Хаваржилтын байдалтай танилцах, бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэх ажилтай танилцах зорилгоор ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Мал аж ахуйн бодлогын газрын дарга Д.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй баг 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллав.
ХХААХҮ-ийн сайд тус аймгийн Сэргэлэн сумын бэлчээрт аймаг орон нутгийн төсвийн 207 сая төгрөгөөр бактержуулсан бэлдмэл худалдан авч үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх ажил зохион байгуулж байгаатай танилцлаа. Тус сумын бэлчээрийн 215 мянган га талбайд үлийн цагаан оготно тархан хөнөөл учруулж байгаагаас 2019 оны орон нутгийн төсвөөс 20 мянган га талбайд буюу 9.3 хувьд тэмцэх ажил зохион байгуулж байгаа нь энэ байлаа. Орон нутгийн мэргэжилтнүүд тэмцэх ажлын үр дүнд сэтгэл хангуулан байлаа. Тэд хаврын улиралд бэлчээрийн ногоо ургахаас өмнө бактержуулсан будаа ашиглан тэмцэх нь үр дүнтэй гэж үзэж байна.
Энэ үеэр салбарын сайд улсын төсвийн хөрөнгөөр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын хөрөнгийг шийдвэрлэж байгаа тухай болон цаашид тэмцэх ажлыг хэрхэн явуулах талаар чиглэл өгөв. Төв аймгийн бэлчээрийн 42 мянган га талбайд тэмцэх ажил зохион байгуулахаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай гэрээ байгуулж байгаа тухай мэдээллийг орон нутгийн мэргэжилтнүүд, малчид, иргэдэд танилцууллаа.
Үүний дараагаар ХХААХҮ-ийн сайд Төв аймгийн Сэргэлэн сумын улсын аварга малчин Бундагын хотонд зочилж мал төллөлт, хаваржилтын байдалтай газар дээр нь танилцлаа. Аварга малчин Бундагынх бэлчээр сэлгэн нүүдэл хийгээд дөнгөж төвхнөж байсан юм. Тэднийх энэ жил нийт 500 гаруй бог мал төллүүлэхээс өнөөдрийн байдлаар 90 гаруй хувь нь төллөлж төл бойжилт мөн 95 гаруй хувьтай байгаа тухай ярьж, энэ жил ноолуурын ханш 130 мянган төгрөгт хүрч байгаад талархалтай байгаа тухайгаа илэрхийлэв.
Малчны хотонд зочлох үеэр бэлчээрийн тухай хуулийн төсөл, малчдын залгамж халгааг бэлтгэх, отор нүүдэл хийх зэрэг цаг үеийн болоод бусад асуудлаар санал солилцож яриа өрнүүллээ. Малчид бэлчээрийн газраа хашихгүй байх, бэлчээрт гаргасан худгийн ашиглалтыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг үнэтэй байлгах, малыг эдийн засгийн эргэлтэд тогтмол оруулдаг байлгах зэрэгт анхаарч ажиллахыг хэлж байлаа.
Харин ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан бэлчээрийн газрыг хашихгүй, зөвхөн гэрээний үндсэн дээр ашиглаж бүтээмжийг сайжруулахад бэлчээрийн тухай хуулийн төсөл чиглэж байгааг хэлээд бэлчээр дэх худаг, уст цэгийг өөриймсөг сэтгэлээр хандаж ашиглах, малчид хэсэг бүлгээрээ нэгдэн усгүй бэлчээрт гар худаг гарган түүнийгээ дундаа хэрэглэх, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үнэтэй байлгаж түүнээс олох орлогыг нэмэгдүүлэх нь залуучуудыг мал аж ахуйд сонирхолтой болгох эдийн засгийн хөшүүрэг байж болох тухай танилцуулав.
Төв аймаг 2019 онд төлийн хорогдол тун бага /0,04%/, төл бойжилт бараг 100 хувьтай, ихэрлэлт ихтэй хэвийн хаваржилттай байлаа. Тэд бэлчээр нутгаа хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах чиглэлээр тодорхой ажлыг хийж, цаашид улам сайжруулахаар ажиллаж байна.