2019 оны улсын төсөвт хориг тавихыг АН-ын бүлэг уриалав

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2018.11.05/ ээлжит хуралдаанаар УИХ, Засгийн газарт өгсөн шаардлагын талаар болон бусад цагийн үеийн асуудлаар хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ, байнгын хорооны хуралд хугацаагүйгээр оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 05-аас хойшхи хугацаанд уг тавьсан шаардлагаас тодорхой ахицтай зүйл огт харагдахгүй байгаа. Тиймээс ирэх долоо хоногоос улс төрийн дараагийн тэмцэл рүү орох зайлшгүй шаардлага үүсч болзошгүй байна гэдгийг бүлгийн дарга мэдээллийн эхэнд онцоллоо.

Д.Эрдэнэбат:Хэрвээ бидний тавьсан шаардлага биелэгдэхгүй бол дараа дараагийнхаа улс төрийн тэмцэлд орно

Цаашдаа ЖДҮХС-тай холбоотой Засгийн газрын зохион байгуулалттай хийсэн энэ асуудлыг нэг тийш нь болгохгүй бол бид дараагийн алхам руу хүссэн, хүсээгүй орно. Засгийн газар сайд нар болоод УИХ-ын гишүүдтэйгээ зохион байгуулалттайгаар үйлдвэр эрхлэгчдэд очих ёстой байсан ЖДҮХС-ийн мөнгийг хуйвалдан авсан гэдэг нь нэгэнт нийгэмд ойлгомжтой болсон. Ийм үйл явдал УИХ болоод Засгийн газрын түүхэнд гарч байгаагүй. Тиймээс Ардчилсан намын бүлгийн шаардлага хэвээрээ байгаа. Зохион байгуулалттайгаар зээл авсан сайд нар, УИХ-ын гишүүдтэй зайлшгүй хариуцлага тооцох ёстой. Хариуцлага тооцсоны дараа бид хуралдаандаа оролцоно гэсэн байр суурь хэвээрээ байгаа.

2019 оны төсөв УИХ-ын гишүүдийн олонхийг оролцоогүй батлагдсан

Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын бүлэг хуралдаанд оролцоогүй үед эрх баригчид 2019 оны төсвийг баталсан. 2019 оны төсөв батлагдахдаа УИХ-ын гишүүдийн олонхийн оролцоогүйгээр батлагдсан. Эрх баригчид Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, сахилга хариуцлагыг хангаж энэ намрын чуулганд ажиллана гэсэн амлалтаасаа дахиад буцсан. Зарим байхгүй гишүүдийн кнопыг дарсан. Өөрөөр хэлбэл, 2019 оны төсөв олонхийн оролцоогүй батлагдсан гэдэг нь хурлын процесс өөрөө нотолж байгаа. 2019 оны төсвийн талаар Ардчилсан нам байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Ерөнхийлөгчид 2019 оны төсөвт хориг тавиач гэдэг уриалга гаргаж байна

Ерөнхийлөгчид 2019 оны төсөвт хориг тавиач гэдэг уриалга гаргаж байгаа. Маш өндөр зардалтай, эрсдэлтэй төсвийг бид дэмжих ямар ч боломж байхгүй. Хэрвээ Ерөнхийлөгч хориг тавих юм бол бид дэмжих болно гэсэн байр суурьтай байгаа.

Нийгэмд үүсээд байгаа өөр нэг бухимдлын нэг нь шатахууны үнэ сүүлийн үед огцом өссөн асуудал. Нийтлэг хэрэгцээний шатахууны үнийн өсөлтийн тухайд ард түмний байр суурьтай Ардчилсан намын бүлэг нэгдмэл байгаа. Хэрвээ бидний тавьсан шаардлага биелэгдэхгүй бол дараа дараагийнхаа улс төрийн тэмцэлд орно.

