Сүнстэй ПАРЛАМЕНТ

Парламентын паянг тоочиж барахаа байв. Ялангуяа 2016 оны сонгуулиар сонгогдсон одоогийн УИХ-ын гишүүд бүхнээс илүү. Гэхдээ муу талаараа өмнөх үе үеийн УИХ-ын гишүүдийг дагуулахгүй, хол тасархай тэргүүлнэ. Ямар ч салаа утгагүй, хашилт хэрэглэлгүй шулуухан хэлэхэд өнөөгийн УИХ хамгийн олон гэмт хэрэгтэнтэй, хамгийн супер хулгайч, цагаандаа гарсан тонуулчидтай, сүнсгүй худалчидтай гэдгээрээ онцгой ялгарна. Энэ дүгнэлтийг тэд өөрсдөө У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн хоёр өдөрт бие биедээ өгснийг монголчуудын олонх нь харсан, сонссон. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийг нь огцруулах санал гаргасан гишүүдийн өөдөөс харж байгаад “Та нар тийм ариухан хүмүүс биш шүү. Хулгайчид гэдгийг чинь би мэднэ” гээд хэлчихсэн. МАН-ын дарга М.Энхболд 60 тэрбумын схем зохиож төрийн албыг улс төрийн хар зах дээр арилжсан гэдгээс эхлээд мордохын хазгай гэгч болсон санагддаг. Араас нь УИХ-ын нэр бүхий гишүүд хэлэлцэж тохирсон юм шиг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас яг ижил буюу 950 сая төгрөгийн зээл авсан нь илэрч олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хүргэв. Хөөрхий муу нэртэй луу данстай Н.Энхбаяр намдаа сонгуулиар хандив өгсөн хүмүүст дэд сайд гэх албан тушаалыг шууд бэлэглэж, УИХ-ын гишүүдийг дуулгавартай байлгахын тулд тойрогт нь 500 сая төгрөг хуваарилах замаар худалдаж авч байсан зэргийг ариун явдал шахуу бодогдтол одоогийн эрх баригчид хулгай луйвар хийж, бие биетэйгээ яс булаацалдсан ноход шиг уралцаж хөгөө хөлдөө чирч байна.

2016 оны сонгуульд орохдоо МАН-ынхан гэр хорооллын хүмүүс талхаа таллаж авч байна, Монгол Улс граммын эдийн засагт шилжлээ, улсын өр дааж давшгүй нэмэгдлээ гэхчилэн халаглаж, биднийг сонгочихвол цэнгэлийн манлайд хүргэнэ гэж сүнсгүй худал залав. Бид ч ямар хулхидуулж, хууртаж ханах биш 65 суудалтай үнэмлэхүй олонх болгож, асар том эрх мэдэл өгөв. 2004 оноос хойш нэг нам дангаар Засгийн газраа байгуулах алтан боломжийг сонгогчид ийн өгсөн юм. Өгөх өгөхдөө Үндсэн хуулийг ч дангаараа өөрчлөх хэмжээний тийм том эрх мэдлийг МАН-д өгсөн дөө. Сонгуулиас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрөхөд эрх баригч МАН-ын дотоод хагарал төрийн ажлыг гацаах хэмжээнд даамжирлаа. Юун нөгөө цэнгэлийн манлайд хүргэж, аж амьдралыг өөд татах вэ. Улс Монголоо хулгай луйвар, хэрүүл тэмцэл, хагарал хуваагдлын манлайд л хүргэлээ. Засгийн газрын бүх сайд давхар дээл өмсөв. Өмнөх дөрвөн жилийн үеийнхээс ч их өр зээл тавив. Талхаа таллаж авдаг ядарсан хар дарсан зүүд шиг тарчиг амьдралтай нь мартаж орхиод ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаар дамжуулж өчнөөн тэрбумаар нь хулгайлав. Энэ зохион байгуулалттай тонон дээрэмдэх ажиллагааны тэргүүн шугаманд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, давхар дээлтэй сайд нар манлайлан явсан нь олон нийтийн зэвүүг хамгийн ихээр хүргэсэн. МАН-ын хувьдаа банктай гишүүн хүртэл жижиг дунд үйлдвэр эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих зорилгоор олгодог зээлийн сан руу гар дүрж, хулгай хийсэн гэж бодохоор даанч гомдмоор. Ёстой сүнс зайлтал тонож байгаа юм шүү.

