Тэртээ цайран харагдах мөнх цаст Сутай хайрхан, алсад зэрэглээтэх нүцгэн хөх уулс, халуун наранд шарагдаж халсан бор шаргал элснээс өөр ханьгүй шахуу Шаргын говь. Говийн нар залхуутайяа халуунаар төөнөсөөр үдийн алдад амьсгалахын аргагүй болох тэр үеэс алсад цайран харагдах Сутай хайрханы зүг сэтгэлээ сэрүүцүүлэх гэсэн горьдлогын харц бэлчээх хүмүүс олшров.
Цас, борооны алинд ч туулах чадвар сайтайд тооцогддог фургон машины ремен Шаргын говийн аяыг даалгүй тасарснаар бид хэсэгтээ саатах шалтгаантай болсон нь энэ юм.
“Говь гэмээнэ говь билээ
Говь заримдаа
Улайссан тогоо шиг ууршин байдаг” гэж Б.Явуухулан шүлэглэсэн нь яах аргагүй үнэн ажээ. Бидний хэсэг нөхөд Шаргын говийг гатлах гэж ийнхүү өдөржин бэдэрсэн шалтгаан нь эрдэс баялаг дагасан эрэл хайгуул хийх бус харин эх орныхоо торгон хил дээр энхийн манаанд зогсоо, зогсож байсан үе үеийн эрэлхэг хилчдийнхээ алдар түүхийг нэхэн сурвалжлахаар Хил хамгаалахын ерөнхий газрын харъяа “Хилчин” студи болон хэсэг сэтгүүлчдийн хамт яваа нь энэ. Чухамдаа ийм л чухал даалгавар өвөртөлсөн болохоор товолсон цагаасаа бага боловч урьтаж очихоор Шаргын говийг гатлах хэцүүхэн шийдвэр гаргасан юм.
“Шаргын говийг фургонтой туулна гэж үү” гэж зориг муутайхан асуухад Хилчин студийн эрхлэгч, дэд хурандаа Г.Чинзориг “Санаа зоволтгүй ээ. Бид бурхан жолоочтой яваа шүү дээ” гэж жолооны хүрд сурамгай гэгч мушгих хөрслөг бор ахыг заав. Дэд хурандаагийн хэлсэн үг үнэхээр үнэн аж. Ахлах ахлагч Г.Ганзориг олон жилийн өмнө энэ замаар нэг л удаа явсан гэх. Тэгсэн атлаа сансрын зураг ашиглалгүйгээр өдөр, шөнийн алинд ч замаа төвөггүй олох нь гайхалтай. Улаанбаатар хотоос эртлэн хөтөлсөн бид хоёр өдөр давхисны эцэст зорьсон газартаа буюу Ховд аймгийн Үенч суман дахь Хилийн 0130 дугаар ангид хүрэв. Үе үеийн ахмад хилчдийн амнаас бахархалтай аргагүй сонсогддог Байтаг богд буюу баруун хилийн тулгаралт болсон түүхэн газар эндээс хэдэн зуухан километрийн цаана бий. Тэндээс л бидний аялал бүрэн утгаараа эхлэх учиртай. Аялалын турш дөрөө харшсан “Хилчин” студийнхэн хилчдийн тухай тэр дундаа Монгол Улсын баатар Б.Бадамын талаарх анхны хөрөг нэвтрүүлгийг хийх даалгавартай. Эл даалгаврын ачаар Ховд аймагт хөл тавьсан тэмдэглэлээ хүргэе.
Баатарлаг хилчдээ мөнхөлсөн хилчдэдээ баярлалаа
Монголчууд бид хүү төрвөл “Хил мануулах хүүтэй боллоо” гэж эртнээс билэгшээж ирсэн ард түмэн. Тиймдээ ч эх орныхоо дархан хилийг бүрэн бүтэн байлгахын төлөө халуун амь, бүлээн цусаа өргөсөн баатарлаг хилчдийнхээ түүхийг үеийн үед дуурсаж, тэднээр бахархаж, омогшиж ирсэн билээ. Тэр дундаа одоогоос 70 жилийн тэртээ болсон Байтаг богд буюу баруун хилийн тулгаралтыг дуулаагүй, сонсоогүй хүн гэж нэгээхэн ч үгүй биз ээ.
