Ясан эвэр хайгчдын цусан мөр

Бид Хустай явах тухайгаа ихэд нууцлав. Нуугдаж тоглох гээгүй л дээ. Хамаг учир нь хяналт шалгалт, хэвлэлийнхэн ирэх чимээг хулгайн анчид хамгийн түрүүнд олоод сонсчихдог болсон цаг. Харилцаа холбооны хөгжил дэвшил хулгайн жимээр олз хайгчдад ч тусаа өгсөөр байгаа. Яг өдийд халиун бугын ясан эврийн төлөө олз хайсан хүмүүс халиун бугыг олноор хөнөөдөг учраас бодит байдал ямар байгааг газар дээр нь очиж үзэхийг зорьсон нь энэ. Түймрийн нэн аюултай зэрэглэлийн хуурайшилттай холбогдуулан жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд ой, ойт хээрийн бүсэд байгалийн жамаараа унасан бугын ясан эвэр түүхийг хориглосон шийдвэрийг 2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гарсан байдаг. Ингэснээр ой, хээрийн түймэр, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт уулын ам өгсөөд хэсэгхэн явахад нэг дор таван буга эврээсээ болж амиа алдсан байхтай таарлаа. Мэдээж сумны болон гаднын нөлөө байгаа эсэхийг хамгийн түрүүнд шалгасан. Үхсэн бүх буга эвэргүй байгааг харахад хэн энд гай зовлон тарьсан нь ойлгомжтой байв. Машин, мотоциклиор хөөж эцээж байгаад эврийг нь хөрөөдөөд, цохиж хугалж аваад цусан мөр татуулаад явсан байлаа. Он гарсаар 60 гаруй халиун бугын хорогдол гарсан гэдгийг Хустайн байгалийн цогцолборт газрын захирал Ц.Дашпүрэв бидэнд хэллээ.

Хустайн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын албаны дарга Г.Ууганбаярын хэлснээр энэ хэрэг 10 орчим хоногийн өмнө гарчээ. Цаашлаад өөр нэг амаар өгсөж явтал улсын дугааргүй мотоцикль унасан хоёр залуутай тааралдав. Тэд Булганы Дашинчилэнгийнх бөгөөд арваннэгдүгээр сард алдсан адуугаа хайж явна гэж хэрэг зоригоо танилцууллаа. Учиргүй буу шийдэм агсаагүй ч улсын дугаараа тайлж авсан, саванд нөөц шатахуун хийгээд ганзагалчихсан, дөрвөн сарын өмнө алдсан малаа тусгай хамгаалалттай газарт хайж яваа зэрэг нь тэднийг сэжиглэхэд хүргэв. Байгаль хамгаалагчид тэдний хайж яваа мал энэ нутагт байхгүйг хэлээд хуурайшилтын үед гал түймэр гаргахаас сэрэмжлэх, Байгаль орчны сайдын тушаалаар бугын эвэр түүхийг хориглосон байдгийг, хамгаалалтын бүсээс гарахыг сануулаад явуулав. Явуулна гэдэг мартана гэсэн үг биш. Байгаль хамгаалагчид тэдний хөдөлгөөнийг анхааралдаа авч, дахин зөрчил гаргавал хуулийн дагуу зохих арга хэмжээг нь авна. Хорьсоор байтал бугын ясан эвэр түүсэн байвал Зөрчлийн тухай хуулиар 500 мянган төгрөгөөр торгож, унаж явсан тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгон хурааж авдаг хуультай. Саяхан нэг хулгайн анчин тарвага агнасан нь баригдаад “Ланд”-аа хураалгасан байна лээ.
БНМАУ 1986 онд халиун бугаа тоолоход 131 мянган толгой байжээ. Үүнээс хойш 30 жилийн дараа тооллого явуулахад дөнгөж зургаан мянган толгой халиун бугатай хоцорсон байгаа юм. Бугын чив, ясан эврийн бизнес цэцэглэснээс үүдэж халиун бугаа хайр найргүй хядсаныг илтгэх ганц тоо баримт энэ. Бараг 100 шахуу буга нэг дор хядсан цуст хэрэг явдал дэлхийн сонорт Монголыг, монголчуудыг дэлхий дахинд байгаль, ан амьтнаа хайрладаггүй ард түмэн гэсэн муу мэссэж болон очсон байдаг. Одоо ч энэ хар үйл явдал дэлхийн байгаль хамгаалагчдын дунд зэрлэг ан амьтдыг олноор нь хядсан хамгийн муу жишээнүүдийн нэг болон яригддаг. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсад 10 гаруй мянган халиун буга бий гэсэн тоог мэргэжлийн хүмүүс гаргажээ. Бугын тоо толгой дорвитой өсөн нэмэгдэхгүй байгаагийн гол шалтгаан нь хулгайн анчидтай шууд холбоотой. Бугын ясан эврийн эрэлт, нийлүүлэлт байсаар байгаа нь олз хайсан хүмүүсийг буу үүрэхэд хүргэдэг ажээ.