Төрийн ордон, тэр тусмаа парламентын танхим хууль баталдаг биш хулгайгаа дуудалцдаг тайз болж хувирлаа. Ерөөсөө л хэн нь их, бага хулгай хийснээ чангаар ярьж хэрэлддэг ганц л ажлыг УИХ-ын гишүүд хийж байна. Уг нь МАН-д улсын төсвөөс 11 тэрбум төгрөг сэмхэн гулгуулж, гишүүдээсээ хандив цуглуулж барьсан том ордон бий. Намынхаа асуудлыг тэр ордондоо огт ярихгүй юм. УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын хэргээ шалгуул, хууль хяналтын байгууллагыг өөрийгөө хамгаалах бамбай битгий болго гээд нэр бүхий гишүүд сайн дураараа огцрохыг шаардаад багагүй хугацаа өнгөрлөө. Нөгөөх нь албан тушаалтайгаа наалдан падаар наасан мэт тас зууралдаастай. Үүнээс болоод УИХ-ын ажил хэдэн долоо хоногоор гацав. УИХ-ын гишүүд хөхөө өвлийн хүйтнээр ажил хаялт зарлаж, улс орны хөгжлийн тулгамдсан асуудалтай биш УИХ-ын дарга М.Энхболдтой ил, далд тулалддаг боллоо. Засгийн газрын дурын сайд УИХ-ын гишүүдийг тас загначихаад хаалга саваад гараад явдаг болсон. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш улс төрийн намын дотоод тэмцэл төрийн гацаа болтлоо ужгирч, ийм шившигтэй байдалд орж байсныг санахгүй юм. Төрийн эрх барих дээд байгууллага ажлаа хийхгүй алийгаа алдаж байхад дунд, доод шатанд юу болж байгааг бодохоос ч аймаар.

Хоёр жил гаруйнхны өмнө МАН-д монголчуудын олонх итгэлээ өгч сонгосон. Гэтэл өнөөдөр Их хурал ирцгүй, Засгийн газар Хөдөө аж ахуйн сайдгүй, нийслэл Улаанбаатар хот Засаг даргагүй байна. Улс орныхоо жолоог бат атга, хүн ардынхаа ахуй амьдралыг өөд тат гэж үүрүүлсэн хариуцлагыг Монголоо яаж дампууруулах вэ гэдэг уралдаан болгох эрх хэнд ч байхгүй. Өмнөх Засгийн газраа өөрсдөө огцруулж хаячихаад МАН доторх бүлэглэлийн төлөөлөл багтаасан хамтарсан Засгийн газар байгуулж доромжилсон нь хангалттай биш байжээ. Эрх баригчид өөрсдийгөө, лаглайтал шигдсэн албан тушаалаа төр гэж том эндүүрч байгаа нь Монголын ардчиллын хамгийн том аюул болчихоод байна. Одоогийн парламентын хамгийн залуу гишүүн болж сонгогдож байсан Д.Гантулга бүсгүй хүн хүчиндсэн гэх хэрэгт холбогдоод бүрэн эрхээсээ татгалзаад явсан. Гэтэл үлдэж хоцорсон намынх нь 64 гишүүн төрийг хүчиндэж гацаадаг байна шүү. Монголдчууд МАН-ыг олонх болгож, засгийн эрх мэдлийг лавхан атгуулахдаа Монгол төрийг хүчирхийл, хөгжлөөс хойш чангаа, бие биеийнхээ бөөрийг гарга гээгүй нь лав. Эрх баригчдын элий балай гэмээр үйлдлийг ажиглаад байхад Монголын төлөө байна уу, эрх мэдэл, албан тушаалын өчүүхэн шуналын талд байна уу гэдгийг ялгахад тун бэрх боллоо.

Эцэст нь нэг зүйлийн учир илүү тодорч байх шиг байна. Бид 2016 оны сонгуулийн дараа МАН УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй олонх боллоо гэж бодсон нь эндүүрэл байж. Яг өнөөдрийн байдлаас харахад УИХ-д олонх гэж алга. МАН-ын 64 гишүүнтэй бүлэг гэж байх боловч дарга, дэд дарга хоёр нь хэвлэлийнхний өмнө зэрэгцэж сууж байгаад тэнгэр газар шиг зөрүүтэй юм ярьчихаад хоорондоо хэрэлдээд гараад явдаг болсон. Тэгэхээр үнэмлэхүй олонх буюу МАН-ын 64 гишүүн зүгээр л сүнс болоод хувирчихаж.

Б.ТҮВШИНТӨГС

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...