Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн үр тарианы зарим аж ахуйн нэгжийн ургац хураалттай танилцаж, тэдгээрийн удирдлага, хөдөө ахуйн мэргэжилтнүүд, тариаланчид, ногоочдын төлөөлөлтэй уулзан Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар ойрын хугацаанд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шийдвэрийн талаар танилцуулж тэдний санал хүсэлтийг сонслоо.
Томилолтоос буцах замдаа Ерөнхий сайд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны “Түмэн сүйх” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцаж, Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо болон хүлэмжийн ногоочдын төлөөлөлтэй уулзаж ярилцав.
Манай улс нарийн ногоо, жимс жимсгэнийнхээ 90 хувийг импортоор авдаг. Жилд 20 га-д тариалалт эрхлэх хэмжээнд очвол нарийн ногооны хэрэгцээнийхээ 70 хувийг хангах боломжтой гэдгийг тус холбооныхон танилцууллаа.
Мөн энэ хэрэгцээгээ дотооддоо тарьж ургуулах, жилийн дөрвөн улирлын туршид хүлэмжийн аж ахуй эрхлэхэд цахилгаан, эрчим хүч их шаардлагатай байдаг. Тиймээс цахилгаан, дулааны үнийн хөнгөлөлт олгох, олон улсын төсөл, хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлтийг ногоочид Ерөнхий сайдад хэлж байлаа.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын газар тариалангийн бүс нутагт ажилласан томилолттой холбогдуулан шийдвэр гаргасан бөгөөд хүлэмжийн аж ахуйн хэрэглээний эрчим хүчийг өвлийн улирлын шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.