Парламент дахь САЛААВЧНЫ ТӨГӨЛДӨРШИЛ

С.Баярыг эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдын албаа өгч чөлөөлөгдөхөд УИХ-ын гишүүд алга ташин үдэж байв. Заримынх нь нүдэнд бараг л нулимс цийлэгнээстэй. Улстөрчдийн маргаан, мэтгэлцээн голдуу өрнөдөг парламентын танхимд буялуу хувааж томилгоо хийхээс бусад үед иймэрхүү найрсаг уур амьсгал ховор тохиолддог л доо. Олонх цөөнхөөрөө хуваагдчихаад хэл амаа билүүддэг байсан УИХ эдүгээ нэг намын үнэмлэхүй олонхоос бүрдэж байгаа хэрнээ хоорондоо алалцаад, засгаа огцруулаад, спикерээ хөөж явуулаад сууж байдаг болсон.

2012 оны сонгуулийн дараа эрхэм гишүүн Г.Баярсайхан одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй муудалцаад ам руу нь салаавч өгөв. У.Хүрэлсүх гишүүн ч хариуг нь дор нь барьж шанаадаж унагасан. Төд удалгүй У.Хүрэлсүх гаргасан үйлдэлдээ уучлал гуйн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж ёс зүйн хариуцлага хүлээсэн юм. Тэрний өмнөх парламентад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж залуу гишүүн Ж.Сүхбаатарыг Төрийн ордны хонгилд зангиагаар нь боож унагаж байлаа. Ж.Сүхбаатар залуу, хүлээцтэй тулдаа энэ хэрэг тэгсхийгээд намжсан.

“Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу салаавчаа гаргачихаад толины өмнө бүжиглээд зогсож байсан удаа бий. Тэрбээр хэн нэгэнд зориулаагүй ч УИХ-ын гишүүн хүн салаавч гаргасан байхыг тухайн үед олон нийт лав л таатай хүлээж аваагүй. Гурав дахь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга асан Н.Энхбаяр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан руу салаавч өгөөд хэвтэж байсан өдрүүд саяхных. Нийтийн дууны од С.Жавхлан гишүүн ч хааяадаа салаавч гаргачихдаг, зураг нь интернэт орчинд ил тод цацагдсан.

Төрийн өндөр алба хашиж байгаа эрхмүүд салаавч гаргахаар бусдадаа дандаа муу нөлөө үзүүлдэг. Сая нэр дурдсан гишүүд салаавч гаргасны дараа Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат салаавч гаргасан зурагтай сэтгүүл гаргаж олныг цочоосон. “Бөөрбөөри” брэндээр гангарсан Баярцогт гэдэг залуу шаардлага тавьсан замын цагдаа руу бас л салаавч үзүүлсэн. Овоо гайгүй сийрэг толгойтой гэгддэг “Хас”-ын Ч.Ганхуяг гэнэтхэн Төрийн ордон руу харж байгаад салаавч үзүүлсэн. Сангийн дэд сайд байсан хүн шүү дээ.

Салаавч заримдаа дунд хуруугаар үргэлжлэх нь бий. Төрийн ордонд болсон улс төрийн намуудын уулзалт дээр нэг бүсгүй дунд хуруу гаргасан. Дараа нь сонсоход нэг намын том дарга байсан. Түүнийг дунд хуруу гаргахын өмнө УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ бас энэ үйлдлийг хийсэн гээд хэсэг шуугиад өнгөрсөн. Ер нь салаавч, дунд хуруу гаргаж байгаа хүмүүс УИХ-ын гишүүд тэгсэн юм чинь би яагаад болохгүй гэж гэсэн барьцсан хандлагатай.

 

Энэ долоо хоногт УИХ-ын эрхэм гишүүн, үндэсний бөхийн дархан аварга А.Сүхбат Төрийн ордонд салаавч гаргаж улстөрч ах нарынхаа ёс зүйгүй авирын буухиаг залгууллаа. Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ төмсөг рүүгээ өшиглүүлж, бужигнуулж явсан мань эр Төрийн ордонд, Байнгын хороо хуралдаж байхад салаавчаа хэдэнтээ гарган ид хаваа гайхуулав. Б.Пүрэвдорж гишүүнд зориулсан түүний салаавч А.Мурат гишүүний аманд ч давхар оров. Аргагүй л аварга хүн шиг даацтай гаргаж байдаг шүү. Салаавчны халдвар хурдцтайгаар тархдаг гэдгийн баталгаа энэ байлаа.

