Монголын улс төрд баасан гараг нэлээд онцгой байр суурьтай гэж хэлж болмоор. Засгийн газраас авахуулаад сайд, дарга нарыг огцруулах, эсвэл томилох ажиллагаа баасан гарагт элбэг тохиодоно. Долоо хоногийн ажлын сүүлчийн өдрийг сонгож улс төрийн нүүдэл хийх нь улстөрчдөд яагаад тийм таатай байдгийг тэдний лам багш нар л мэдэх байх. Харин олон нийт улс төрийн элдэв хуйвалдаан болдог тэрхүү өдрийг “Хар баасан гараг” гэж хэдийнэ нэрлэсэн. Баасан гарагт дурлагсад зөвхөн Монголын улстөрчид биш гэдгийг нотолсон нэгэн үйл явдал өнгөрсөн баасан гарагт болов. Монгол дахь Турк сургуулийн багшийг үл таних хүмүүс гэрийнх нь гаднаас машинд хүчээр сулган авч одсон тухай шуугиан дэгдэв. Яг үүнтэй зэрэгцээд Туркээс тусгай үүргийн онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардсан нь тус сургуулийн багш, төгсөгчдөд хүн хулгайлах оролдлого юм биш биз гэсэн сэжиг төрүүлэв.
Нэлээд бужигнасны эцэст Туркийн онгоц газрын үйлчилгээ аваад Улаанбаатараас хөөрөв. Хулгайлагдсан гэх Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсэл Акчайг эсэн мэнд олдож, гэртээ харив. Хэсэг хугацааны дараа Туркийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргаж, бид хүн хулгайлах гээгүй.., Монголын эрх баригчдын энэ хандлагыг эсэргүүцэж байна.., ФЕТО террорист байгууллага нь Монголд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг, Монголын үндэсний аюулгүй байдалд заналхийлдэг бүтэц юм… гэх мэтчилэн учир авцалдаа муутай байр суурь илэрхийлэв. Болсон үйл явдал товчхондоо ийм. Гэгээн цагаан өдөр болсон энэ хэрэг явдлыг одоо Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байна. “Юу болов” гэдэг асуултын хариуг хууль хүчний байгууллага холбогдох шалгалт хийсний дараа өгнө гэсэн үг.
Зарим хүн энэ хэрэг явдал ингээд намжлаа гэж бодож байж магад. Гэвч үйл явдлын гогцоо огт тайлагдаагүй, олон асуулт хариултгүй хэвээр байна. Сургуулийн захирал, Турк улсын иргэнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт гэгээн цагаан өдрөөр хэн машинд хүчээр суулгав, энэ нь хүн хулгайлах оролдлого мөн эсэх, мөн бол энэхүү гүйцэтгэх ажиллагааг хэн зохион байгуулав, оролцов гэдгийг олон нийт мэдэх эрхтэй. Эрүүгийн цагдаагийн газрынхан холбогдох шалгалт хийсний дараа тодорхой хариулт өгөх байх. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болно гэдгээс өөрөөр манай талаас ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй, хүлээцтэй байгааг тодотгох учиртай. Эх сурвалжуудаас авсан мэдээллээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Анкарад сууж буй Элчин сайд Р.Болдыг Улаанбаатарт дууджээ.
Хэрэг явдал тодорхой болоогүй, хууль хяналтын байгууллагын албан ёсны дүгнэлт гараагүй байхад Туркийн Гадаад хэргийн яамнаас Монголын дотоод хэрэг, аюулгүй байдалд санаа зовсон, утга авцалдаа муутай мэдэгдэл яаран сандран гаргасан нь анхаарал татах үйлдэл мөн. Туркийн эрх баригчид өмнө нь Казахстан, Косово зэрэг улсаас хүн хулгайлсан тухай мэдээлэл дэлхий дахинд нэгэнт ил болсон. Яг үүнтэй адил гүйцэтгэх ажиллагааг тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулаагүй гэж Гадаад хэргийн яам нь баттай хэлж, няцааж лав чадсангүй. Террористууд танай улсад аюултай, тийм байхад Монголын эрх баригчид сонин хандлага гаргалаа гэх маягтай тунирхал гэмээр мэдэгдэл ирүүлсэн нь хачирхалтай. Хулгайч өөрөө хамгийн чангаар “Хулгайчийг бариарай” гэж хашгирдаг гэсэн хошин хэлц бий. Ардчилсан засаглалтай ямар ч улс оронд үнэн худлыг гагцхүү шүүх дэнсэлдэг алтан зарчимтай билээ.
ФЕТО гэж террорист байгууллага Монголд байдаг уу, манай үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж байгаа юу гэдэгт турк нөхөд биш Монголын тагнуул, хууль хүчний байгууллага илүү тодорхой, баталгаатай хариулт өгч чадна гэдэг нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Манай улсын тусгай албад үүрэгт ажлаа хийж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Энэ бүхний эцэст Туркийн тал ч, Монголын тал ч турк захирлыг гэгээн цагаан өдөр машинд хүчээр суулган хулгайлан авч явсан үл таних хүмүүсийг илрүүлж, зохих шийтгэлийг ногдуулах гэрийн даалгавартай үлдлээ. Хар баасан гарагийн хулгайчийг заавал бариарай.
Б.ТҮВШИНТӨГС