“Алтан дорнод монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд болон Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав хоёрын зодооны голоор хавчуулагдсан хүн бол “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан. Чухамдаа Т.Ганболд, Д.Дорлигжав гэх хоёр хүн банк хоорон дахь шилжүүлгийн баримтаа нэг нэгэн рүүгээ шидэлцэж буй энэ бүх зодооныг алсаас харсан шигээ суугаа эрхэм бол “Голомт”-ын Д.Баясгалан гээд хэлчихэд нэг буруудахгүй болов уу. Өөрөөр хэлбэл, тоглолт хаашаа эргэж, хэн хожих нь чухамдаа зөвхөн Д.Баясгалан гэж хүнээс 100 хувь хамааралтай гэхэд болно.
Тодруулбал, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавд холбогдох хэрэгт “Голомт”-ын Д.Баясгаланг “холбогдуулан” цагдан хорьсон ч ердөө 72-хон цагийн дотор суллагдав. Шалтгаан нь түүнийг цагдан хорьсон нь үндэслэлтэй эсэх талаарх өмгөөлөгчийнх нь гаргасан гомдолд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч И.Ганбат буулт хийсэн байх юм. Уг нь “Голомт”-ын Д.Баясгалангийн үйлдэлд сэжигтэй зүйл илэрсэн болоод л нийслэлийн Прокурорын газраас цагдан хорьж шалгах шаардлагатай гэж үзэн шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс ч 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн.
Гэтэл ердөө 72-хон цаг болоод л мань Д.Баясгалан өндөр цалинтай, өргөн мэдлэгтэй өмгөөлөгчдийн ачаар суллагдчихав. Үнэхээр гайхалтай, үнэхээр агуу юм гэж түүнд хэлээд алга ташиж, баяр хүргэхээс өөр зам алга. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас эхлээд үе үеийн Ерөнхий сайд нар, УИХ-ын гишүүд цаашлаад бүр нэр нөлөө бүхий өчнөөн эрхмүүд ийм амархан суллагдсан удаагүй. Тиймдээ ч Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгийг дамжин өнгөрүүлэх болгосон бэлээхэн баримтууд бий.
Хамгийн наад захын жишээ гэхэд Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав ч гэсэн Д.Баясгалангийн нэгэн адил шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн. Гэвч шүүхээс түүний хүсэлтийг хангахаас татгалзаж, 30 хоног цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Аргаа бараад шинээр нотлох баримт гаргаж ирээд мөн л тусыг эс олсон. Гэтэл банк санхүүгийн байгууллагын магнат Д.Баясгаланг болохоор гурав ч хонуулахгүйгээр эвийлээд гаргачихлаа. Угтаа төрийн өндөр албан тушаалтан их хэмжээний авлига авсан гэдгээс ч давсан том асуудал цаана нь нуугдаж байхыг үгүйсгэхгүй.
Тиймдээ ч “Голомт-ын Д.Баясгалан ийм хурдан суллагдсан байх. Тэрбээр цагдан хоригдож, суллагдснаас хойш өнөөдрийг хүртэл олны хэл амнаас хол байх тактик барьж, ажин түжин болов. Ингэхдээ тоглолтыг алсаас ажиж, дараагийн нүүдлээ тооцоолж буй биз ээ. Магад түүний эл үйлдэл банк санхүүгийн магнат байхад заавал төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд шүүх засаглал ч хөлд нь сөхөрдөг гэдгийг бэлхнээ гэрчлэн харуулчихлаа. Шүүхийг сөхрүүлдэг “Голомт”-ын Д.Баясгалан та үнэхээр мундаг юм байна. Танд алга ташиж баяр хүргэе.
Б.БАТБАЯР