БНСУ-ын цагдаагийн байгууллага 1600 орчим хүнийг зочид буудалд байхад нь нууцаар бичлэг хийж, бичлэгээ төлбөртэй бичлэг үзүүлдэг сайтад тавьсан дөрвөн залууг баривчилжээ. Тэд БНСУ-ын 10 гаруй хотын 30 зочид буудлын 42 өрөөнд хууль бусаар нууцаар камер байрлуулан түүнийгээ сайтаар дамжуулан зарж байсан аж. Тодруулбал, зочид буудлын телевизийн бокс болон ханан дахь залгуур, үсний сэнсний тавиур зэрэгт 1 мм линз камераа байрлуулж бичлэгээ хийдэг байжээ.
Залуусыг мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэ хэрэгт зочид буудлууд оролцоотой эсэхийг давхар шалгаж байгаа юм байна.
Сэжигтнүүдийн бичлэгээ оруулдаг сайт нь 11 дүгээр сард байгуулагдсан, 4000 гишүүнтэй, үүнээс нь 97 нь сар бүр 44,95 долларыг гишүүн байсныхаа төлөө төлдөг байжээ. Бичлэгийг 30 секунд үзэхэд үнэгүй байдаг аж. Нийт 803 бичлэг сайтад байршсан гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө.
Нууц камер байрлуулж бичлэг хийж байсан гэмт хэргүүд өмнө нь гарч байсан ч бичлэгээ интернэтээр шууд дамжуулдаг хэрэг анх удаа гарч байна гэж БНСУ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэх газраас онцоллоо. Тэд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн нууцаар бичлэг хийсэн бөгөөд хууль бус энэ үйлдлээрээ 6200 орчим доллар олсон гэсэн мэдээлэл байна.
Иймэрхүү төрлийн хэрэг БНСУ-д гарах нь элбэг бөгөөд 2012 онд 2400 ийм хэрэг бүртгэгдсэн бол 2017 онд энэ тоо 6400 хүрч өсчээ. Ийм гэмт хэргийн эсрэг солонгосын эмэгтэйчүүд “Миний амьдрал чиний порно биш” уриатай эсэргүүцлийн жагсаалыг өнгөрсөн жил хийж байсан ч удаатай. Учир нь нууцаар энэ төрлийн бичлэг хийсэн гэмт үйлдлүүдийн дөнгөж 2 хувь нь шүүхээр шийтгүүлдэг байна.
Энэ хэрэгтэй холбоотойгоор тус улс эмэгтэй мөрдөн байцаагч нарын багийг байгуулж, хотын нийтийн угаалгын газруудад ажиллуулах болсон байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард өмнөд солонгосын нэгэн порно сайтын эзэнд шүүхээс 4 жилийн ял оноож, 1,26 сая долларын мөнгөн торгууль ногдуулсан байдаг.Сайтын эзэн эмэгтэй хүн байсан бөгөөд 80 цагийн секс бичлэг хйисэн байдаг.