Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжжээ.
Шинэ оны хамгийн анхны гэх тодотголтой энэхүү хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавьбал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ”, “Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгасан байна.
Хуулийн төсөл УИХ-аар батлагдвал парламент гацаанаас гарч, нийгэм, эдийн засгийн хүлээгдэж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзжээ.
УИХ-ын даргыг огцруулах 30 гаруй гишүүний саналаас болоод чуулган хуралдаж чадалгүй хоёр сар орчим гацаанд ороод буй. Нэр бүхий гишүүд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс УИХ-ын дарга М.Энхболд одоогийн албан тушаалаа хаших ёс зүйн эрхгүй хэмээн бойкот зарласан. Нөгөө талдаа спикер М.Энхболд өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөхгүй, зөвхөн хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөнө хэмээн гүрийсээр байгаа юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга ийм хуулийн төсөл санаачилснаар УИХ-ын одоогийн 75 гишүүний олонхи нь эсрэг санал өгвөл спикер М.Энхболд албан тушаалаасаа огцрох хуулийн “цонх” нээхээр шийджээ. Засгийн газар ч төслийг шуурхай авч хэлэлцэн дэмжив. Өөрөөр хэлбэл 75 гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа одоогийн УИХ-ын 38 гишүүн дэмжихэд УИХ-ын дарга огцрох нөхцөл бүрдэнэ.
Хэдийгээр Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хуулийн төсөл гэрлийн хурдаар дэмжигдэж байгаа мэт боловч өөрт нь зориулсан төсөл учраас УИХ-ын дарга М.Энхболд таатай хүлээж авсангүй. Тогтсон дэг ёсоор бол хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьдаг. Төрийн тэргүүн энэхүү төслөө өнөөдөр өргөн барих гэсэн боловч УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авахаас татгалзжээ.
Ерөнхийлөгчид хуулийн төсөл санаачлах онцгой бүрэн эрх Үндсэн хуулиар олгогдсон байдаг. Харин нэг хүн, нэг албан тушаалтанд зориулж хуулийн төсөл санаачилсан тохиолдол өмнө нь Монголын улс төрийн түүхэнд гарч байгаагүй. Ямартай ч Ерөнхийлөгч санаачилж, Засгийн газар шуурхай дэмжсэн хуулийн төсөл гараанаас гарлаа. Үйл явдал цааш хэрхэн өрнөх нь УИХ-аас, гишүүдээс шууд хамаарна.