Нийслэлийн төсвийн 9 тэрбум төгрөгийг шоу цэнгүүнд зарцуулахаар төлөвлөснийг АН-ын бүлэг шүүмжлэв

Нийслэлийн 2019 оны төсвийн төслийн талаар НИТХ дахь АН-ын бүлэг санал, дүгнэлт гаргажээ. АН-ын бүлгийн төлөөлөгчид төсвийн орлого жил дараалан өссөн ч иргэдийн амьдралд үр өгөөжөө өгөхгүй, дарга албан тушаалтнуудын тансаглал, урсгал зардалд зарцуулагдаж байгааг шүүмжилжээ. Дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтлэв.

Эрхэм нийслэлчүүд ээ, эрхэм төлөөлөгчид өө, та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн хөгжлийн бодлогыг тоогоор илэрхийлсэн хамгийн чухал баримт бичгийг та бид өнөөдөр хэлэлцэж байна.

Нийслэлийн 2019 оны төсөв бол нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудал, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажлуудтай уялдаж явах ёстой.  Харамсалтай нь та бүхний амлалт биелэхээргүй төсөв болсон байна.

  1. Төсвийн орлого өссөн ч хотын хөгжил урагшлахгүй байгаа талаар

2019 онд Улаанбаатар хотын төсвийн орлого 2016 онд 461,5 тэрбум байсан бол 2019 онд 796,2 тэрбум болж 334,6 тэрбум төгрөгөөр буюу 72,5 хувиар нэмэдсэн байна. Дүүргүүдийг оролцуулан тооцвол нийслэл хот маань нийтдээ 990 тэрбум буюу 1 их наяд орчим төгрөгийн орлоготой болжээ.

Жил бүр дунджаар 150 орчим тэрбум төгрөгөөр хотын орлого нэмэгдэж байна. Гэвч төсвийн орлогын өсөлт нийслэлийн иргэнд хүрэхгүй байна. Нийслэлчүүдийн хувьд тулгамдсан асуудлууд шийдэгдээгүй хэвээр байна.

Харин нийслэлийн төсвийн урсгал зардал нэмэгдсээр байна. Нийслэлийн 2019 оны төсвийн урсгал зардал 269,5 тэрбум төгрөг байгаагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зардал 42,9 тэрбумд хүрч, өмнөх оныхтой харьцуулахад 22,3 хувиар 2016 оныхтой харьцуулахад 95,1 хувиар нэмэгдсэн байна.

Нийслэлийн удирдлагууд төрийн аудитын зөвлөмжийг хэрэгжүүлээгүй төдийгүй тэвчиж болох зардлыг ч хэмнэх алхам хийгээгүй байна. Нийслэлийн төрийн захиргааны болон хэрэгжүүлэгч агентлагуудын дэд буюу орлогч дарга, дүүргүүдийн Засаг даргын орлогч, бусад шаардлагагүй орон тоог шийдвэрлэж, төсвийн зардлыг хэмнэж ажиллах нэг ч санаачилга гаргахгүй, урсгал задлыг танаагүйгээс төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна.

  1. 2. Тооцоогүй, үр ашиггүй төлөвлөлтийн талаар

Нийслэлийн төсвийн төлөвлөлт нь бүхэлдээ хөгжлийн санхүүжилт байх учиртай.  Харин нийслэлийн төсөв өнөөдөр татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь үр дүн нь тодорхойгүй хөтөлбөр, төлөвлөгөө, аргачлал, сургалт семинарт зориулж, баяр наадам тэмдэглэх, шоу цэнгээн зохион байгуулах, тооцоо судалгаагүй байр байшин авах зэрэгт зарцуулдаг арга хэрэгсэл болж хувирсан байна.

Жишээ татвал Нийслэлийн төсвөөс улсын баяр наадмыг тэмдэглэхэд 3 тэрбум, Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэхэд 3 тэрбум, Зүүн хойд Азийн аялал жуулчлал санхүүгийн төв болоход тус тус 3 тэрбум төгрөгийг тусгаснаар 2019 онд нийт 9 тэрбум төгрөгийг зөвхөн шоу цэнгээний арга хэмжээнд зориулахаар болсон байна. Аз жаргалтай хотын индекс тооцох аргачлал боловсруулах зардал жил бүр 1 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулж байна, ямар үр дүн гарсныг хэн ч хэлж мэдэхгүй байна.

