“Жинст Трэйвел” ХХК нь анх 2006 онд аялал жуулчлалын чиглэлээр 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай аялал жуулчлал хөгжүүлэхэд анхааран орон нутгийн жуулчны баазад түшиглэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Улмаар 2018 оноос цар хүрээгээ хөрш орнуудын зах зээлээр тэлэн Эрхүү хотоос эхтэй аялал, БНХАУын баруун хойд муж улсуудын аяллуудаар өргөжүүлэн ажиллаж байна.
Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудал, шийдэж болох гарц шийдэл, хөрш орны санаачилсан хөгжлийн бодлого дээр тулгуурлан хөгжиж болох боломжын талаар “Жинст Трейвэл” ХХК-ийн хятад зах зээл хариуцсан аяллын зөвлөх, “Хүчит бумба” ХХК-ийн захирал Д.Уранчимэгтэй ярилцснаа хүргэе.
Манай уриа “Бид таны амьдралд өнгө нэмнэ”
-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Аялал жуулчлалын салбарт хөл тавих болсон хүсэл тэмүүлэлээсээ сонирхуулаач?
-Намайг Д.Уранчимэг гэдэг. “Жинст Трейвэл” ХХК-д хятад зах зээл хариуцсан аяллын зөвлөх болон Хүчит бумба ХХК-ийн Захиралаар ажилладаг.Аялал жуулчлалын салбарт анх 1999 онд хөл тавьж өнөөг хүртэл ажиллаж байна. Анх аяллын гараагаа Улаанбаатар зочид буудлын UB Travel агентлагаас эхэлж байлаа.
-“Жинст трейвэл” компани хэзээ байгуулагдаж, үйл ажиллагаагаа хаана явуулж эхэлсэн юм бэ?
-Манай компани анх 2006 онд орон нутагттэр дундаа Завхан аймагт аялал жуулчлалын үйл ажиллагааг хөгжүүлж ирсэн түүхтэй. 2018 оноос эхлэн МАЖХ-нд гишүүнээр элсэн хоёр хөрш орны аялал жуулчлалын зах зээлд тулгуурлан үйл ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлж байна. БНХАУ-ын хувьд баруун хойд хэсгийн муж улсуудын аялал жуулчлалын зах зээлд түлхүү анхааран ажиллаж байгаа нь ч учиртай. Өнгөрсөн жилийн долдугаар сараас Завхан аймгийн Алдархаан сум, Солооны аманд байрлах жуулчны бааз байгаа суурь дээр түшиглэн амралт, аялал жуулчлалын цогц үйл ажиллагаа эрхлэн, 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай тав тухтай, тохилог, орчин үеийн шинэлэг жуулчны бааз байгуулан ашиглалтанд оруулахаар ажиллаж буй. “Бид таны амьдралд өнгө нэмнэ” гэсэн уриан дор аялагч бүрт гэгээлэг дурсамж үлдээхийн төлөө хариуцлагатай, сэтгэлтэй үйлчилгээ үзүүлэхийг зорьж байгаа.
Аялал аялагчдад таатай мэдрэмж төрүүлж чадна
-Олон улсын аялал жуулчлалын экспо жил бүр болдог. Танайх байнга оролцож үйл ажиллагаагаа сурталчлан таниулдаг уу?
-Тийм ээ бид оролцдог. Саяхан гуравдугаар сарын 29-31-нд БНХАУ-ын Шаанси мужийн Шиан хотод зохион байгуулагдсан “Торгоны зам олон улсын аялал жуучлалын экспо 2019” арга хэмжээнд манай компани эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн. Энэхүү ОУ-ын экспортын талаар товч тоон мэдээлэл хүргэвэл:
БНХАУ-ын баруун хойд хэсгийн таван муж болох Гансу, Шинжаан Уйгур, Чинхай, Шаанси, Нинся мужийн аялал жуулчлалын удирдах шатны байгууллагаас эрхлэн зохион байгуулсан юм. Дөрвөн үзэсгэлэнгийн танхимд дэлхийн 42 орон, Хятадын 32 муж, хотуудын 800 орчим үзэсгэлэн гаргагч нар аялал, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан таниуллаа. Үүнд, Шаанси мужын хотууд болон голлох аялал жуулчлалын үзмэрүүдийн павилон бүхий 10000м2 талбайтай үзэсгэлэнгийн 1-р танхим, БНХАУ-ын бусад муж, хотууд болон олон улсын төлөөлөл бүхий үзэсгэлэнгийн 2-р танхим/10000м2/. Шаанси мужийн онцлог илтгэх, өв уламжлал болон соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэнгийн 3-р танхим/10000м2/. 4-р танхимд аялал жуулчлалын салбарт идэвхтэй хөгжиж буй RV аяллын автомашинуудын үзэсгэлэн худалдаа, сурталчилгаа явагдсан. Мөн эдгээр танхимд 7800 орчим хамтын ажиллагааны гэрээ хэлцэл хийгдэж 1815 тэрбум юаний худалдаа албан ёсоор баталгаажсан тоон мэдээ гарсан.
