Нийслэл өнгөрсөн долоо хоногт төсвөө тодотгож, бүтцээ шинэчлэн баталлаа. С.Зоригийг бүрэлгэсэн хэргээр ял эдэлж байгаа хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэг, хууль хүчний байгууллагуудын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр халж сольдог болох хууль гээд улс төрийн олон шуугмант үйл явдөл өрнөсөн учраас олон нийт нийслэлийн бүтцийн өөрчлөлтийг төдийлөн анзааралгүй өнгөрөх шиг боллоо.
Шинэ бүтцээр нийслэлийн Засаг дарга Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан гэсэн албан ёсны хоёр орлогчтой ажиллана. Үүний хажуугаар Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслийн удирдагч, Инноваци технологийн хөгжил хариуцсан Төслийн удирдагч, Агаар орчны бохирдол хариуцсан Төслийн удирдагч, Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч гэсэн тус бүр чиглэл хариуцсан дөрвөн удирдагчтай ажиллахаар болов.
Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байсан хэрэгжүүлэгч 33 агентлагаас Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Залуучдын хөгжлийн газар гэсэн хоёр газрыг нэгтгэж, Гэр бүл хүүхэд залуучуудын газар болгон өөрчиллөө. Шинээр Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар гэсэн хоёр агентлагийг байгуулснаар нийт 34 агентлагтай байна.
Улаанбаатар хотын толгойн өвчин болоод байгаа замын түгжрэлийг нийслэл анх удаа агентлагийн төвшинд авч үзэж байгааг онцлох хэрэгтэй болов уу. Замын хөдөлгөөний хэт ачааллыг өмнө нь Засаг даргын орлогчийн, Ажлын хэсгийн төвшинд хариуцдаг байв. Энэ нь заримдаа хүчгүй, олон байгууллагын төлөөлөл ордог учраасм ажлын уялдаа холбоо тааруу, цаг алддаг сул талтай байсан гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Нийслэлийн шинэ бүтцээр замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалтыг хариуцдаг, товчхондоо бол мэргэжлийн хүмүүсээр бүрдсэн агентлаг ажиллахаар болж байна.
Улаанбаатарыг стандартгүй хот гэж шүүмжлэх нь бий. Хаягжилт, явган хүний зам, хүүхдийн аюулгүй орчин, гэргэлтүүлэг, ногоон байгууламж гээд алхам тутамд эмх замбараагүй байдал нүүрлэж, нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигддөг. Хотдоо хоноцын сэтгэлээр ханддаг байсан албан тушаалтнуудаас болж Улаанбаатар хотын хөгжил хэдэн арван жилээр хоцрогдчихсон нь нууц биш. Хотын хөгжлийг зөвхөн сонгуулийн 4 жилээр хардаг байсанд ч энэ хоцрогдлын учир шалтгаан оршиж буй.
Харин нийслэлийн бүтцэд анх удаа Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар нэртэй агентлаг ажиллахаар батлагдлаа. Ийм агентлагтай болсноор Улаанбаатарын хөгжлийг 4 жилээр харахгүй, 40 жилээр харж төлөвлөх боломж бүрдлээ. Нийслэлийн иргэд амьдрах орчныхоо стандартыг хангуулахыг төр, засгаас шаардах эрхтэй болно. Бас хамтдаа хяналт тавих хэрэгтэй. Шинээр өрхөө татаж байгаа энэ хоёр агентлаг яг нэр шигээ ажиллаж чадвал нийслэлийн иргэд түгжрэлгүй хотод стандартаа мөрдөөд айх аюулгүй амьдарч чадна.
Э.Маргад