З.Нарантуяа: 2019 оны төсвөөс 370 гаруй зураг төсөлгүй барилга байгууламжийг хасах хэрэгтэй

2019 оны төсвийн тухай нэмж тодотгох хэд  хэдэн зүйл байна. Нэг их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн байхад зарлагаа танахын оронд хасах 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байгаа нь туйлын буруу төсвийн бодлого. Зөрүү 1.9 их наяд төгрөгийнхөө санхүүжилтийг гадаадын зээлээр буюу өрөөр 1.3 тэрбум гадаад зээлийн их үүсвэрээс санхүүжүүлэх гэж буй нь яасан байж болохгүй  Монгол төрийн бодлого. Тиймээс Ерөнхийлөгч 2019 оны төсөв хориг тавих байх. Хоригийн хүрээнд 2019 оны төсвөөс 370 гаруй зураг төсөлгүй барилга байгууламжийг хасах хэрэгтэй. Засгийн газрын дотоод хэрэглээ гээд 270 гаруй тэрбум төгрөгийн хэмнэж болох зардлыг хасах зэрэг тодорхой саналуудыг хэлж байгаа. 700 гаруй тэрбум төгрөгөөр халамж, тэтгэврийн сангаа нэмэгдүүлж байгаа. Гэтэл нөгөө талдаа ажлын байрыг, бодит үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаа санхүүжилт байхгүй. 47 тэрбум төгрөгийг нэлээн хэл ам болж байж тавих гээд сууж байна. Өнөөдөр төрөөс ажлын байр, өрхийн бодит амьдралыг дэмжиж зарцуулах гэж байгаа мөнгөний зарцуулж байгаа систем тогтолцоо тэнд ажиллаж байгаа хүмүүсийн байдал ямар байгаа та бүхэн мэдэж байгаа. ЖДҮХС-тай холбоотой хөдөлмөр эрхлэлтийг, тариалан эрхлэлтийг, хөдөө аж ахуйг дэмжих, батлан даалтыг сан гээд маш олон төрлийн сангуудаар иргэдийг ажлын байртай болгох ёстой. Гэтэл “134600 хүнд халамж тараагаад амьдралыг нь сайжруулчихна” гээд  яриад сууж байгаа Засгийн газартай байж болохгүй. Эдгээр олон сангийн зардлыг үр ашигтай байлгахын төлөө мөнгийг тараадаг тогтолцоог нь шинэчлэх хэрэгтэй.

Ж.Батзандан: Хэдхэн компанийн монополийг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ Засгийн газрын том алдаа

Иргэд яг одоо ордныг тойроод шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж жагсаал, цуглаан хийж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар шатахууны үнийг чөлөөт зах зээлийн эдийн засагт нь даатгаж орхилоо, бид оролцохгүй гэдэг мэдэгдэл хийсэн. Энэ цаг үеэс эхэлж шатахууны үнэ эрс нэмэгдсэн. Бүх зүйлийг чөлөөт зах зээлийн эдийн засагт даатгахаар иргэд л хохирдог. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхий сайд бензиний үнийн эсрэг хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэж байна. Польш, Унгар, Солонгос, Япон гээд бараг бүх улсад шатахууны үнийг хатуу барина. Төрийн оролцоо, төрийн хяналтыг тогтооно гэдгээ мэдэгдэж байна. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд шатахууны үнийг бид барихгүй, экспортлогч компаниудад нь даатгаж байна. Зах зээл нь зохицуулна биз гэдэг мэдэгдэл хийж байна. Энэ бол либерал эдийн засгийн гажуудал Монгол Улсад бий болж байна гэж харж байна. Шатахуун экспортлогч хэдхэн компанийн монополийг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ Засгийн газрын том алдаа. Хуйвалдааны замаар шатахууны үнийг өсгөж байна. Суурь үнэ өсөхөөр бусад бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг. Тиймээс ч эцсийн дүндээ иргэд л хохирч, ядуурал нэмэгддэг. Үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн нуруунд ачааны хүнд буудаг. Энэ завхарсан бодлогоо засахыг Засгийн газраас шаардаж байна. Шатахууны үнийг сул тавьж байгаа Засгийн газрын бодлогыг бид эрс эсэргүүцэж байна. Ардчилсан намын Засгийн газрын үед буюу 2012-2016 онд шатахууны үнийг хатуу барьдаг байсан. Гэтэл шатахууны үнэ одоо 2000 гараад явж байна. Цаашдаа 20.000 хүртэл юу болох юм. Засгийн газар бодлогоо өөрчлөхгүй бол ард түмнийг хэн хамгаалах юм бэ. Төр нь ард түмнийг хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм гэдгийг У.Хүрэлсүхийн Засгийн газраас асуумаар байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...