-Аяллаас төрсөн таны сэтгэгдэл, эх орныхоо аялал жуулчлалын салбарт хөгжүүлж болох талаар олж харсан гарц юу байв?
-Олон улсын экспод оролцож эх орноо сурталчлан таниулахын зэрэгцээ бидэнд өнөөдөр яг юу хэрэгтэй байна вэ гэдэг тал дээр нэлээд хэдэн санаа төрсөн. Дээрх таван муж түүх, ёс заншил, хэл соёлоороо бидэнтэй илүү ойр холбогдохоос гадна түүхэн Торгоны Замын маршрут дайран өнгөрдөг газарзүйн тогтоц нь анхаарал татаж байв. Монгол Улсын аялал жуулчлал холын европын жуулчдаас биш, арлын Японы жуулчдаас илүүтэй энэхүү Торгоны зам дэлхийн аяллын маршрутад нэгдсэнээр хөгжих түүхэн болоод орчин үеийн шийдэл байгааг олж харлаа. Үүнд нэгдэхийн тулд салбарын бүх шатны байгууллагууд хамтран ажиллах цаг ирээд байна. Нөгөөтэйгүүр дээр дурдсан таван мужийн аялал жуулчлалын шилдэг үзмэрүүдийг багтаасан аяллын тогтсон маршрут гарган хамтран нэгдэж ажиллах нь илүү ухаалаг алхам болно гэж бодож байна.
-Монгол Улс хоёр том гүрэнтэй улс төр, эдийн засаг, соёлын холбоотой харилцдаг. Сүүлийн үед аялал жуулчлалын чиглэлээр хамтарсан үйл ажиллагаа явуулж харилцааны хүрээгээ ч тэлж байгаа. Танай компанийг өмнөд хөрш рүү дотоод, гадаадын жуулчдыг аялуулдаг гэж сонссон. Аялал хэр сонирхолтой болдог бол гэсэн бодол төрөөд байна л даа?
-Бид үйлчлүүлэгч, амрагчдадаа урд хөршийн бүтээн байгуулалт, хөгжлийн хурдацыг мэдрүүлэх зорилгоор аль болох биед амар, олон төрлийн тээврийн хэрэгсэл хослуулан аялах боломжоор хангахыг хичээдэг. Аялалд дан ганц автобусаар бус галт тэрэг, тэр дундаа өндөр хурдны галт тэргээр зорчих шийдлүүд түлхүү оруулж өгдөг. Аялагчдыг аль болох тохь тухтай байлгаж, алжаал, стресс тайлах байдлаар шийдэж өгсөн нь бусад ижил төстэй аяллуудаас ялгарах онцлог давуу талтай. Дэлхийн найм дахь гайхамшиг болох Шиан хотын шилдгийн шилдэг үзмэрийг аялагчид өөрийн нүдээр харах, бишрэн хүндлэх сайхан мэдрэмжийг ч бас бэлэглэх юм. Хамгийн гол нь бидний аяллын үнэлгээ ашиг дээр бус аялагчдад мэдрүүлэх таатай мэдрэмж дээр тулгуурлах юм. Нэг үгээр хэлбэл аялагчдын авсан тэр мэдрэмж эргээд эх орны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах учиртай. Аяллын тухай мянган мянган, янз бүрийн мэдээлэл байдаг. Тэр бүхнийг унших, сонсох хангалтгүй юм. Тиймээс аялахыг хүссэн хүн бүхэн өөрийн биеэр очиж үзэж л байж жинхэнэ утгаар нь амтыг нь ойлгож мэдэрч чадна.
Манай шинэхэн мэндэлээд бүртгэл хийгдэж буй аяллын маршрут болон агуулга
Их гэгээнтэн богд зонхАБА-ын төрсөн нутАг ГҮНБЭМ-ийн номын лекц, мөргөлийн аялал
Бурхан Буддагийн иш үзүүлснээр Богд Зонхаба Цастын орон Төвдөд мэндэлж, 1357-1419 онд амьдарч байв. Түүнийг мэндлэхэд эхийн цусны нэг дусал газарт дуссанаас хожим энэ газраас бум буман навчтай цагаан зандан мод ургасан түүхтэй. Хожим нь III Далай лам Сономжамц, энэ эрдэнийн модыг тахил өргөж, хүндэтгэж бишрэх учиртай мод хэмээгээд, түүнийг байрнаас нь шилжүүлэн, олон тооны эрдэнэсийн чулуун чимэгтэй мөнгөн суварганд залж, тахил өргөлийг ихээр өргөсөн байдаг. Энэ хийдийг Гүмбэм хийд буюу Буман лагшинт асрангуйн хийд гэдэг.
- 3500 лам ном хурдаг байсан гэх Майдар бурхны дацан
- Дэлхийг нуруундаа тээж яваа яст мэлхий
- Алдарт найман Найдангийн зээгт наамал /эх хувиар/
- 134 кг алтаар дээвэрлэсэн Зонхабагийн сүм
- Шашны түүхэнд гурван том Зуу байдгийн нэг мөнгөн Зуу
- Байгалийн амьд модоор тулгуур хийсэн Майдарын 12 насны шуумалтай дацан
- Богд Зонхабагийн зүүдээр хийсэн тосон цэцгийн сүм
- Төвдийн урлагийн 3 гайхамшиг гэх мэт
Аялалд хамрагдах үйл явц:
Нэг. Бүргэл байнга явагдана /цахим болон утсаар/
Хоёр. Бүртгүүлснээс хойш ажлын 3 хоногт багтаан бүртгэлээ баталгаажуулна.
