М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас гишүүдийн олонхын саналаар чөлөөлөв

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.29) хуралдаан 11 цаг 09 минутад 58.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.7-д “Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэх нэгдсэн хуралдааныг олонхийн буюу хамгийн олон суудал авсан нам, эвслийн бүлгээс нэр дэвшиж сонгогдсон дэд дарга даргална” хэмээн заасан байдаг. Өнөөдрийн нэгдсэн хуралдааныг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан явууллаа. 

Хуралдааны эхэнд дээрх асуудлыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын нэр бүхий 39 гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.3, 10 дугаар зүйлийн 10.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо холбогдох хуулийн дагуу хэлэлцээд, санал хураалтыг хуульд заасны дагуу цаасаар, нууцаар явуулсан байна. Санал хураалтад Байнгын хорооны 17 гишүүн оролцсон бөгөөд гишүүдийн олонх нь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлагагүй хэмээн үзсэн байна. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, С.Эрдэнэ нар асуулт асууж, төсөл санаачлагчид болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд нараас хариулт авлаа. 

Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Сарангэрэл, Я.Санжмятав, Ж.Батзандан, С.Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Цогзолмаа, Л.Болд, Ё.Баатарбилэг, С.Жавхлан, Т.Аюурсайхан, М.Билэгт, Ж.Эрдэнэбат, Ц.Мөнх-Оргил, Л.Оюун-Эрдэнэ, Д.Хаянхярваа нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Өнөөдрийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний эцэст хоёр сар гаруй гацсан парламентын үйл ажиллагаа цааш хэвийн үргэлжилнэ гэж найдаж буйгаа Я.Санжмятав гишүүн хэлсэн юм. Иргэд, олон нийт улс төрийн нөхцөл байдалд ихээхэн санаа зовниж байгаа талаар тэрбээр дурдаад эрх баригчдыг эв түнжинтэйгээр улс орны нийтлэг эрх ашгийн төлөө хамтдаа ажиллах нь зүйтэй хэмээн захиж байсныг хэлж байв. Өнөөдрийн асуудлыг хэлэлцэж буй хуулийн зохицуулалт нь цаашид парламентын засаглалын дархлаанд нөлөөлөх эрсдлийг тооцох ёстой гэлээ. Түүнчлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн гишүүд цаашдаа “60 тэрбумын” гэгдэх асуудлыг эцэслэх, стратегийн ордуудын лицензийн асуудлыг цэгцлэх, концесс нэрээр төсвийн хөрөнгө, санхүүжилтийг шамшигдуулсан асуудлуудыг шийдвэрлэх, ЖДҮХСангийн гэх асуудалтай нэр холбогдсон гишүүдтэй хариуцлага тооцохыг шаардаж ажиллана гэлээ. Мөн Засгийн газар улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ажлыг бодитоор хийж хэрэгжүүлэх ёстойг сануулж байв. Хэлэлцэж буй асуудлыг шийдвэрлэхтэй зэрэгцээд Монгол Улсын Их Хурлын дараагийн даргын асуудлыг хэлэлцэх ёстой бөгөөд парламентын төдийгүй олон нийтийн итгэлийг хүлээсэн хүнийг томилох иргэдийн хүлээлт бий гэдгийг хэлж байсан. Хэлэлцэж буй төслийг өргөн мэдүүлсэн, дэмжиж буй гишүүд өнгөрсөн хугацаанд бидний явж ирсэн зам буруу байжээ гэж үзээд үүнийг өөрчилж, сайжруулах, зөв замд нь оруулах зорилготой гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан хэллээ. Тэрбээр “Олон нийтийн хяналтыг бүх түвшинд тогтоох, баялгийн тэгш хуваарилалтыг хийх, хууль шүүхийн байгууллагууд зөвхөн хуульд захирагдаж ажилладаг болгох гэсэн итгэл үнэмшилтэйгээр асуудалд хандаж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар онцлон сануулж, эрх баригчид ажлын байрыг тогтвортой болгож, орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулж, сайжруулах ажлыг хийж, хэрэгжүүлэх ёстойг хэлсэн. Нийгэмд шийдэх ёстой асуудлууд нь хуримтлагдаад, олон нийт бухимдаад байхаар бүх асуудлыг нэг хүнд тохдог зуршил улс төрд тогтоод байгааг Ц.Мөнх-Оргил гишүүн шүүмжилж, дэлгэрэнгүй тайлбар хийсэн юм. Түүнчлэн цаашид Монгол Улсын Их Хурлын дарга хэмээх албан тушаалын монголын төрийн тогтолцоонд оролцох, хүлээх үүргийн талаарх байр суурийн асуудлыг авч үзэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Монгол Улсын Үндсэн хуулинд энэ албан тушаалын талаар хуульчилсан байгаа, иймд Үндсэн хуулийг өөрчлөх, эс бөгөөд холбогдох бусад хуулийг өөрчлөх хэлбэрээр Монгол Улсын Их Хурлын даргын албан тушаалын эрх, хэмжээг зохицуулах гарц бий гэдгийг сануулсан. 

Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нууц санал хураалтыг цахимаар явуулах горимын санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь горимын санал дэмжлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.3-т “Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ” хэмээн заасан, өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсний дагуу нууц санал хураалтыг цахимаар явууллаа. Монгол Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжээгүй Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.2 хувь нь дэмжсэнгүй. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.4-т “Энэ хуулийн 10.2.2, 10.2.3, 10.2.6-д заасан тохиолдолд Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, 10.2.4, 10.2.5-д заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол батална” хэмээн заасан байдаг. Энэ дагуу “М.Энхболдыг Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, гишүүдийн 76.6 хувийн саналаар дээрх тогтоолыг баталлаа. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...