Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ өнөөдөр албан ёсоор эхэллээ. Тус арга хэмжээг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” цогцолбортой хамтран энэ амралтын өдрүүдэд Богд хан уулын Хүрхрээгийн аманд зохион байгуулж байна. “Улаанбаатар өвлийн наадам 2019” арга хэмжээний нээлтийн ёслолд нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал болон өвлийн наадамд оролцож буй тамирчид оролцлоо.
Нээлтийн ажиллагааны үеэр өвлийн наадмын тэмцээнд оролцож байгаа тамирчид, шүүгчид андгай өргөлөө. Монголын үндэсний тоглоом наадгай болох Мөсөн сурын харвааны УАШТ, Мөсний шагайн харваа болон Снөүбоардын УАШТ, Цана, Параглайдинг, Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнүүд болно. Мөн үндэсний урлагийн тоглолт, шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдах юм.
Тэмцээнд дотоод гадаадын 800, гадаадын 40 тамирчид оролцох юм. ОХУ-ын Буриад улсаас 10, Тува улсаас 10, ӨМӨЗО-оос 20 сур харваачид хүрэлцэн ирж цэц мэргэнээ сорьж байна.
Өвлийн наадамд гадаадын жуулчид, Монгол Улсад түр болон байнга оршин сууж буй гадаадын иргэд, дотоодын жуулчид, нийслэлийн иргэд оролцох бүрэн боломжтой. Уг наадмаар дамжуулан Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг сурталчлах ач холбогдолтой юм.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын зочлох хугацааг уртасгах зорилгоор Бүргэдийн баяр, Талын түмэн адуу, Улаанбаатарын өвлийн наадам, Хөх сувд мөсний баяр, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг жил зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулснаар өвлийн аялал жуулчлал хөгжин гадаад дотоодын жуулчдын томоохон урсгал бий болох ач холбогдолтой юм.
“Улаанбаатар өвлийн наадам 2019” арга хэмжээний үеэр Ulaanbaatar City tour хотын аялалын автобус Д.Сүхбаатарын талбайгаас “Скай ресорт” цогцолбор чиглэлд 11:00, 13:00, 15:00, 17:00 цагуудад, “Скай ресорт” цогцолбороос Сүхбаатарын талбай чиглэлд 12:00, 14:00, 16:00, 19:30 цагуудад иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.