Гурав. Аяллын даатгалд хамрагдах
Дөрөв. Аяллын гэрээ байгуулж, Аян замын засал хийлгэн, Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөр авч бэлтгэл хэрхэн хангах талаар зөвлөгөө авах
Хоёр хөршид тулгуурлан хөгжлийнхөө бодлого гаргах нь бидэнд ашигтай
-Монгол Улсын аялал жуулчлалын салбарт дахь хөгжлийн гарц юу вэ?
– Монгол улсын газарзүйн тогтоц өөрөө энэхүү асуултад тов тодорхой хариулт өгсөөр удлаа. Хөгжлийн хурдац нь улам бүр товчлогдон буй дэлхий ертөнцөд бид Монгол Улсын гэх газар нутаг, эх хэл, “нүүдэлчдийн” хэмээх түүхэнсоёлоороо танигдан мал аж ахуй, газрын баялаг дээр тулгуурлан амьдрах нь улам л хангалтгүй болоод байна. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” хоёр хөршийнхөө бодлого дээр тулгуурлан, дэмжсэн байдлаар өөрсдийн хөгжлийн бодлогоо гаргаж ирэх нь бидэнд л ашигтай. Урд хөрш зөвхөн өөрсдийн хил хязгаар, Ази тивээр зогсохгүй дэлхийн улс орнуудын ирээдүйг хэдэн арван жилээр урьдчилан харж хөгжлийн бодлого, хөтөлбөрөө боловсруулан түүхт Торгоны замаар нэрлэсэн нь цаанаа нэгийг хэлээд байх шиг. Бид ганц уул уурхай дээрээ хөгжөөд ч байгаа юм шиг, уруудаадч байгаа юм шиг их удаан гацлаа. Үнэнийг өгүүлэхэд бидэнд шинэ хөгжлийн гарц , хөгжлийн цогц бодлого үгүйлэгдэжбайна. Монгол Улсын бүхий л салбар тэрхүү цогц бодлогоор дамжуулан өөр хоорондоо үйл ажиллагаа, зорилго, амжилтаараа нэгдэж, эх орныхоо хөгжлийг тал бүрээс нь дэмжин гаргаж ирэх хэрэгтэй. Товчхон хэлбэл ТОРГОНЫ ЗАМ хөгжлийн бодлогод тулгуурлан гарч ирэх нь тун зөв юм. Учир нь ТОРГОНЫ ЗАМ санааг анх үүссэн цагаасаа л өргөн хүрээнд тив тивийн улс орнууд, баялаг бүтээгч салбаруудыг хамран дэлхий нийтийн глобалчлалыг түүхэн зүй тогтолтойгоор орчин үеийн шинэлэг санаагаар баяжуулж ирсэнд оршиж буй юм.
-Таны бодлоор Монгол улсын аялал жуулчлалын салбарт гарцаагүй хийгдэх, хүлээгдэж буй ажил, тулгамдсан ямар асуудал, бас шийдэж болох ямар шийдэл байна вэ?
-Бидний цаашдын аяллын төлөвлөгөөнд Шинжаан Уйгурын нууцлаг байгалийн тогтоц бүхий үзмэрүүд, Хөх нуур, Нинся мужийн Улаан хэрэм, Гансу мужийн Дунхуанг зэрэг гайхалтай аяллын үзмэрүүд байгаа.
Аялал жуулчлалын салбар нь дэд бүтэц ялангуяа Иргэний Нисэхтэй шууд хамааралтай тул бид БНХАУ-ын баруун хойд мужууд тэр дундаа эртний түүх дурсгалаар дүүрэн хот болох Шиан руу шууд нислэгийг жуулчны ид ачаалалтай байдаг саруудад хийж эхлэх нь тэнд буй олон улсын аялагчдын тоог нааш нь татах, Монголоос гарцтай болгоход нөлөөтэй юм. Түүнчлэн хилээр орох гарах, жуулчин ангиллын зөвшөөрлийг хурдан шуурхай бүрдүүлэх, Монголыг зорин ирж буй жуулчдад давуу тал бий болгох тал дээр хил, гаалийн болон салбарын удирдах байгууллагууд анхаарал тавьж ажиллахыг хүсэж байна. “Монголд аялъя” үндэсний компанит аян зарлан мөрдөн хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй. Мөн хамгийн их анхаарч хэрэгжүүлэх зүйл бол тогтсон аяллын маршрут бий болгон зөвхөн тухайн маршрутын дагуу аялуулахад аялал жуулчлалын байгууллагуудын нэгдсэн зохион байгуулалт юу юунаас илүү чухал болоод байна. Монголчууд бид эвсэн нэгдсэн үедээ илүү хүчтэй байдаг шүү дээ.