Баян-Өлгий: Тахлаар нас барсан иргэд гэдэсний болон булчирхайн хэлбэрээр өвчилжээ

Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд тарваган тахал өвчнөөр хоёр хүн өвчилж нас барсантай холбогдуулан тус аймгийн Онцгой комисс хуралдаж, Гамшгаас хамгаалах мэргэжлийн байгууллага болон хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт хорио цээрийн дэглэмийг  чанд сахиж, хяналтын цэгээс нэг ч хүнийг оруулж  гаргахгүй байхаар үүрэг өгчээ.

Мөн Өлгий сумаас орж гарах 9 чиглэлд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарын орон байр, хоол хүнсний асуудлыг маргааш 15:00 цаг хүртэл шийдэж,  хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосон байна.

Үүний дараа  Казахстан, ОХУ- руу явж Ташаантын боомт дээр буцаж ирээд байгаа иргэдийн асуудлыг хэлэлцсэн ба эдгээр хүмүүсийг хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд голомт бүсээс дамжин өнгөрүүлэхгүйгээр Улаанбайшинтын боомтод нэгдсэн хяналтанд байлгахаар шийдвэрлэлээ.

Тус аймагт 2019 оны 04-р сарын 30 өдрөөс эхлэн 6 хоног Цагааннуур тосгон, Өлгий сум, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хорио цээрийн дэглэм тогтоож, орж гарах бүх хөдөлгөөнийг болон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.

Тарваган тахал нь уушгины, булчирхайн, залгиур хоолойн, гэдэсний, арьсны гэсэн 5 хэлбэрээр өвчилдөг бөгөөд иргэн “Т” нь гэдэсний, Иргэн “Р” булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь Зооноз өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээгээр тогтоогджээ.
Уг өвчнөөр өвчилж нас барсан иргэдийн 1-р хавьтагч болох хүмүүсийг байнгын эмчийн хяналтанд байлгаж, өдөрт 3-4 удаагийн үзлэг хийж, зохих шинжилгээг авч, эмийн эмчилгээг хийж байгаа ба одоогоор өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өглөө.
Мөн тарваган тахлын халдварын нууц үе 6 хоног байдаг ба энэ хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй дахин тохиолдол бүртгэгдээгүй бол хорио цээрийн дэглэмийг бууруулна гэв.
Түүнчлэн иргэдэд сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй, мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагаж хамтарч ажиллахыг зөвлөсөн юм.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тарваган тахлаар далимдуулж үнэ хөөрөгдөхгүй байхыг анхаарууллаа

Баян-Өлгий аймагт тарваган тахал өвчин гарч хөл хорио тогтоосонтой...