Та бүхэн нийслэлчүүдийг “Аз жаргалтай хот”-д амьдруулах амлалт өгсөн. Өнөөдөр нийслэлчүүд баяр наадам тэмдэглэж, тооцоо судалгаагүй байр байшин худалдаж авсанаар аз жаргалтай болохооргүй байна. Харин нийслэлийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, гэр хорооллыг хөгжүүлж, нийтийн тээврийг сайжруулж, амьдрах орчныг сайжруулж байж аз жаргалтай болохоор байна.

Аливаа хотын цөм нь ХҮН, түүнийг тойрсон таатай орчин, үйлчилгээг бий болгох асуудал. Нийслэлийн төсвийг хүний төлөө, хөгжлийн төлөө баталж хэрэгжүүлэх учиртай.  Иймд АН-ын бүлэг тэвчиж болох урсгал зардал, оновчгүй хөрөнгө оруулалтыг хасаж, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тодорхой саналуудыг дэвшүүлж байна.

Төсвийн төслөөс хасах санал:

  1. Нийслэлийн захиргааны шинэ байр барих зардлаас 20 тэрбум төгрөгийг хасах саналтай байна. Нийслэлд өнөөдөр төр захиргааны шинэ байр байр барихаас илүү гэр хорооллыг багасгах асуудал тулгамдаж байна.
  2. Нийслэлийн 380 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад зориулж тусгасан 3 тэрбум төгрөгийг хасах саналтай байна. Нийслэлийн ойг Зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлал, санхүүгийн төв болоход зориулсан 3 тэрбумын төсөвт арга хэмжээний хүрээнд зохион байгуулж тул өмнөх жишгээр дээрх арга хэмжээний хүрээнд зохион байгуулах боломтой юм.
  3. Нийслэлийн захиргааны шинэ байрны тавилга эд хогшил авахад зориулж төлөвлөсөн 3 тэрбум төгрөгийг хасах саналтай байна. Нийслэлийн байгууллагууд хуучин тавилга, техник хэрэгслээ зөөвөрлөн ашиглах боломжтой тул төлөвлөсөн 3 тэрбум төгрөгийг тэвчиж болох зардалд оруулж, татвар төлөгчдийн мөнгийг нь хэмнэх нь зүйтэй гэж үзэж байна.
  4. Нийслэлийн орон сууц хөтөлбөрт тусгасан 10 тэрбумыг хасах саналтай байна. Жил бүр бүрийн төсөвт орон сууцны 10 тэрбум төгрөгийг тусгаж байгаа боловч ямар ч үр дүн гараагүй байна. Уг төсвийн зарцуулалт нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Иймд зориулалт нь тодорхой, үр дүн гарах бодит ажил зориулах нь зүйтэй юм.
  5. Сервис цэнтрийг 2 байршилд байгуулахаар 20 тэрбумыг төсөвлөснөөс 1 байршлыг хасч, 10 тэрбумыг нь хасах саналтай байна. Гэр хорооллын 200 айл өрхийг дундын бүсийн төлөвлөлтөд хамруулах энэ ажилд өнгөрсөн жил тодорхой мөнгө төсөвлөсөн. Өнөөдрийн байдлын үр дүн, үр ашиг нь тодорхойгүй байдалтай байхад дахин 2 байршилд төлөвлөх шаардлагагүй гэж үзэж байна.
  6. Нийслэлийн төр захиргааны шинэ байрны Ашиглалтын өмнөх захиргаа болон нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой урьдчилан гарах зардалд тусгасан 1 тэрбум төгрөгийн 500 саяар саналтай байна. Нүүлгэлтийн зардлын өндрөөр буюу 1 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн тул 500 сая болгож хасах нь зүйтэй гэж үзэж байна.