А.Сүхбат бол төрийн түшээ байтугай улстөрч ч болж амжаагүй яваа зодгоо тайлсан бөх шүү дээ. Б.Пүрэвдорж гишүүн рүү салаавчаа мянган удаа гаргасан ч ЖДҮ-гийн зээлэнд эрх мэдлээрээ далайлган гар дүрж, иргэдийнхээ боломжоос хулгайлсан муу нэр нь яаж арилах билээ. Булхайг нь ил хэлсний төлөө салаавчаар хариу барьж байгаа нь ямархуу ёс зүйтэй болохоо хэмжүүлчихэж байгаа хэрэг. Өөртөө зориулж хууль батлуулж байгаад дархан аварга болсон тэрбээр олон жил ужгирч, эцэстээ хаалгаа барихад хүрсэн Бөхийн өргөөний хэрүүлд хүртэл оролцож явдаг нэгэн.

УИХ-аас 2009 онд УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг батлан гаргажээ. Ийм дурэмтэй болох талаар 2000 оноос ярьж эхэлсэн ч дарга нарын дэмжлэгийг авахгүй 9 жил дуншсан гунигт түүх байдаг. Ёс зүйн хувьд дандаа асуудалтай хүмүүс төрийн эрх барих дээд байгууллагад орж ирдэг болохоор яаж ч дэмжигдэх вэ дээ. Шүдгүй арслан гэдэг шиг ямар ч хүчгүй нэг дүрэм 2009 онд батлах нь баталсан. Төрийн өндөр албан тушаалтнууд олон нийтэд сайн жишиг үзүүлж амьдрах ёстой, Монголын төр ариун байх ёстой  учраас ёс зүйн дүрэм баталсан гэх тайлбарыг тухайн үед дагалдуулж байв.

Баталсан өдрөөсөө тоосонд дарагдан мартагдсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд  http://www.parliament.mn/n/joey бусдын алдар хүндийг хүндэтгэх, хүндэтгэлтэй хандах, биеэ зөв авч явах гэх мэтчилэн маш олон зохицуулалт байх юм. Харамсалтай нь энэ дүрмийг мөрддөг байтугай мэддэг гишүүн одоогийн УИХ-д хуруу дарам цөөн ажээ. Тэгээд ч анхнаасаа улстөрчдийн “хүсээгүй хүүхэд” буюу ёс зүйн дүрэм нь хариуцлага тооцох боломж тун ч бага байхаар баталсан учраас парламентад хулгай, гэмт хэрэг цэцэглэж байгаа нь нууц биш. Хуралдаандаа согтуу суух, гаргасан саналынхаа эсрэг кноп дарах зэргийг бол одоо бид бараг тоохоо больж байна.

УИХ-д нэр дэвшээд сонгогчдоос санал гуйгаад очихоороо нүүрээ угааж, нүдээ бүлтэртэл гоёдог 76 маань ёс зүйн хувьд ийм л дорой, доод төвшинд байдаг ажээ. Улстөрчдийн төлөвшил, ёс суртахуун, хүмүүжил төрийн жолоо атгалцахад хамгийн чухал гэдгийг ойлгодоггүй, тараасан мөнгөөр нь саналаа худалдчихаад дүлий дүмбэ оргин суудаг бидэнд ч бас буруу бий. Сонгуулийн тойргийг жижиглэн хуваасан нь хэн мөнгөтэй нь, эсвэл нүд рүү харж байгаад худал ярих чадвартай (популист)-уудыг Төрийн ордонд бөөндсөн. Өмнөх сонгуулиар оймсонд хавчуулагдаж орж ирсэн хэдээсээ улам дордуулсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар ёс зүйгүй авирладаг гишүүдтэйгээ хариуцлага ярьж, Ёс зүйн дэд хороогоо хуралдуулах цаг болжээ. Хүний өмнөөс санал өгдөг “төгөлдөр хуурчин” гишүүдийн үйлдлийг хурууны хээгээр санал өгүүлдэг болгож журамласан. Үүнийг магтууштай. Одоо харин бие бие рүүгээ салаавч үзүүлээд сууж байдаг гишүүдээ цэгцэлж авъя. Ёс зүйн дүрэмд зааснаар бол гишүүдэд сануулга өгөх, тойргийнх нь сонгогчдод захидал бичих зэргээр хүсэл байвал хариуцлага тооцох боломж бий. Унасан бөхдөө тахимаа биш шанаа өгдөг болсон бөхийн завхрал шүүмжилсэн нэгэндээ салаавч үзүүлдэг төрийн “ёслол” болж төгөлдөрших дээрээ тулжээ. Салаавч төрийн ордон дотор ч, гадаа ч битүү байна.

Б.ТҮВШИНТӨГС

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...