“Нэхмэлийн шар”-ын оршин суугчид шинэ байрны түлхүүрээ гардан авлаа

Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих төслийг хотын захиргаанаас хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны “Нэхмэлийн шар” гэх нийт 20 байрыг “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсан билээ. Уг төслийн хүрээнд баригдаж буй “Хан-Уул цогцолбор хотхон”-ы эхний ээлжийн 16 давхар орон сууцны барилгын ажил дуусч, нэхмэлийн 5-р байранд амьдарч байсан 27 айл байрныхаа түлхүүрийг өнөөдөр гардан авлаа.

Оршин суугчдад түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан, гүйцэтгэгч “Фүжи констракшин”  группийн захирал н.Мөнхтуяа болон оршин суугчдын төлөөлөл оролцсон юм.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “УИХ-аас 2015 онд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хууль баталсан. Энэ хууль батлагдсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улс орон даяар орон сууцнуудад үзлэг, шалгалт хийсэн. Тус шалгалтаар улсын хэмжээнд 234 байр ашиглалтын шаардлага хангахгүй буулгах шаардлагатай, эрсдэлтэй байр гэсэн дүгнэлт гарсан. Эдгээр байраас Улаанбаатар 138, Хан-Уул дүүрэгт 44 барилга байгаа. Тэр дундаа 1, 2, 3 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 25 байр байна. Өнөөдрийн байдлаар дээрх 25 орон сууцнаас 22-т нь компаниуд нь шалгарч ажлаа эхлүүлээд явж байна. Бид иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс энэ мэт олон төслийг хийж хэрэгжүүлэх болно” хэмээв.

“Улаанбаатар хотын хэмжээнд нийт 234 ашиглалтын шаардлага хангахгүй байр, орон сууц байна гэсэн тооцоо бий. Энэ нь 6300 гаруй өрхийн 20 гаруй мянган иргэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч байна гэсэн үг. Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл 40 гаруй хувьтай явагдаж байна. Энэ төслийг үргэлжлүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал. Тэд нэгдмэл нэг санаа, бодолтой байж,  хэрэгжүүлэгч компанитайгаа хамтран ажилласнаар цаг хугацаа хэмнэж, байрандаа ороход асуудалгүй болно. Нийслэлийн зүгээс Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл”-ийг цаашид үргэлжлүүлнэ. Иргэдтэйгээ сайн ойлголцож, нэгэн хүслийн төлөө хамт зүтгэсэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, гүйцэтгэгч компани болох “Фүжи констракшин”-ий хамт олонд талархал илэрхийлье” хэмээн  Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ярилаа гэж нийслэлийн ЗДТГ2ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...