуулалт юм.
Гурав. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль:
3.1. Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч хувь хүнийг тодорхойлох зохицуулалтыг сулруулсан гэх асуудлаар
Дэлхийн улс орнууд оршин суугч татвар төлөгчийг тодорхойлох шалгуурыг өөрийн онцлогт тулгуурлан дотоодын хууль тогтоомждоо тусгадаг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад байнга оршин суугч татвар төлөгч 10 хувиар, оршин суугч бус татвар төлөгч 20 хувиар татвар төлөхөөр заасан. Энэ нь татвар төлөгчийг аль болох байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгүүлэх сонирхлыг нэмэгдүүлнэ. Өнөөгийн мөрдөгдөж буй хуульд заасан “орон байртай байх” гэсэн шалгуурыг практикт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байхаас гадна “орон байртай байна” гэдгийг хэрхэн тодорхойлох нь маргаан дагуулдаг.
Давхар татварын хэлэлцээрийн загвар нь улс орнууд хооронд хэлэлцээр байгуулахад ашиглаж болох жишиг баримт бичиг бөгөөд тусгаар улс орнууд заавал дагаж мөрдөх, тэр дундаа дотоодын хууль тогтоомжийг уг загварт нийцүүлэх шаардлагагүй юм.
Түүнчлэн “орон байртай байх” гэсэн шаардлага нь хувь хүн хуулийн дагуу хоёр улсад нэгэн зэрэг оршин суугч болсон тохиолдолд давхар татварын хэлэлцээрийн хүрээнд хэлэлцэн тохиролцогч улсууд татварын давхардлыг арилгах зорилгоор оршин суугч улсыг тодорхойлох шаардлага буюу “tie breaker” дүрмийн нэг хэсэг юм.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвар төлөгч хувь хүн Монгол Улсад 183 хоног ба түүнээс дээш хоногоор ажиллах нь хөдөлмөрийн гэрээ, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр нотлогдож байвал уг албан татвар төлөгч Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчөөр бүртгүүлж болно. Гадаад улсад ажиллаж байгаад эх орондоо эргэн ирж ажиллаж, амьдрахаар бол харьяа татварын албандаа хандан, байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгүүлэх боломж нээлттэй юм” гэжээ.