Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 68 сая шоо метрээр нэмэгдэнэ

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад “Мянганы сорилтын компакт гэрээ” соёрхон батлах тухай хуулийн танилцуулгыг инфографикийн хамт толилуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Мянганы сорилтын компакт гэрээ” соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацаас 2014 оны 12 дугаар сард Монгол Улстай хоёр дахь Компакт гэрээ байгуулах шийдвэр гарснаас хойшх хугацаанд гэрээ боловсруулах бэлтгэл ажлыг бүрэн хангаж 2018 оны 5 дугаар сард дуусгасан. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Гадаад харилцааны сайд Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан.

Компакт гэрээ нь 8 зүйл, зургаан хавсралтаас бүрдэх бөгөөд гэрээний санхүүжилт, татвараас чөлөөлөх үндэслэл, гэрээний хэрэгжилтийг дүгнэх болон талуудын хүлээх үүрэг зэрэг нөхцөлийг гэрээнд тодорхой тусгасан.

Компакт гэрээний хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацаас 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад үзүүлнэ. АНУ-ын Мянганы сорилтын тухай хуулийн дагуу компакт гэрээ хэрэгжүүлж байгаа улс нь төслийн нийт хөрөнгө оруулалтын 15 хувиас багагүй хэмжээний хөрөнгийг хариуцах үүргийг хүлээдэг. Монголын талаас гаргах санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл, тусламж, улсын төсөв зэрэг эх үүсвэрээс гаргана гэж тооцож байна.

Компакт гэрээгээр санхүүжүүлэх мөнгөн хөрөнгөөр Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах цогц хөтөлбөр хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд газрын доорх эх үүсвэрээс ус хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтэц, ус цэвэршүүлэх байгууламжийг барьж байгуулна. Хаягдал буюу бохир усыг дахин боловсруулах замаар гарган авсан саарал усыг Дулааны цахилгаан станцуудад нийлүүлснээр усны салбарын тогтвортой байдлыг хангах бодлогын цогц арга хэмжээ хэрэгжихийн зэрэгцээ Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 68 сая орчим шоо метрээр нэмэгдэнэ гэж тооцож байна. Түүнчлэн Монгол Улс цаашид усны менежментийн бодлогоо улам боловсронгуй болгох боломж бүрдэнэ. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...