10-20 жилийн дараа нийт хөдөлмөр эрхлэгчдийн ойролцоогоор 47% нь машинжих магадлалтай гэсэн таамаглал байгаа. Энэхүү судалгааг Английн Оксфордын их сургуулийн Michael Osbourne профессор хийжээ. Түүний “Компьютерийн эрин зуунаас үүдэж хүн төрөлхтөн ажлаа алдах уу?” судалгааны ажлаас дүгнэхэд ирээдүйд устаж үгүй болох мэргэжилд банкний зээлийн ажилтан, кредит картын шинжээч, теллэр зэрэг багтжээ. Мөн спортын шүүгч, үл хөдлөх хөрөнгийн борлуулагч, ресторан болон буудлын хүлээн авагч, даатгалын судалгаа хариуцагч, эрсдэлийн менежер, оператор, тэтгэвэр тэтгэмжийн газрын ажилтан, дэлгүүрийн худалдагч, үзвэр үйлчилгээний цэгийн мэдээлэгч, тасалбар борлуулалтын ажилтан, казиногийн дилер, хуульчийн туслагч, цагзасварчин, татварын газрын ажилтан, дата өгөгдөл оруулагч, номын санч, сийлбэрчин, камер гар утасны засварчин, нүдний шил линз-ний мэргэжилтэн, хорхой шавьж устгагч, инженер, зураг зүйн техникч, газар зүйн зохион байгуулагч, барилгын тоног төхөөрөмжийн оператор зэрэг мэргэжлүүд ирээдүйд хэрэггүй болох жагсаалтад багтжээ.
Харин ирээдүйд урлаг уран сайхан, бүтээлч байдлыг дэмжсэн мэргэжил илүү эрэлттэй болно гэж үзжээ. Учир нь хүн төрөлхтөн илүү загвар, бүтээлч байдал зэрэгт анхаарлаа төвлөрүүлэхтэй холбоотой. Мөн шинэ төрлийн техник технологийг хөгжүүлэгч, дижитал мөнгөн дэвсгэртийн мэргэжилтэн, боловсролын ажилтан, бага сургуулийн багш, гал сөнөөгч, цагдаа, хүнс тэжээлийн мэргэжилтэн, мэс заслын эмч, дотрын эмч, нүүр эрүү амны эмч, сэтгэл зүйч, сонсголын эрүүл мэндийн ажилтан, хар тамхи мансууруулах бодисын хэрэглээний зөвлөгч зэрэг мэргэжлүүд эрэлттэй мэргэжлийн жагсаалтад багтжээ. Гэвч эдгээр мэргэжлүүд хэрхэн өөрчлөгдөх нь сонирхолтой. Жишээ нь бүжигчин хамтрагчаа роботоор сонгож ч болно. Бүжгийн багш нь заавал хүн байх ч албагүй. Мөн ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан эд эрхтнийг нь дэмжих төхөөрөмж гарахтай холбогдуулан хүмүүс бүжгээр хичээллэх хандлагатай болно гэж үзэж байгаа юм байна.