Ардын нам интернэтээр фэйк мэдээ эвлүүлэн цацаад хойноос нь аварга Бат-Эрдэнэ тэргүүтэй боловсрол дундуур нөхдөөрөө УИХ дээр цууруулав. Мөнөөх фэйк мэдээгээр нь Сайханбилэг АСЕМ-ийн арга хэмжээнээс 76 тэрбум идэж “түрүү” аваад, Бат-Үүл миний бие 33 тэрбум төгрөгөөр “үзүүрлэж” байх юм. АСЕМ-ийн хэрэгт миний хүү Чулуудай хөөрхий бас холбогдчихож! Нийтдээ АСЕМ-ийн арга хэмжээний 120 тэрбум төгрөгийг бидний бүлэг хүмүүс “шаачихаж” гэнэ.
Тэгэхээр Ази, Европын Ерөнхийлөгчид, Ерөнхий сайд нар, тэр бүү хэл нутагт нь террорист халдлага болчихоод байхад ач холбогдол өгч нисэж ирсэн Францын гадаад хэргийн сайд зэрэг эрхмүүд, Сайханбилэг тэргүүтэй Монголын бүлэг “луйварчид”-тай найрлачихаад яваад өгсөн болж таарч байх шив дээ?! Тэгээд, жишээ нь, Меркель авхай ус ууж, гадил идэж, гадаа хоноглоод буцсан болж таарлаа, арга хэжээний мөнгийг нь шаачихсан юм чинь?!
Ямар сүнсгүй, ямар цайрчихсан гүтгэлэг вэ дээ! Ядахдаа Монголынхоо нэрийг бодвол нүүр битгий хэл бөгс улаймаар юм.
Ардчиллын ачаар, монголчууд түүхэндээ анх удаа буруу ч бай, зөв ч бай, алдаатай ч бай, оноотой ч бай өөрсдөө төр засгаа сонгон байгуулдаг болсон байна. Ард түмнээсээ сонгогдож, зөвхөн өөрийн ард түмнээс айхаас өөр дарамтгүй болсон Монголын төр гадны хэнээс ч зөвшөөрөл эрэхгүйгээр гадаад бодлогоо явуулах болсон. Тэгээд 800 жилийн хойно ахин Европ, Азийн “ноёд”-ыг цуглуулан “Их хуралдай” буюу АСЕМ-ийн чуулганыг зохион байгуулсан билээ.
Би АСЕМ-ийг зохион байгуулах ажилд оролцож байснаараа маш их бахархдаг!
Улаанбаатар хотынхоо гудамж, замыг засаж цэмбийлгээд янзтай болгосон. Ирсэн зочид манай хотын цэвэр цэмцгэрийг магтсан гэсэн. Жаргалантын аман дахь “Чингисийн хүрээ” цогцолборт болсон хүндэтгэлийн арга хэмжээний бэлтгэл хангах ажлыг би ерөнхийлөн удирдаж зохион байгуулсан. Олон орны зочдод, монголчууд ямар гайхалтай ахуй болон соёлын өвтэй болохыг харуулах гэж байдгаараа хичээсэн.
Харамсалтай нь, би сонгуульд ялагдчихаад ажлаа өгчихсөн тул тэр сайхан арга хэмжээндээ биеэр оролцож чадаагүй. Харин салхи борооноос болоод паакталчих вий дээ хэмээн сэтгэл зовнин, хөдөө гэртээ телевизээр үзээд хавчиганаж суусан. Гэтэл, өвөг дээдсийн сүнс тэнгэрээс тушаасан юмуу, хүндэтгэлийн арга хэмжээгээ сайхан явуулаарай гэсэн шиг хангай дэлхий маань энхрий сайхан аашилсан даа.
Хүндэтгэлийн арга хэмжээ супер болсныг Европын томчуул амаа олохгүй магтаж байсан. Надаас дөнгөж ажлаа хүлээж аваад байсан Батболд аз хийморь, цог золбоотой байлаа!
Би телевиз үзэн хавчиганаж суухдаа, энэ гайхамшигт мөчийг үзэж чадаагүй аавыгаа, С.Зоригийг, МоАХ-ын партизанууд, тайван хувьсгалын үүдийг нээсэн Ж.Батмөнх гуайг, Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид гуайг, “улс шиг улс” болохсон гэж санааширч явсан Намсрай гуайг, бүр цаашлаад Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Бодоо, Данзан, Сүхбаатар, Орост цаазлуулсан Ерөнхий сайд Амар гээд олон эх орончдын тухай бодоод хоолой зангирч суусан. АСЕМ-ийн арга хэмжээг зохион байгуулах эрхийг олж, АСЕМ-ийг тал нутагтаа авчирсан Элбэгдорждоо талархаж байлаа.
Би одоо АСЕМ-ийн арга хэмжээний бичлэгийг бүгдийг нь олж авах санаатай. Түүнийг цуглуулж эмхтгээд ач, зээ нартаа дурсгал болгож өгнө өө! Тэд маань, өвөөгөөрөө бахархаж үр хүүхдүүддээ өвлүүлэх учиртай.
Би 1988 онд дарангуйллын эсрэг тэмцэх нууц бүлгэмийг Цогтсайхан, Амарсанаа, Насанбөх зэрэг хэсэг нөхдийнхөө хамт байгуулан тэмцээд, Нийгмийг Аюулаас хамгаалах яаманд баригдан очиж, тасгийн даргад нь “цаазаар авахуулах ялтай хэрэгтэн” хэмээн зануулснаас хойш гучин жил, монголчуудынхаа эрх чөлөөний төлөө үзэлцэхдээ элдвээр гүтгүүлэн доромжлуулаад сайн нэрийг дуулаагүй юм. Надыг гүтгэн тохоосон нүглүүд нь ад зэтгэрт ч ахдахаар байлаа. Би “ноход хуцавч тэмээн жин явдгаараа явна” хэмээн өөрийгөө тайвшруулан олон гүтгэлгийг тэвчин мунхаглаж ирсэн.
Одоо АСЕМ-ийн гүтгэлэг дээр яавч тэгэхгүй! Хөлөө хүрэх газар хүртэл заргалдана. Заргалдаад зогсохгүй заавал хариу хариуцлага нэхнэ. Гүтгэгчдийг өршөөхгүй. АСЕМ-ийн гүтгэгчдийн цаана Монголын нэр төрийг унагах гэсэн бүлэг “хулхи монгол” нуугдаж байгаа. Тэднийг илчилнэ. Илчлээд ч зогсохгүй дээ!
Ингэх нь миний үүрэг. Учир юу гэвэл АСЕМ бол улсаа улс шиг улс болгохын төлөө хийсэн 90 оны хувьсгалын нэр төрийн баяр байсан юм. Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлөгдөөд жинхэнээсээ бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улс болсныг гэрчилсэн баяр байсан юм. Жинхэнэ монголчуудын баяр. Гаднын гар хөл болсоор ирсэн хулхи монголчуудыг ялж дийлсний баяр байсан юм. Түүнийгээ Бат-Эрдэнэ мэтийн түүхээ мэддэггүй хулхи монгол “чацага”-аар гутаалгахгүй ээ!
Э.БАТ-ҮҮЛ