“Барилга Эм Эн” ХХК-аас санаачлан Барилга, хот байгуулалтын яам, Монголын Барилгын үндэсний ассоциаци, Барилгын хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулж буй “Barilga expo-2019” олон улсын үзэсгэлэн, яармаг өнөөдөр үүдээ нээлээ. 12 дахь жилдээ нээлтээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд БХБ-ын сайдын зөвлөх Н.Ганбаатар, “Барилга.ЭМ ЭН” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Батсүх, Монголын Барилгын үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Мальдив Улсын Барилгын үйлдвэрлэлийн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч, Ази ба баруун номхон далайн орнуудын гэрээлэгчдийн ассоциацийн олон улсын нийгэмлэгийн ерөнхийлөгч Мохамед Али Жана болон холбогдох албаны бусад хүмүүс, гадаад дотоодын зочид төлөөлөгчид оролцсон байна.
Барилгын материал дэвшилтэт технологийг танилцуулж буй энэ удаагийн үзэсгэлэн яармагт Монголын барилгын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудаас гадна манай улсын зах зээлд нэвтэрч, шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнээ танилцуулах зорилгоор Итали, Герман, Польш, Чех, Турк, Япон, Солонгос, Орос, Хятад, Тайван зэрэг орны тэргүүлэгч үйлдвэрлэгчид оролцож байгаа ажээ. “Barilga expo-2019” олон улсы үзэсгэлэн, яармагт нийт 220 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцож гурван өдрийн турш үйл ажиллагагаа, бараа бүтээгдэхүүнээ танилцуулна.
Экспогийн үеэр барилга, байгууламжийн суурь тавихаас эхлээд түлхүүр хүлээлгэн өгөх хүртэлх бүхий л шатны үйл ажиллагаанд хэрэгцээтэй материалыг олж авах боломжтой. Цаашилбал, амины орон сууц, хаус барихад хэрэгтэй, шаардлагатай бараа материалын талаарх мэдээ мэдээллийг хөнгөлөлт урамшууллын хамт авах юм байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Барилга Эм Эн” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Батсүх, Тайванийн “Тайвань Трейд Шоу” байгууллагын ерөнхийлөгч Виллиам Чой нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Түүнчлэн БХБЯ, МБҮА, МБМҮХ, “Барилгачин групп”, Барилгын сургалт хөгжлийн академиас холбогдох сэдвүүдийн дагуу үнэ төлбөргүй сургалт семинар зохион байгуулж байна. Барилгын тусгай зөвшөөрөл хэрхэн авах, барилгын материалын өнөөгийн чиг хандлага, шинэ бүтээгдэхүүн, технологи танилцуулах сургалт, амины орон сууцны шийдлүүдийн танилцуулга, ХАБЭА-н ажилтанд тавигдах шаардлага гэх мэт сонирхолтой олон сэдвийн хүрээнд мэргэжлийн хүмүүсийн илтгэл тавигдах гэдгийг зохион байгуулагчид хэллээ.
Ийнхүү хэрэгцээт мэдээ мэдээлэл, бараа бүтээгдэхүүнийг сонирхохын зэрэгцээ онцгой хөнгөлөлт урамшууллыг “Barilga expo-2019” үзэсгэлэн, яармагаас авах боломжтой ажээ.
Г.Батсүх: Барилгын салбарын бүтээн байгуулалт өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдэнэ
“Barilga expo-2019” олон улсын үзэсгэлэн, яармагийг санаачлан зохион байгуулагч “Барилга.ЭМ ЭН” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Батсүх,
-Энэ жилийн экспод 220 гаруй ААН, гадаадын шилдэг техник, технологи нэвтрүүлэгч, барилгын материал үйлдвэрлэгчид оролцож бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Мөн Монголын үндэсний барилгын материал үйлдвэрлэгчид оролцож өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний танилцуулж байна. Мөн амины орон сууц барьдаг компаниуд оролцож эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн амины орон сууцуудыг танилцуулж, иргэдэд мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байгаа.
2019 онд эдийн засгийн өсөлт тэлж байгаа. Үүнийг дагаад барилгын салбарт өмнөх оноос бараг хоёр дахин их бүтээн байгуулалт явагдахаар байна. Энэ бол үйлдвэрлэгч ханган нийлүүлэгчдэд том боломж гарч ирж байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор орон сууцны эрэлт нэмэгдэж байна. Тиймээс энэ хоёрдугаар улирлын сүүлчээс барилгын салбарын бүтээн байгуулалт нэлээд эрчимжих байх хэмээн ярилаа.