ЖДҮ-ийн сангаас зээл авсан Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлнэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцууллаа.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нь Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас  түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Улсын Их Хурлын даргад ирүүлсэн гэдгийг хэллээ.

Сануулахад, Ерөнхий аудиторт Д.Хүрэлбаатарын хамаарал бүхий “Цэн стайл” ХХК ЖДҮ хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь олон нийтэд ил болсон. Тэрбээр энэхүү зээлийг авахдаа албан тушаал, эрх мэдлээ ашигласан эсэхийг хуулийн байгууллага шалгаж тогтоох юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар сайн жишгийг харуулж байгааг онцлоод, Засгийн газар, Ерөнхий сайдын  зүгээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох талаар мэдэгдсэн эсэхийг тодруулав.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцсон, тооцохоор ярьсан асуудал байхгүй байна” гэж хариулсан.

Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн сангаас зээл авсан асуудалтай нэр холбогдсон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга, Барилга, хот байгуулалтын яамны Дэд сайд нарыг албан тушаалаас нь огцруулах тухай асуудлыг ярилцсан” гэсэн нэмэлт тайлбар өглөө.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзэв.

Үргэлжлүүлэн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын  төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч түр хойшлуулж, маргааш үргэлжүүлэхээр тогтов.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...