Зүүн Германы тамирчид 1968-1988 оны хооронд зуны болон өвлийн олимпоос 500 гаруй медаль хүртсэн байдаг. Гэвч эдгээр медаль тамирчдад ямар их төлбөр дагуулж ирж байгааг тамирчид тухайн үедээ мэдээгүй нь харамсалтай. Учир нь зүүн Германы удирдлагууд олимпийн медаль хүртэхийн тулд тамирчиддаа допинг /стеройд/ хэрэглүүлж байсан нь сүүлд ил болсон. Олон төрлийн найрлагатай витамин гэж хэлээд өглөө бүр дасгалжуулагчдынх нь өгдөг байсан цэнхэр өнгөтэй бэлдмэлээс болж зүүн Германы олон тамирчид дараа нь эрүүл мэндээрээ хохирсон билээ.
Ингэж хохирсон тамирчдын том төлөөлөл нь хөнгөн атлетикийн тамирчин асан Хайди Крейгэр. Тэрээр 14 настайгаасаа өсвөрийн хөнгөн атлетикын тусгай сургуульд хичээллэх болжээ. 16 наснаасаа эхлэн тогтмол хэрэглэж байсан стеройдын нөлөөгөөр Хайди байгалийн хүйсээ өөрчлөхөд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл допингийн нөлөөгөөр тэрээр аажмаар эмэгтэйлэг байдлаа алдаж, хоолой нь бүдүүрэн үс сахал урган эр шинжтэй болсоор 11 жилийн дараа гэхэд хүйсээ солиулахаас аргагүйд хүрсэн байна. Ингээд тэрээр хагалгаа хийлгэн Хайди биш Андреас Крейгэр болжээ. Допингийн балаг үүгээр ч зогсоогүй бөгөөд тэрээр эрүүл мэндийн хувьд маш их асуудалтай болж үлджээ. Түүний нуруу, хөлийн булчингууд нь одоо ч маш их өвддөг аж. 1990 он гэхэд булчин шөрмөс, сээр нурууны өвчлөлөөс болоод түүний тамирчны карьер бүрэн дууссан юм. Одоо хөл болоод нуруундаа хүнд ачаалал авч чаддаггүй бөгөөд маш бага хэмжээний ачаалал өгөхийг эмч нар анхааруулсан байна.
2000 оны 05 дугаар сард Крейгэр зүүн Германы хөнгөн атлетикийн 140 орчим бусад тамирчидтай хамтран Манфред Эвалд, Манфред Хоппнер гэх хоёр эмчийн эсрэг шүүхэдсэн байдаг. Тэрээр, би өөрийн хүйс, биедээ дуртай байсан. Андреас болох шийдвэр бол дараагийн хийхээс аргагүй алхам байсан. Та нар Хайдиг алсан. Хамгийн аймаар нь надад сонголт хийх боломж байгаагүй, миний өмнөөс миний хувь заяаг шийдсэн гэж хэлжээ. Крейгэртэй адил булчин шөрмөс, нурууны өвчтэй болсон, ургийн гажигтай хүүхэд төрүүлсэн, үргүйдэлтэй болсон гэх мэд олон хохирогчид шүүхэд цугласан байжээ.
2002 онд тэрээр одоогийн эхнэр усанд сэлэлтийн тамирчин асан Ute Kraus-тай гэрлэсэн байна. Тэрээр эхнэртэйгээ шүүх хурлын үеэр танилцжээ. Эрүүл мэндийн шалтгаанаас болж 1989 онд спортоо орхисноос хойш саармаг хүйстэй, юу ч хийх чадваргүй болсон тэрээр маш хүнд байдалд байсан гэдэг. Хүйсээ солиулах боломтой гэдэг мэдээ миний амьдралыг нэг тийш нь болгох боломж байсан. Үүний тулд би 3 жил бэлдсэн гэж Андреас хэлсэн юм. Хүйсээ солиулах энэ шийдвэр нь түүний ээж болон 3 дүүд нь огт таалагдаагүй бөгөөд өдгөө тэдэнтэйгээ ямар ч холбоогүй амьдардаг болжээ.
Одоо тэрээр Германы Допингийн эсрэг агентлагт ажилладаг байна.