Байтаг богд хэмээх түүхэн газар нь Ховд аймгийн Булган сумаас урагш 100 гаруй километрийн зайд байрлах ажээ. Очих зам бартаа саад ихтэй учир баргийн машин туулах аргагүй. Тиймээс орос ах нарын брэнд бүтээгдэхүүн болох Паз автобус хөлөглөн замдаа гарсан юм. Замд харгана, заг ихээр ургасан байх агаад чонын элэг сагсайтал ургасан бут олон харагдсан. Тэнгэрт дүүлэн нисэх шувуу байтугай ойр орчим амьд амьтан бий болов уу гэж бодогдохоор. Гэтэл алсад хөхрөн харагдах сүрлэг уулс, говь, хээр хосолсон цэлгэр уудам хөндийд араатан, жигүүртэн олон бий гэх. Байтаг богд хүрэх замд байгалийн өвөрмөц тогтоцтой. Чулуу нь хүрмэн саарал өнгөтэй агаад зарим газартаа нүүрс шиг тас хар.
Тэгсэн хэрнээ хэр баргийн бяцрахгүй нь сонирхол татахаар. Сураг дуулах нь ээ, Уушгийн хөндийг археологчид хамгийн их таашаадаг гэх юм билээ. Учир нь тэндэхийн чулуу нь нарны гялбаанд яг л эрдэнэсийн чулуу шиг солонгорч харагддаг. Улаан, цэнхэр, ногоон, ягаан өнгөөр солонгорох уг чулуу гэрэл багатай үед хар сааралдуу өнгөтэй. Тиймээс л мэргэжилтнүүдийн анхаарлыг татдаг гэсэн. Сумын төвөөс 12.00 цагийн алдад хөдөлсөн бид 18.00 цагийн үед зорьсон газартаа хүрэхэд тэнгэр бүрхэж, салхи хүчтэй салхилж байв. 70 жилийн өмнө тулгаралт болсон уг уулын оргил нь 3400 метр өндөр болоод тэр үү, бусад уулнаас илүү сүрлэг агаад хад асга ихтэй юм шиг санагдсан. Бүдүүн харгайт, Нарийн, Хужирт зэрэг гол урсахаас гадна шинэсэн төгөлтэй. Монгол орны баруун урд хил дээр орших энэ ууланд 1947-1948 онд хил зөрчигчидтэй хийсэн томоохон тулаан болсныг түүхэнд Байтаг богдын тулгаралт хэмээн тэмдэглэсэн байдаг.
Харин түүх судлаачид болон үе үеийн хилчид “Энэ бол тулгаралт биш харин дайн байсан юм” гашуунаар дурсах нь бий. Тухайн үеийн нөхцөл байдлыг ээж, аавынхаа амнаас сонссон настан буурай болон тулгаралт болсон газар дээр өөрийн биеэр очиж үзээд “Үнэхээр л дайн болж дээ” гэсэн бодол цээж рүү хатгасан юм. Уулын бэлд гурван хэсэг газрыг ухаж, хад асгаар тойруулан хороо барьсан нь хуучнаараа хадгалагдан үлджээ. Хилчид уг хороонд агт морио хашихын дээр өөрсдөө хоноглодог байсан гэх. Он цагийн эрхэнд хад асга элэгдсэн ч гэлээ түүхийн ул мөрийг илтгэх чухал гэрч учраас гар хүрч зүрхлэлгүй өдийг хүргэжээ. Тэндээс цааш уулын орой хүртэл 247 шаттай
Орой хүрэхээс наахантай Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж баатар буюу гурван баатрын тулалдаж буйг хөшөөн дээр алтан шаргал цутгамлаар дүрсэлсэн байх агаад наахантай нь улаан таван хошуу, тулга байрлуулжээ. Дээрх бүтээн байгуулалтыг босгоход Хил хамгаалахын ерөнхий газар болон Хилийн 0130 дугаар ангийн хамт олон санаачилга гаргасан учир Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 50 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Хэний ч нүдээр харсан гурван баатарт зориулсан дурсгалын хөшөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн гэлтэй. Гэтэл тийм биш ажээ.
Учир нь Хилийн 0130 дугаар ангийн 70 гаруй алба хаагчид өнгөрсөн зургадугаар сарын 25-наас цаг наргүй ажилласан бөгөөд ингэхдээ зураг төслөө өөрсдөө гаргаж, гурван баатарт зориулсан хөшөөг өөрсдөө урлажээ. Ингэж төсөв мөнгө хэмнэж, өөрсдийн нөөц боломжийг ашиглаж чадсаны хүчинд эдүгээ гурван баатар хийгээд Байтаг богдын гэх тодотголтой газрыг түүх дурсгалын цогцолборт газрын хэмжээнд тохижуулж чадсан байна. Дээрх хөшөөний эсрэг талд эл гурван баатарын гэгээн дурсгалд зориулж нэлээд олон жилийн өмнө босгосон гэрэлт хөшөө байх аж. Үүнээс цааш явбал гантиг чулуун хөшөөн дээр арван баатарын нэрийг сийлж “1948 оны долдугаар сарын 8-нд гоминданы дээрэмчдийн довтолгооны эсрэг амь биеэ хайрлалгүй баатарлагаар тулалдаж мөнхийн гавъяа байгуулсан эрэлхэг хилчдийн гэгээн дурсгалд зориулав. 1988.09.17” хэмээн бичсэн дурсгалын хөшөө бий. Уг хөшөө сүндэрлэн байх уулын оройгоос урагш жаахан уруудахад гурван баатар гоминдааны дээрэмчдийн эсрэг тулалдаж, улмаар өөрсдийгөө дэлбэлсэн шовгор орой байх аж.
Уг газарт хад асгаар бэхлэлт босгосон байх агаад дэлбэрэлт болсныг илтгэх ул мөр цөөнгүй харагдсан. Яг эндээс л гоминдааны дээрэмчид уруудаж орж ирсэн Бүдүүн харгайтын гол гарын алган дээр тавьсан юм шиг илхэн харагддаг юм билээ. Өөрөөр хэлбэл, гоминдааны 120 дээрэмчний эсрэг Монгол Улсын 10-хан хилчин ашигтай байрлал эзэлж тулалдсан тулдаа л хилээ хамгаалж чадсан байх даа гэсэн бодол эрхгүй төрсөн юм. Байтаг богдын тулгаралтын талаар дотроо ийнхүү төсөөлж байх зуур сэтгэл эгшээсэн нэгэн зүйл болсон нь Халхын голын чөлөөлөх дайн болон баруун хилийн тулгаралтад оролцож явсан Магнай гуай түүхэн газар хүрэлцэн ирсэн явдал юм. Хэдийгээр нас сүүдэр 100 дөхөж яваа ч сэтгэл, дурсамжийн хүчээр Байтаг богдын орой хүртэлх 247 шат өөд өөрөө гарахыг хүссэн. Гэвч хилчин залуус үүнийг зөвшөөрөлгүй уулын орой дээр үүрч гарах тэр мөчид өвөө нулимсаа арчиж харагдсан.
Энгэрээрээ дүүрэн одон зүүсэн Магнай гуай нулимстай харц, чичирсэн гараараа 10 баатрын нэрийг нэг илж арчаад уртаа гэгчийн санаа алдсан. Түүнээс тухайн цаг үеийн нөхцөл байдлыг тодруулахыг хүссэн боловч сэтгэл санааг нь тавьгүйтэх болов уу гэж эмээн хэсэгтээ хойш тавив. Харин Хилийн 0130 дугаар ангийн захирагч, дэд хурандаа О.Азхүү “Би чамд түүхийг нь ярьж өгье. Гэхдээ чи сийрүүлж оруулаарай. Замбараагүй ярьж магадгүй шүү” гэж хэлээд Байтаг богдын түүхийг ярьж өгөв. Түүхэнд тэмдэглэснээр “1948 оны долдугаар сарын 8-ны өдөр Бүдүүн харгайтын голын эх дагаж 120 гоминдаан орж ирсэн байна. Тухайн үед улс төрийн орлогч, ахлах дэслэгч Хаянхярваагаар удирдуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй хилчид хилийн манаа гүйцэтгэх даалгаврыг заставын дарга Мадригаас авч. Даалгавар гүйцэтгэх үеэр Бүдүүн харгайтын эхээр дөрвөн миномат, 10 орчим хүнд, хөнгөн пулемёт хүн тус бүр америк винтов буугаар зэвсэглэсэн гоминдааны 120 орчим цэрэг орж ирсэнийг ажиглалтаар мэдэж.
Тэдгээр дээрэмчдийн гол зорилго нь Мэргэн ууланд болсон тулгаралтын үеэр амиа алдсан Османы 22 цэргийн өшөөг авах, Дамжигийн усан дахь заставыг эзлэх, зэр зэвсэг, амьд хэл олзлох зорилготой байжээ. Гоминдааны цэргийг харсан ахлах дэслэгч Г.Хаянхярваа байлдагч Ч.Пэлжээг Дамжигийн усан дахь заставт хэл хүргүүлэхээр Б.Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулж явуулсан байна. Байлдагч Ч.Пэлжээг яагаад явуулсан бэ гэхээр айлын ганц хүүгийн амийг аврах ёстой гэсэн бичигдээгүй хуулийг дагаж мөрдсөн нь тэр бололтой юм. Ингээд Бүдүүн харгайтын голын цаад энгэрт Д.Чойжин, Х.Гончигзэвэг, Т.Баян гурвыг үлдээж, наад энгэрт нь Г.Хаянхярваа өөрөө Н.Дандархайдавтай хамт үлдсэн байна.
