Насанд хүрээгүй хүүхдийн хорих, шийтгэх ялын хүндэрсэн хэлбэрийг Эрүүгийн хуулиар өөрчилж, хөнгөвчилж өгөхөөр УИХ-ын гишүүн О.Батнасан санаачлан хуулийн төсөл өргөн бариад байгаа билээ. Тэгвэл энэхүү хуулийн төсөл УИХ-ын 2018 оны 6 сарын 15-ны өдрийн хуралдаанаар дэмжигдсэн байна. Тиймээс цаашид уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Тухайлбал, өсвөр насны хүүхдүүдийн гэнэн томоогүй байдлаасаа үүдэн үйлдэж байгаа аливаа гэмт хэрэг, зөрчил нь Эрүүгийн хуулиар хүнд хэлбэрээр шийдэгдэж байгааг иргэд, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж ирсэн.
Өөрөөр хэлбэл, Хүүхдийн үйлдэж буй гэмт хэргийн ихэнх нь оюун санаанд нь нийгэмд харш үзэл бодол хэвшил болон тогтсоноос шалтгаалаагүй, харин тухайн цаг үеийн нөхцөл байдал, болж буй үзэгдлийг зөв үнэлж, түүнтэй холбогдуулж өөрийнхөө явуулж буй үйлдлийн нийгмийн хор уршгийг богино хугацаанд бүрэн гүйцэд ойлгож, үнэлэх дадлага туршлага, чадвар дутсантай холбоотой байдаг байна. Ингэж амьдралд байр сууриа олох гэж тэмтчиж явахдаа эрх зүйн зөрчил гаргаж, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүүхдийн хувийн нөхцөл байдал, гэмт хэрэгт анх удаа холбогдсон байдал, учруулсан хор хохирлын ноцтой байдал зэргийг харгалзаж үзэлгүй, гэмт хэргийн “хөнгөн”, “хүнд” гэсэн насанд хүрэгсдийн гэмт хэргийн нийтлэг ангилалд нийцүүлэн хорих ял оноож байгааг өөрчлөх эрхзүйн боломж ийнхүү бүрдэхээр болж байна.
Энэхүү хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжсэнтэй холбоотой иргэд, олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүнд хандан талархалын захидал багагүй ирж байгаа нь цаанаа нийгмийн захиалга, хүлээлт байгаа нь илэрхий юм. Тиймээс цаг үеэ олсон, хэрэгцээ шаардлага өндөр байсан энэхүү хуулийн өөрчлөлтийн төслийг цаашид УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж батлан хэрэгжүүлэх нь юу юунаас илүү ач холбогдолтой юм.