Бугын ясан эврийг ОХУ-аар дамжуулан Вьетнам руу гаргадаг сүлжээ бий. Вьетнамчууд бугын эврийг уламжлалт анагаах ухааны чиглэлээр эм, бэлдмэл хийдэг гэсэн. Зэрлэг амьтдын эд эрхтэн зардаг хар зах дээр бугын ясан эвэр кг нь 80 мянган төгрөгөөр үнэлэгддэг ажээ.Нас биед хүрсэн халиун бугын эвэр дээд тал нь 3-4 кг татдаг гэж үзвэл 300 мянган төгрөгөөс хэтрэхгүй. Гэтэл Зөрчлийн тухай хуулиар бугын ясан эвэр түүсэн бол 500 мянган төгрөгөөр торгуульж, унаж явсан тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгодог. Байгаль орчны яамнаас тогтоосноор буга 7.8 сая төгрөгийн үнэлгээтэй. Хууль бусаар ан хийсэн бол ийм хэмжээний торгуулийг бас төлнө. Эрдэмтдийн хэлж буйгаар халиун буга устаж байгаа амьтны төрөлд багтсан байгаа юм. Тийм учраас л байгаль хамгаалагчид ясан эврийнх нь төлөө цусан мөр битгий гаргаач гэж уриалах болжээ. Ер нь тэгээд амар хялбар аргаар 200 гаруйхан мянган төгрөг олох гэж яваад 200-300 саяын өрөнд унах уу, үгүй юү гэдэг сонголт л юм даа.

Нийслэлээс 100 орчим км-т байдаг Хустайн байгалийн цогцолборт газрыг мэдэхгүй монгол хүн үгүй биз. Мөхөхийн ирмэг дээр ирээд байсан тахийг энд амжилттай нутагшуулсан. Энэ нутагт тахиас гадна төрөл бүрийн ан амьтан элбэг. Халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, цагаан зээр, тахь адуу, аргаль хонь, тарвага, дорго, саарал чоно, үнэг, хярс, мануул, шилүүс зэрэг 55 зүйл хөхтөн амьтан, хонин тоодог, хар өрөвтас, тогоруу, сойр, гангар хун, ятга шаазгай, начин шонхор, цармын бүргэд, нөмрөг тас  зэрэг 223 зүйл шувуутай. Мөн судлаачдын тогтоосноор 400 гаруй зүйл шавьж бүртгэгдсэн байна. Товчхондоо Хустайн байгалийн цогцолборт газар амьтдын диваажин болсон гэж хэлж болно. Харамсалтай нь хүмүүс зэрлэг амьтдын диваажинд ч зөвшөөрөлгүй халддаг үхэл таригч эрлэг болон хувирчээ. Хаврын тарчиг цаг буюу гуравдугаар сарын дунд үеэс дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл бугын ясан эвэр хөөсөн олз хайгчид халиун бугыг хөнөөдөг. Нийслэлтэй ойр болоод ч тэр үү, Хустайн цогцолборт газар энэхүү халдлагад хамгийн түрүүнд өртдөг ажээ.

Хустайд анх 50 орчим халиун буга байжээ. 1992 онд хамгаалалтад авсны дараа 1000 гаруй болж тоо толгой нь нэмэгдсэн сайн мэдээтэй хэдий ч сүүлийн хоёр жилд зүй бус хорогдол их гарчээ. 2016 онд гэхэд 90 шахам бугаа зүй бусаар алдсан байх жишээтэй. Өнөөх гайхал хулгайн анчид халиун бугын ясан эврийг авахын тулд ихэнхийг нь хороочихжээ. Хустайн байгалийн цогцолборт газрын 14 улсын байцаагч яг өдийд унтах нойр, идэх хоолоо умартан зүтгэдэг ч жийп хөлөглөж, буу мөрлөсөн хулгайн анчдыг бүгдийг нь хориглох хүч дутдаг. Олз хайгчдын арга заль жилээс жилд нарийссан, ааш аяг зэрлэгшсэн тул илүү сэрэмжтэй ажиллах шаардлага тулгардаг байна. Үйлдэл дээрээ баригдсан зарим нь “Та нар эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийг яаж ч чаддаггүй байж ядарсан бидэнд л бяраа гаргадаг. Тэд нартайгаа эхэлж хариуцлага ярьчихаад дараа нь биднээс ял асуу” гэж адрах энгийн л үзэгдэл. Зэрлэг амьтдыг хамгаалж байгаа байгаль хамгаалагчдын нэг өдөр ямар ч киноноос илүү адал явдал дунд өрнөнө. Хулгайн анчдын зохиож ярьдаг хуурамч түүхүүдээр ном гаргавал их л зузаан болно.
Хулгайн анчидтай барилцаж аваад байхаасаа илүүтэй соён гэгээрүүлэх ажлыг төр, засгаас хүчтэй хийх цаг болсон гэж Хустайн байгалийн цогцолборт газрын захирал Ц.Дашпүрэв санаа бодлоо хуваалцсан. Түүний зөв ч байж мэднэ. Соёлт хүн төрөлхтөн гэх тодотголтой бид зэрлэг амьтдаасаа ч зэрлэг авиртай байж таарахгүй. Халиун бугын эврийг хөөж эцээж байгаад амьдаар нь хөрөөдөөд авч чадах тийм зэрлэг хүмүүжил, ёс суртахуунтай нэн түрүүнд тулж ажиллах тухай санаачилгыг дэмжүүштэй. Алив эрсдэлээс зайлсхийх хамгийн шилдэг арга бол урьдчилан сэргийлэх явдал гэж мэргэжлийн хүмүүс зөвлөдөг. Тусгай хамгаалалтад байдаг цогцолборт газар руу ингэж улайран дайрч байгаа хулгайн анчид бусад газар бол дураараа цусан мөр татуулж байгаа нь дамжиггүй. Уг нь Хустай руу буу биш гэрэл зургийн аппарат үүрээд очвол чөлөөтэй нэвтрүүлэхээс гадна дэлхий дээрх цор ганц зэрлэг адуу болох тахиас авахуулаад бусад амьтдыг ойроос харах сонирхолтой аялал хийж болно. Өнгөрсөн жил гэхэд Хустайд 25 мянган жуулчин очсоноос 15 мянга нь гадаадынхан байжээ. Алахыг биш аялахыг, таньж мэдэхийг эрхэм болгох цаг иржээ.

Б.Түвшинтөгс

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...