Хаан Тэмүүжинг угаасан Хажуу булагийн амь тасарчээ

Хэнтий аймгийн Дадал сумын нутаг буюу Онон-Балжийн байгалийн цогцолбор газарт олон түүхэн газар бий. Үзэл суртлын хүлээснээс салаагүй, хүйтэн дайны цэвдэг өдрүүдэд үргэлжилж байхад Улс төрийн товчооны гишүүн Д.Төмөр-Очир нарын үндэсний үзэлтнүүд Их эзэн Чингис хааны гэрэлт хөшөөг энэ нутагт анхлан босгосон нь санамсаргүй хэрэг биш болов уу. Хожмын өдөр тэд хилсээр шийтгүүлэн хэлмэгдсэн ч Чингис хааны анхны томоохон дурсгал болон одоо ч сүндэрлэсээр буй. Их хааны гэрэлт хөшөөний хажууханд Хажуу булаг гэж байлаа. Өнгөрсөн цаг дээр хэлэх болсон учир нь энэхүү булаг усгүй болж амь тасраад багагүй хугацаа өнгөрчээ.

Тэмүүжинг мэндэлсний дараа Хажуу булагийн усаар биеийг нь угааж ариулсан гэх домогтой. Өүлэн эхийн амтат цайг энэ л сэрүүн булгийн усаар чанадаг байсан гэх домгийг нутгийн олон одоо ч ярьдаг. Булгийг Чингисийн ус гэж хүндлэн нэрлэх тохиолдол байдаг тухай ч ном сударт өгүүлжээ. Харамсалтай нь Хажуу булаг өнөөдөр усгүй болж, амь тасарсан байна. Сумынхны хэлж байгаагаас үзвэл булгийн яг эх дээр худаг өрөмдсөнөөс усгүй болж хатжээ. Хүйтэн төмрөөр зулайгаа нэвт хатгуулж усгүй болсон булгаа хараад нутгийн зон олон буруутанд хариуцлага тооцохыг шаарддаг ч сонсдог хүн ховор нь хачирхалтай.

Нутгийнхны яриагаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэр бүлийнхэн булгийн эхийг хөндөж, өрөм тавьжээ. Энэ явдал одоогоос 3-4 жилийн өмнө болсон гэцгээж байв. Түүний гэр бүлийн мэдлийн эдлэн газар Дадал суманд байдгийг ч нутгийнхан зааж өгсөн. Хүн өмчтэй байх нь гэмт хэрэг биш л дээ. Харин Их хаантай холбоотой эртний шүтээн булгийн ус ширгэж, нүд аньсан байхад нүдэн балай, чихэн дүлий суух нь утгагүй хэрэг. Гүний худаг ухах зөвшөөрлийг аймгийн Байгаль орчны газраас өгдөг журамтай. Гэтэл Хажуу булагийн эх дээр худаг өрөмдөх зөвшөөрлийг аймгийн холбогдох газар өгөөгүй гэдгийг эх сурвалжууд хэлэв.

Н.Энхбаярын гэр бүлийнхэн дотор рашаан булгийн ус судалдаг, бас хайрлан хамгаалдаг хүмүүс байдгийг олон нийт мэдэх байх. Магадгүй судалгаа, шинжилгээний зорилгоор булгийн эхэнд газар ухсан байж ч болно. Гэхдээ зөвшөөрөл авсан уу, дураараа аашилсан уу гэдэгт олон нийт хариулт авах эрхтэй. Ялангуяа нутгийн хүмүүс Н.Энхбаяр гуайн гэр бүлийнхэн булгийн эхийг хөндсөнөөс амь тасарсан гэсэн хатуу бодол, гомдол тээж явна лээ. Энэ явдалд холбоотой бол экс Ерөнхийлөгчийн гэр бүл буруугаа шударгаар хүлээж, эс холбоотой бол хариу тайлбараа нэн даруй өгөх цаг болжээ.

Аймгийн Байгаль орчны газар, цаашлаад Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ гэмт үйлдлийг анхааралдаа авч, буруутныг олж тогтоохыг нутгийн зон олон хийгээд их түүхээ хайрладаг монгол хүн бүр шаардаасай. Салбарын сайд саяхан Хэнтий аймагт хаан Тэмүүжиний анд Боорчоор овоглосон цогцолборын шав тавиад буцсан. Хажуу булагийн хатмал газрыг нүдээр очиж үзэж яагаад болохгүй гэж. Ийм ариун дагшин, монголчуудын шүтээн болсон газарт дураараа хүйтэн төмөр хатгсан буруутан хэн ч байсан хариуцлага тооцох л учиртай. Их хааныхаа биеийг ариулсан Хажуу булагт халдсан гэмтнүүд хариуцлагаас зугтах учир байхгүй.

Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...