Нийслэл, дүүргийн удирдлагууд төсвийн 3.7 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ

Үндэсний аудитын газар болон Нийслэл дэх Төрийн аудитын газрынхан нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит 164 газарт гүйцэтгэлийн аудит хийжээ. Энэ талаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн дарга Б.Мөнх-Очир, тус хэлтсийн ахлах аудитор Л.Саранбаатар, С.Зоригт, Тамгын хэлтсийн дарга Ч.Цагаанхүү нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын нэг албан хаагчид 17 иргэн ногддог. УБ хотод нэг төрийн албан хаагчид 399 хүн ногдож, улсын дунджаасаа 23 дахин их байна. Үүний шалтгаан нь мэдээж хөдөөгийн хүн ам, засаг захиргааны нэгжээсээ тархуу байрладгаас гадна Улаанбаатарт хүн амын төвлөрөл үүссэнтэй холбоотой.

Нийслэлийн төвийн зургаан дүүргээс Баянзүрх дүүрэгт төрийн албан хаагчийн ачаалал хамгийн өндөр байгаа бол Сүхбаатар дүүрэгт ачаалал бага. Төвийн зургаан дүүргийн ачаалал алслагдсан гурван дүүргийн ачааллаас 6.6 дахин өндөр байна.

2017 оны судалгаагаар нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудад нийт 12 мянга 415 ажилтан ажиллажээ. Үүнээс 3751 буюу 30.2 хувь нь төсвийн байгууллагад, 8664 нь буюу 69.8 хувь нь орон нутгийн өмчит газруудад ажилладаг албан хаагч. Нийт ажилтны орон тоо 2016 онд 2015 оноос 1094 буюу 9.9 хувиар, 2017 онд өмнөх оноос 621 буюу 5.2 хувиар өссөн болохыг Нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн дарга Б.Мөнх-Очир онцоллоо.

Харин 2012-2014 онд нийслэл, дүүргийн төрийн захиргааны бүтцийн нэгжүүдийн тоо 118 хувиар буюу 36.8 хувиар, төрийн албанд ажиллагсдын тоо 1293 хүнээр буюу 34.4 хувиар нэмэгджээ. 2015-2017 онд нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газрууд орон тооны хязгаарыг 61 байгууллагад 1927-оор хэмнэж, 14 байгууллагад 227-оор хэтрүүлсэн байна.

Аудитаар илэрсэн зөрчлүүдээс:

-Дүүргүүдэд нийт есөн орлогч байх ёстой байтал 14-өөр нэмэгдүүлж 23 болгосон.

-Засгийн газрын 2016 оны дөрөвдүгээр тогтоолоор Засгийн газрын агентлагийн орон тоо нь 100-аас дээш ажилтантай бол дэд буюу орлогч дарга нэг, 100-аас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байхаар баталсан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга үүнийг жишиг болгон баримтлаагүйгээс хэрэгжүүлэгч агентлагуудад дэд буюу орлогч дарга 18-аар илүү байна.

-2015-2017 онд томилогдсон 1369 ажилтан, албан хаагчдыг аудитын түүвэрт хамруулан шалгахад 306 буюу 22.3 хувь буюу хууль тогтоомжийн болон холбогдох шаардлагыг хангаагүй байна.

-Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газраас 2014 оны тавдугаар сард Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147, УИХ-ын 2016 оны есдүгээр сард Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 47 дугаар тогтоолуудыг зөрчин 2015-2017 оны төсвийн 3 тэрбум 737 сая 600 мянган төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ.

Цаашид аудитын зөвлөмжийг хэрэгжүүлснээр дээрх алдаа зөрчлүүд арилахаас гадна жилд дунджаар төсвийн нэг тэрбум гурван сая 600 мянган төгрөг хэмнэх боломжтой гэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...