Дэлхийн түүхэнд “Хүн заан” гэж нэрлэгдэн үлдсэн Жокеф Меррикийн эмгэнэлт хувь тавиланг энд өгүүлнэ. Тэрээр 27-хон насыг наслаад хорвоогоос буцсан бөгөөд генийн гажиг өөрчлөлтийн улмаас маш хүнд амьдралыг туулсан юм. Нейрофиброматозоор өвчилсөн ийм хүн дэлхийн түүхэнд хоёрхон бичигдсэний нэг нь тэр юм.
Тэрээр уг нь эхээс эв эрүүл төрсөн бөгөөд таван нас хүртлээ бусдын адил энгийн хүү байжээ. Гэвч таван наснаас нь эхлэн түүний царай төрх, биенд бага багаар өөрчлөлтүүд гарч эхэлсэн бөгөөд уруул нь памбайн томорч арьс нь саарал зэвхий болж эхэлжээ. Удалгүй духан дээр нь товгор зүйл үүсч нуруу болон хүзүүн дээр нь ургацагууд ургаж барун гар нь томорч, ургацагтай болж эхэлсэн байна. Ингэж хүү бага багаар өөрчлөгдсөөр “Хүн Заан” төрхөндөө оржээ. Мөн бага байхдаа ташаагаа гэмтээснээс тэрээр хазагнаж явдаг байв.
Тэрээр ээжтэйгээ маш дотно байдаг байсан ч хүүг 11 настай байхад ээж нь өвчнөөр өнгөрч түүний хувьд амьдралынх нь хамгийн хэцүү үе эхэлсэн байна. Аав нь дахин гэрлэж хойд ээжтэй болсон хойд ээжийн дарамт шахалтнаас болж тэрээр гэрээсээ оргохоор хэд хэдэн удаа оролдсон ч аав нь буцаагаад аваад ирдэг байж. Мөнгө олохыг үргэлж шахаж шаарддаг хойд ээжийн дарамтнаас болж хүү 13-тайдаа тамхи ороодог газар ажиллаж эхлэв. Тэнд тэрээр 3 жил ажилласан ч баруун гар нь томорч ажил хийхэд улам хүндрэлтэй болсон байна. Үүний дараа хүү сургуулиасаа гарч аавынхаа жижиг дэлгүүрт ажиллах болжээ. Гэвч түүний жигтэй төрхнөөс эмээж хүмүүс үйлчлүүлэхээс зайлсхийдэг байсан тул мөнгө бага оллоо гэж аавдаа зодуулах болсон байна. Аавдаа хэд хэдэн удаа зодуулсны дараа хүү гэрээ орхисон бөгөөд үүнийг нь сонссон нагац ах нь түүнийг өөр дээрээ авчээ.
1884 оноос тэрээр өөрийнхөө гаж төрхөөр мөнгө олж эхэлсэн байдаг. Лондоны нэгэн дэлгүүрийн эзэн Том Норман дэлгүүрийнхээ арын төмөр орон дээр хэвтүүлж өмнүүр нь хөшиг татан мөнгө төлсөн хүмүүст харуулах болжээ. Энэ үед Лондоны эмнэлгийн эмч Frederick Treves түүнтэй уулзсан бөгөөд түүнийг эмнэлэгтээ аваачин судлах болжээ. “Түүний толгой бол хамгийн сонирхолтой хэсэг нь. Толгой нь маш том, яг л маш олон ном хийсэн уут сав шиг” гэж эмч бичсэн байдаг. Үнэхээр хэт том толгойноосоо болоод Меррик хэвтэж унтахад ч тун хүндрэлтэй байдаг байсан аж.
Том Норманы дэлгүүрийг жигтэй зүйл хийсэн гэж цагдаа нар хаасан тул Меррик мөнгө олох боломжгүй болж эмчийн зөвлөснөөр Европ руу гарсан байдаг. Учир нь тэр үед хачин гаж хүмүүсийн шоу үзүүлбэр ид хүчээ авсан үе байв. Гэвч Меррик Европт очоод мөнгө олж чадаагүй бөгөөд харин ч бусдад зодуулж, дээрэмдүүлж нэлээн зовлон амссан байна. Ядарч туйлдсан тэрээ арай хийн буцаж Лондонд ирсэн бөгөөд гудамжинд хэвтсэн Меррикийн биед Frederick Treves эмчийн нэрийн хуудас байсан тул цагдаа нар эмчийг дуудсан аж. Эмч Меррикийг эмнэлэгт аваачсан ч түүний зүрхний өвчилсөн байсан тул түүнд тун бага нас үлдсэн нь тодорхой болсон байна. Эмнэлгийн захиргаа The Times сониноор дамжуулан хөөрхий залууд туслахыг хүссэн захиа явуулж олон нийтээс ч багагүй хандив босгосон байдаг. Ингээд түүний амьдралын сүүлийн дөрвөн жил эмнэлэгт эмч нарын асаргаанд өнгөрсөн бөгөөд зовлонт амьдралынх нь хамгийн сайхан үе нь энд өнгөрчээ. Treves эмч түүнтэй өдөр бүр уулзаж ярилцдаг байв. Меррикийн хувьд түүний амьдралд ээжээс нь өөр эмэгтэй хүн нэг ч байгаагүй. Тиймээс эмч зохион байгуулалттайгаар түүнийг Leila Maturin гэх залуу сайхан бүсгүйтэй уулзуулсан байдаг. Энэ уулзалтын үеэр анх удаа түүн рүү эмэгтэй хүн харж инээсэн болохоор үүнд Меррикийн сэтгэл маш их хөдөлсөн гэдэг.
Эмнэлэгт байх жилүүдэд бие нь улам бүр дордсоор тэрээр 1890 оны 04 дүгээр сарын 11-нд нас барсан байна.