Эмэгтэй хүний зураг ашиглан хуурамч хаяг зориуд нээж, тодорхой хэмжээний төлбөр аваад “Video call хийнэ”, “Видео чат” хийнэ гэх мэт утгатай зарыг та магадгүй нүүр номоос харсан байх. Тэгвэл ийм зарыг фэйсбүүк группуудэд байршуулж залилан хийдэг 20 настай залууг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн баривчилжээ.
Тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд урьдчилгаа мөнгө авах замаар бусдыг залилан мэхэлдэг, мөн хохирогч өөрийн жинхэнэ хаягаар харилцсан тохиолдолд бичсэн чат мэдээлэл болон илгээсэн зураг зэргийг гэр бүл, найз нөхөд рүү тараана гэх мэтээр мөнгө нэхэн заналхийлдэг байсан аж.