Харин Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж гурвыг Байтаг богд уулын өмнөх шовгор оройд хуваарилжээ. Харин З.Архадыг морио харж үлдэхийг тушаан уулын бэлд үлдээсэн байна. Гэвч З.Архад, Т.Баян нар суманд оногдож нас барсан бол Н.Дандархайдав бүслэлтэд оронгуутаа өөрийгөө буудаж хороожээ. Бүслэлтээс Г.Хаянхярваа, Д.Чойжин, Т.Баян гурав амьд үлдсэн бөгөөд ард үлдсэн гурван баатар буюу Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж гуравт туслах гэсэн боловч ашиггүй байрлалаас туслаж чадаагүй байна. Ингэж л Байтаг богдын нэргүй өндөрлөг гэгдэх шовгор оройд үлдсэн гурван баатар эцсийн сумаа дуустал дайтсаны эцэст сүүлчийн ганц гранатаараа өөрсдийг дэлбэлжээ. Тэд амь эрсдэхээсээ өмнө бууныхаа бөгсийг хаданд савж эвдсэн байна”.
Байтаг богдын тулгаралтын гашуун үнэнийг түүхэнд тэмдэглэж үлдсэн юм гэвэл ерөөс л энэ. Хэдийгээр “Маш нууц-2” кино дэлгэцэнд гарч олны хүртээл болсон хэдий ч түүхийн ул мөрийг нүдээр харахад сэтгэл эрхгүй хөдөлж, хоолой бачуурч, цээж хөндүүрлэдэг юм билээ. Тиймээс энд болсон гашуун түүхийг олонд сануулж, сургамж болгох хүрээнд аялал зуучлалын бүс болгох тал дээр Хилийн 0130 дугаар анги болон орон нутгийн зүгээс багагүй анхаарч ажиллаж байгаа юм байна. Тиймдээ ч дээр хэлсэнчлэн хашлагтай 247 шат бүхий зам, гурван баатарын хөшөө, сандал зэргийн тохижилтод 50 сая төгрөг төсөвлөсөн нь энэ. Эх орныхоо торгон хилийг бүлээн цус халуун амиараа хамгаалсан баатарлаг хилчдийнхээ гэгээн дурсгалыг мөнхжүүлэхэд нутгийн захиргаанаас цаашид ч анхаарч ажиллана гэдгээ дашрамд илэрхийлсэн.
Байтаг богдын застав ба заставын бүжиг
Ингээд бид Байтаг богдоос цааш хоёр цаг гаран давхисны эцэст Байтаг богдын заставт ирэв. Бусад заставын нэгэн адил ганц давхар барилгууд, жагсаал, буудлага, сагсны талбай гээд бараг ялгарах зүйлгүй. Харин байгалийн өвөрмөц тогтоцтой газар байрладаг болоод тэр үү, заставын дундуур урсах горхины хоржигнох чимээ, навчсын сэрчигнээн гойд анхаарал татсан юм. Хилийн цэргийнхэн ерөөс их уриалгахан, эелдэг зантай хүмүүс. Сэтгүүлчид ирсэн сургаар идээ, будаагаа ширээгээр нэг өрчихсөн “Орой бүжигтэй. Танц эргэх юм байгаа биз дээ” гээд нуг нуг хийх нь хөгжилтэй. Заставын хүүхнүүд гэж дүрлэгэр алаг нүд, жирвийсэн тод хар хөмсөгтэй. Тэд хоол унд зөөнгөө “Хотын залуус бүжиглэх байх өө” гэж дэм хайрлав.
Үнэхээр ч төд удалгүй Соёлын ордонд хөнгөн бүжгийн хөгжим хангинаж, хүүхэд багачууд хөгжилтэй нь аргагүй шуугилдах сонсогдох нь тэр. Хотоос хөдөлснөөс хойш бараг 2000 километр туулж, ядарсан ч эл чимээг сонссон бид урилга хүлээлгүй год хийн босч, бүжгийн зааланд оров. Хаалгаар орох үед хоёр талаар эгнэн суусан цэргүүд угтав. Яг л “Суварган цэнхэр уулс” кинонд гардаг бүжгийн хэсэг нүдэнд харагдах шиг болоход айх, бас ичих зэрэгцэж ухрах гэтэл “Заставын бидэнд танц эргэх боломж ховорхон олддог юм. Зугтахгүй юм байгаа биз дээ” гээд хилчин бүсгүйчүүд урив. Ингээд бүжиг эхэллээ. Тус заставт Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн цэргүүд алба хаахаар ирсэн гэнэ. Цэргүүд бүжиглэхийг, харин хилчид дуулж, хуурдана гэдгийг үзүүлж өглөө.
Г.Нацаг-Эрдэнэ
Үргэлжлэл бий