Үндэсний их баяр наадмыг 2 тэрбум 981 сая төгрөгөөр зохион байгуулна
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилий ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 2 тэрбум 981 сая төгрөг зарцуулна. Үүний 2 тэрбум 90 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 390 саяыг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 саяыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороод 3 тэрбум 945 сая төгрөг шаардлагатай гэсэн санал ирүүлснийг хянаж ийм шийдвэр гаргасан байна.
Өнгөрсөн онд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 3 тэрбум 40 сая төгрөг зарцуулсан бөгөөд энэ жилийнх 60 орчим сая төгрөгөөр буурчээ.
Зүүнбаян-Ханги, Эрдэнэт-Арцсуурь чиглэлд төмөр зам барихыг дэмжив
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
УИХ-ын чуулганаар дэмжвэл Зүүнбаян-Ханги чиглэлд 280 км, Эрдэнэт-Арцсуурь чиглэлд 780 км урттай төмөр зам барих юм. Төмөр зам баригдсанаар экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар голлон төмрийн хүдэр тээвэрлэх боловч коксжих нүүрс, зэсийн баяжмал, барилгын материал, металл хийц зэргийг давхар тээвэрлэх боломжтой.
Эрдэнэт-Арцсуурь чиглэлийн төмөр зам нь Бүгд Найрамдах Тува Улсын Кызыл хотоор дамжих Кызыл-Курагино чиглэлийн төмөр замтай холбогдоно. Ингэснээр Ази-Европыг холбосон транзит тээврийн шинэ коридор бий болж, хоёр хөршийн төмөр замын тээврийн сүлжээг ашиглан гуравдагч зах зээл, далайн боомтод хүрэх гарцтай болох юм.
БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа
БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа. Мөн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийг БНХАУ-ын талд санал болгож, хугацаанд нь хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах боллоо.
Хөнгөлөлттэй зээлээр:
– “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”
– “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл”
– “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл”
– “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол”
– “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих”
– “Махны үйлдвэр, хорио цээрийн байгууламж барих”
– “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах”
– “Улаанбаатар хот, аймгийн төвийн гудамж, талбайг камержуулах”
– “Нүхэн гарц”
– “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах” гэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
БНХАУ-ын нэг тэрбум ам.долларыг ашиглах тухай Зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11 дүгээр сарын 26-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.
“УБТЗ” –ын төлсөн татварын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ
Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт орууланМонгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам“ нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулах дизель түлшийг 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн онцгой албан татвараас чөлөөлөхийг дэмжив.
Энэ нь тус нийгэмлэгийн 1998-2015 онд импортлосон дизель түлшний онцгой албан татварт төлсөн 73 тэрбум гаруй төгрөгийг илүү төлсөн татвараар бүртгэнэ гэсэн үг юм. Ингэснээр “УБТЗ” нийгэмлэгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, зээлийн эргэн төлөлтийг нь бууруулах, үндсэн үйл ажиллагааг нь дэмжих нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзлээ.
Хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталвал 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх юм.
Агаар цэвэршүүлэгч, халаагч төхөөрөмжийг татвараас чөлөөлөв
Агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаалагч төхөөрөмжийн жагсаалтыг баталж Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө.
Энэ дагуу дөрвөн төрлийн агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй есөн төрлийн халаагч төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд татвар төлөхгүй юм. Ингэснээр одоо зах зээлд худалдаж байгаа төхөөрөмжийн үнэ 10-15 хувь нь буурна гэж тооцоолж байна.
Иргэдийн төсвийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв
Иргэдийн төсөв гэдэг нь иргэдэд улсын төсөв, санхүүгийн талаар үндсэн мэдээллийг танилцуулах хэрэгсэл бөгөөд Засгийн газар одооноос иргэдэд хүргэж эхэлж байна. Энэ нь:
– Иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын төсвийн талаарх мэдээллийг нэмэгдүүлэх
– Төсөвлөлтийн явцад иргэдийн оролцоог хангах
– Төрийн мөнгийг хэр сайн удирдаж байгаад иргэд хяналт тавих
– Төсвийн ил тод байдал, үр ашгийг сайжруулах ач холбогдолтой юм.
Иргэдийн төсвийн танилцуулгыг Засгийн газар боловсруулж төсөв хэлэлцэх үед болон батлагдсаны дараа иргэдэд хэвлэмэл, цахим /www.mof.gov.mn , www.iltod.gov.mn/болон нэг хуудаснаас эхлээд бүрэн хэмжээний тайлан хэлбэрээр хүргэнэ. Танилцуулга нь ойлгоход хялбар, мэргэжлийн үг хэллэг багатай, энгийн, анхаарал татах зураг, дүрслэлтэй байх юм.
“Интернэйшнл Баджет Партнершип” олон улсын байгууллага үндсэн найман үзүүлэлтээр “Төсвийн ил тод байдал”-ыг индексжүүлэн тооцож олон улсын түвшинд үнэлдэг. Өнгөрсөн онд манай улсынх дэлхийн дундаж үзүүлэлт болох 42-оос бага зэрэг өндөр гарчээ.