 

Төсөвт тусгах санал:

  1. Нийслэлийн захиргааны шинэ байр барих зардлаас 20 тэрбум төгрөгийг хасч, гэр хороолын дахин төлөвлөлтөд зориулж тусгах саналыг оруулж байна. Нийслэлийн хүн амын 57 хувь нь гэр хороололд амьдарч байна. Агаар, хөрсний бохирдол, автозамын түгжрэл, эрүүл аюулгүй байдал алдагдах нөхцлийг бүрдүүлж буй гэр хорооллыг хөгжүүлэхгүйгээр нийслэл хөгжихгүй.
  2. Нийтийн тээврийн парк шинэчлэлд 10 тэрбум төгрөгийг тусгах санал оруулж байна. Нийслэлийн хүн амын 60-70 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Гэвч Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 900 гаруй автобусны 50 хувийнх нь ашиглалтын хугацаа 2019 онд дуусч байна. Нийслэлийн хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж, автозамын түгжрэл өсч буй тул нийтийн тээврийг шинэчлэх, сайжруулах, хөгжүүлэх асуудал зайлшгүй чухал юм.
  3. Ахмадын орон сууц хөтөлбөрт 10 тэрбум төгрөгийг тусгах саналыг оруулж байна. Нийслэлийн ахмадууд орон сууцанд орох хүсэлт өдрөөс өдөрт нэмэгдэж, ахмадуудаас 10 мянга гаруй өргөдөл ирсэн байгаа боловч өнөөдөр ахмадын орон сууцны хөтөлбөр зогсоод байна.
  4. Хуучин орон сууцны шинэчлэл, дээврийн засварт 2 тэрбум төгрөгийг тусгах саналыг оруулж байна. Нийслэлд 1965-2000 онд баригдсан 1077 орон сууцанд 45 мянган өрх амьдарч байна. Гадна дулаан алдагдалтай эдгээр орон сууцыг шинэчлэх, дээврийг засварлах зайлшгүй шаардлага тулгарсан байна.
  5. “Хүүхдэд ээлтэй хот” хөтөлбөрт 250 сая төгрөгийг тусгах саналыг оруулж байна. Нийслэлд одоогийн байдлаар 430 гаруй мянган хүүхэд байна. Гэвч нийслэлийн төсөв хүүхдэд зориулагдахгүй байна.Зөвхөн насны онцлогт тохирсон хөтөлбөрт зориулж 80 сая төгрөгийг л нийслэлийн төсөвт төлөвлөсөн байна. Энэ нь нэг хүүхдэд жилд дунджаар 186 төгрөгийг нийслэлийн төсвөөс хуваарилж байна гэсэн үг юм. Иймд НИТХ-ын 2015 онд баталсан “Хүүхдэд ээлтэй хот” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 250 сая төгрөгийг 2019 онд суулгах “Хүүхдэд ээлтэй” санаалчилгыг АН-ын эмэгтэй төлөөлөгчид гаргаж байна.
  6. Улаанбаатар хотын хөрсний бохирдолд 150 сая төгрөгийг суулгах санал оруулж байна. Нийслэлийн хөрсний 88 хувь нь бохирдолтой байгаа ч бохирдлыг бууруулах, хөрсний бохирдлын талаарх ойлголтыг бий болгох алхам хийгдэхгүй байна. Хүн амын эрүүл аюулгүй орчныг алдагдуулсан уг асуудлыг нийслэл анхаарахгүй орхиж болохгүй юм.

 

 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ

АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ

1 сэтгэгдэл

  1. Throughout the great design of things you receive an A for hard work. Where you actually misplaced me personally was on all the specifics. You know, people say, details make or break the argument.. And that could not be much more true right here. Having said that, allow me reveal to you what did do the job. The authoring is definitely really engaging and this is most likely why I am taking an effort in order to comment. I do not make it a regular habit of doing that. 2nd, although I can certainly see the leaps in logic you come up with, I am definitely not sure of how you appear to connect the details which in turn produce your conclusion. For the moment I will, no doubt subscribe to your point but trust in the near future you actually link the dots much better.

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...