Нийслэлийн Засаг даргаар томилогдсон С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа

НИТХ-ын ээлжит бус Vll хуралдаан өчигдөр хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох асуудлыг хэлэлцсэн. Нийт төлөөлөгчдийн 56.8 хувь буюу олонхийн санал авсан С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид батламжлуулах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэхэд хүргүүлсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжилсан байна. Шинээр хотын даргаар томилогдсон С.Амарсайханд Нийслэлийн Засаг даргын тамгыг гардуулж, ажлыг хүлээлцэх ёслол нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өнөөдөр боллоо. Ажил хүлээлцэх ёслолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. Шинэ хотын даргыг томилсон Ерөнхий сайдын захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ уншиж танилцуулаад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд ажлын амжилт хүслээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авсны дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Хийх ажил, шийдэх асуудлыг холоос хайхгүй. Нийслэлийн иргэд оршин суугчид бид шат шатандаа маш сайн мэдэж байгаа. Агаар орчны бохирдол, замын түгжрэлийг багасгах, цаашлаад иргэдийн аюулгүй байдлыг хангах, хот төлөвлөлтийг зөв явуулах гээд олон асуудал бий. Энэ бүхнээс эхлээд ажлаа үргэлжлүүлээд явна. Хотын ажил, амьдралыг мэддэг, ойлгож байгаа хүний хувьд цаг алдах асуудал байхгүй. Юу юунаас илүү хариуцлагаас эхэлнэ. Хариуцлага бүх шатандаа асар сул, ёс зүй дорой байгаа. Төрийн албан хаагчид бүх шатандаа хариуцлагатай байж, төр захиргааны байгууллага бүтээлч ажиллаж чадвал нийслэлчүүдийн өмнө шийдэж болохгүй асуудал байхгүй. Хариуцлагыг эхлүүлж байна гээд аливаа зүйлд туйлшрахгүй. Нийслэлийн төр захиргааны байгууллагын бүх шатанд төрийн албан хаагчийн хариуцлагыг сайжруулж, ёс зүйг өндөр түвшинд байлгах, ажлын гүйцэтгэлийг илүү үр дүнтэй, чанартай байлгахад хатуу шаардлага тавьж ажиллахаас ажлаа эхэлнэ.

Хотын даргын ажлыг илүү үр дүнтэй, түргэн шуурхай шийдэх ёстой ажлуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх үүднээс бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлтийг хийнэ. Хэн нэгэн албан тушаалтан, бүлэглэл, сүлжээнд зориулсан бус асуудлыг шууд шийдвэрлэхэд чиглэсэн оновчтой зохион байгуулалтыг хийнэ. Мөн өнгөрсөн хугацаанд нийслэлийн барьж ирсэн зарим уламжлалт арга барил,  бодлого шийдлийн тогтлолцоог нийгмийн шаардлага, цаг үетэйгээ нийцүүлэн өөрчилнө.

Нийслэлийн бүх асуудлыг хормын дотор шийднэ гэж хоосон амлахгүй. Бүх зүйл дээр судалгаа тооцоотой, сүүлийн үеийн технологи дээр суурилсан, ухаалаг шийдэлтэй, шинжлэх ухаанч, аюулгүй байдлыг хангаж ажлуудаа үргэлжлүүлээд явна. Хотын хөгжилтэй холбоотой олон асуудлууд дээр хуулийн хүрээнд шинэ жишгийг тогтоох, шинэлэг өөрчлөлт, шинэчлэлтийг хийхтэй холбоотой олон шийдэмгий хурц алхмууд хийж ажиллана” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...