Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2019.02.12/ мэдээлэл хийлээ. УИХ-ын 2019 оны хоёрдугаар сарын 2-ний өдрийн чууганы хуралдаанаар Хэнтий аймагт болох 42-р тойргийн нөхөн сонгуулийг зургадугаар сарын 30-ны өдөр товлон зарласан байдаг. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хавар, намар амралтын өдөр зохион байгуулах заалттай. Өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооноос 2018 оны аравдугаар сард нөхөн сонгуулийг зохион байгуулахаар болсон ч Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотойгоор хойшлогдсон юм.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.БОЛДСАЙХАН:
-Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас 27 намд зөвлөмж хүргүүллээ. Хуульд заасан Улсын дээд шүүхэд сонгууль болохоос 180 хоногийн өмнө бүртгүүлсэн нам оролцох боломжтой учраас гурван намд зөвлөмж хүргүүлээгүй. УИХ-аас хуульд өөрчлөлт орж, төрийн жинхэнэ албан хаагч, төрийн өмчийн компанийн захирал, дэд захирал зэрэг эрх бүхий албан тушаалтан сонгуульд нэр дэвшихээр бол сонгууль товлон зарласнаас хойш тав хоногийн дотор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, энэ Баасан гаригт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах хугацаа дуусгавар болж байгаа юм.
Тус тойргийн сонгуульд нийт 17 мянга 450 сонгогч санал өгөх юм байна. Нийт сонгогчдын 50+1 хувь нь санал өгч, ирц бүрдсэний дараа тухайн сонгууль хүчин төгөлдөр болно. Нэр дэвших ажиллагаа санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхэлж, тав хоногийн дотор дуусгавар болох юм. Сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 4-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Харин сонгуулийн сурталчилгаа одоогийн хуулийн дагуу 18 хоног үргэлжлэх юм. Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу тавдугаар сарын 1-ээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх юм байна. Харин бие даан нэрээ дэвшүүлэх бол тавдугаар сарын 24-30-ны өдрийн хооронд мэдээллээ хүргүүлэх юм байна.
Сануулахад, өмнө нь товлогдсон нөхөн сонгуульд нийт 14 нам оролцохоо мэдэгдэж байсан юм.
–Нөхөн сонгууль зохион байгуулахад хэдэн төгрөг зарцуулах вэ?
-Нөхөн сонгууль явуулах зардлыг УИХ-ын чуулганы хоёрдугаар сарын 2-ны хуралдаанаар баталсан. 287,6 сая төгрөг зарцуулна. Үүнээс 246,1 сая төгрөг нь СЕХ-ны нэр дээр, 32 сая гаруй төгрөг нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, найман сая гаруй төгрөг нь цагдаагийн байгууллагад зарцуулагдана. 21 хэсэгт санал хураалт явагдана. 21 хэсэгт 500 орчим хүн ажиллах тооцоолол байна.
-Сонгуулийн ирцийг бүрдүүлэхэд СЕХ хэрхэн анхаарах вэ?
-Ирц дээр санаа зовох зүйл гарахгүй болов уу. Учир нь 2016 онд энэ тойргийн сонгуулийн ирц 80 хувьтай байсан. 80 хувь гэдэг бол өндөрдөө орно. Сонгуулийн хэсгийн хороод ирцээ бүрдүүлэхэд анхаарч ажиллана.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвших эрх нээлттэй юу?
-Шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн учраас нэр дэвших эрх нь нээлттэй.