УИХ-аас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэний дагуу хуулийн төсөл, бусад дагалдах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлж, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж эхэлсэн.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачилгаар хуулийн төсөлтэй холбогдуулан төрийн болон ТББ, ААНБ-уудаас бүрдсэн, талуудын оролцоог тэгш хангасан хэлэлцүүлгийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ус сувгийн удирдах газарт байгууллаа.
Хэлэлцүүлэгт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг, ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн, судлаачид, Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, Монголын байгаль орчны иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд, Арьс шир, Уул уурхайн компаний төлөөлөл болсон 70 орчим хүн оролцлоо.
Хэлэлцүүлэгт оролцогчдын олонх нь хуулийн төслийг яаралтай батлуулан, хэрэгжүүлж эхэлбэл байгаль орчны бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ 7 хоногт ажлын хэсэг хуралдаж, ирэх 7 хоногийн УИХ-ын Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулна.