Су.Батболд 60 тэрбумынхныг хамгаалах сүүлчийн цайз болох уу

Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид саяхан хуралдаж Бага хурлынхаа товыг тогтжээ. Шийдвэр ёсоор бол нийслэлийн МАН-ын хорооны ээлжит 34-р Бага хурал ирэх 6-р сарын 7-нд болно. Өмнөх дарга нь өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн тул шинэ даргаа сонгох, 2016 оны сонгуульд нийслэлд ялалт байгуулснаас хойш мөрийн хөтөлбөрийн биелэлт гэх зэрэг асуудлыг хэлэлцэх тул энэ удаагийн хурал намынх нь гишүүд төдийгүй олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Тийм ч учраас Бага хурлын төлөөлөгч сонгохоосоо авахуулаад нийслэлийн МАН-ын дараагийн дарга хэн байх вэ гэсэн марафон, биесээ түншсэн “байлдаан” бараг 2 сарын өмнөөс эхэлчихсэн. Мордохын хазгай гэдэг шиг намынхаа хурлыг дүрмийнхээ хүрээнд биш фракцынхаа эрх ашигт нийцүүлж хайрцаглах гэсэн зарим хүний үйлдэл эхнээсээ жирийн гишүүдийнхээ ширүүн эсэргүүцэлтэй тулгарээ.

Энэ удаагийн Бага хурлыг 305 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хийхээр шийдсэн юм байна. Тус намын дүрэм ёсоор бол эдгээр 305 төлөөлөгчийг анхан шатны байгууллагуудаасаа нэгбүрчлэн сонгох учиртай. Гэтэл нийслэлийн МАН-ын хорооны даргын албыг түр орлон гүйцэтгэж буй Су.Батболд тэргүүтэй хэсэг хүн 69 төлөөлөгчид тусгай квот өгч Бага хуралдаа оруулахаар зүтгэж эхэлжээ. Энэхүү тусгай эрх ямба эдлэх 69 эрхэм дотор өнөөх л М.Энхболд, Т.Бадамжунай нарын нэрс дурайж байх жишээтэй. Бүх амьтан тэгш эрхтэй, гахай бүр илүү эрхтэй гэдэг шиг намынхаа анхан шатны байгууллагын эрх хэмжээг уландаа гишгэсэн энэ хуйвалдааныг нийслэлийн МАН-ын хорооны 1000 гаруй үүр эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Хяналтын хороондоо албан бичгээр гомдол гаргажээ. Хэрэв гомдлыг хүлээж авахгүй бол Хангарди ордны гадаа эсэргүүцлийн суулт, цаашлаад өлсгөлөн зарлана гэдгээ ч мэдэгдсэн байна. 

Арваадхан хүний  саналаар нийслэлийн МАН-ын хорооны тамгыг атган суугаа Су.Батболд гишүүддээ яагаад ингэж ялгавартайгаар хандах болсон нь өнөөх алдарт 60 тэрбумын бохир мөнгөний сүлжээтэй холбоотой гэж МАН-ын жирийн гишүүд хардаж байгаа бололтой юм. УИХ-ын дарга М.Энхболд өөрийн нутаг нэгт Су.Батболдыг нийслэлийн МАН-ын хорооны даргад зүтгүүлж байгаа тухай нэлээд эртнээс шуугисан. Нам дотроо эрх мэдэл, орон зайгаа өдөр ирэх тусам алдсаар байгаа М.Энхболд, төрийн албыг мөнгөөр наймаалцсан 60 тэрбумынханд улс төрийн болоод бусад хамгаалалт хэрэгтэй байгаа нь хэнд ч ойлгомжтой. Харин тэдний хоргодох сүүлчийн цайз нь нийслэлийн МАН-ын хороо болох учиргүй гэж эсэргүүцэх хүн олон байна. Эрх ямбаа хадгалж үлдэхийн тулд бүх цаг үеийн хотын дарга нараас хамгийн сул гэгдэж байгаа Су.Батболдыг нийслэлийн МАН-ын хорооны дарга болгох гэж улайран зүтгэж эхэлсэн байж болох талтай.

Ирэх сард болох нийслэлийн МАН-ын Бага хурлын сценари 60 тэрбумынхныг хамгаалж үлдэх чиглэлээр боловсруулагдаад эхэлжээ. Тус намын 69 бүдүүн дарга тусгай квотоор орж ирээд өмнөөс бэлтгэсэн зохиолын дагуу хүчиндэх юм бол жирийн гишүүдийн дуу хоолой огт сонсогдохгүй. Су.Батболдын нэр хүнд нийслэлчүүдийн дунд ийм муу байхад нийслэлийн МАН-ын хорооны даргаар жинхлэх юм бол 2020 оны сонгуульд МАН шууд тахимаа өгснөөс өөрцгүй болно гэж зарим гишүүн нь хатуухан хэлж байна. Товчхондоо бол ирэх сарын 7-нд болох хуралд жирийн шударга гишүүдийнхээ оролцоог бодитоор хангахгүй бол 60 тэрбумынхан санасандаа хүрч, толгойгоо дахин өндийлгөж эхэлнэ гэдгийг МАН-ын гишүүд одоогийн удирдлагууддаа хатуу анхааруулжээ. Юутай ч тэдний гомдол Хяналтын хороонд хүрсэн, харин ямар хариу өгөхийг, тэмцлийн дараагийн алхам яаж өрнөхийг харах л үлдлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...