Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, түүний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвөөс санаачлан НДЗДТГ, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран энэ сарын 04-нд “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ийг амжилттай зохион байгууллаа.
Налайх дүүргийн ЕБС-иудын 9-12 насны сурагчдын дунд анх удаа зохион байгуулсан тус тэмцээнд 109 дүгээр сургуулийн 3 баг, 119 дүгээр сургуулийн 5 баг, 103 дугаар сургуулийн 3 баг, “Эрдмийн оргил”цогцолбор сургуулийн 5 баг, “Голомт” цогцолбор сургуулийн 4 баг, Албан бус насан туршийн боловсролын төвийн 1 баг, “Чандмань-Эрдэнэ” шашны бүрэн дунд сургуулийн 1 баг, “Хос-Уянга” сургуулийн 1 багийн нийт 184 хүүхэд оролцлоо.
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд НДЗДТГ, НШЭНТ, Налайх дүүргийн ЭМТ-өөс хамтран хийж буй тус ажлыг Тайваны хүүхэд, гэр бүлийг дэмжих сан, “Таван богд интернейшнл” ХХК “Colgate” бүтээгдэхүүн, “Good neighbors” ТББ, “Монфреш” ХХК-иас дэмжиж шилдгээр шалгарсан таван 5 баг, мөн шүдээ хамгийн сайн угаасан гурван хүүхдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан юм.
Түүнчлэн тэмцээний удирдамжийн дагуу нэгдүгээр шатанд шалгарсан 40 хүүхэд энэ сарын 30-нд болох хоёрдугаар шатны тэмцээнд оролцохоор болжээ.