Тэрээр Эрдэнэс Таван Толгой ХК-д ээлжийн ажил хийдэг, хоёр хүүхэдтэй жирийн нэг аав. Ардчилсан хувьсгал ид өрнөж байх үед дунд сургуулиа төгсөж, тухайн үедээ Барилгын техникумд элссэн ч зах зээлийн нийгэмд Монгол орон шилжин орсон эхний хэдэн жил ганзагын наймаанд явж сургуулиа орхижээ. Эхнэр болох бүсгүйтэйгээ “Нарлаг Монгол” галт тэрэгний бүхээгэнд танилцан тэд хүүхэдтэй болсон юм. Гэртээ суух эхнэр хүүхэд, өндөр настай хадмуудаа тэжээхээр Төмөрөө чармайн хөдөлмөрлөсөн нь үнэн.
Хэдэн жилийн дараа энэ гэр бүлийн гишүүдийн хөдөлмөрийн хуваарилалт өөрчлөгдөж, эхнэр ажиллан гэр бүлээ тэжээх, Төмөрөө хүүхдээ харах, сургуульд нь зөөх үүрэгтэй болов. “Хүүхэд ч томорч, ганзагын наймаа ч муудах тийшээ хандсан тэр үед эхнэр, хадам ээж хоёр үсчин, гоо сайхны газар ажиллуулж эхэлснээр бүх юм эхэлсэн дээ” гэж хэлээд тэрээр санаа алдав. Охиноор минь тэжээлгэж байгаа гэж ад үзэх болсон хадмуудаасаа тусдаа гарахыг ихэд чармайх авч нэг л болж өгөөгүй юм.
Айлд хүргэн орж суусан Төмөрөө ихэд нэр хичээн “гэрт орж эм, гадаа гарч эр” болж, хадмууддаа тал засна. Хаяа хадам аавтайгаа нийлж бор дарс хүртчихдэг болов. Хам хэрэг хийсэн хоёр гэрээсээ хөөгдөж, гадуур хоног төөрүүлсэн удаа олон. Тун удалгүй уух дуртай, уухаараа эхнэрээ муулан уйлахаас өөр муу зангүй хадам аав нь ойчоод өгсөн болохоор тусдаа гарах санааг нь дэмжих хүн ч олдохоо болив. Эхнэрийн эрхэлсэн бизнес нь сайн, улам өргөжин тэлж, өөрийн байртай болохоор ээж, охин хоёр улам олон цагаар ажиллах болов. Гэрийн бүх ажил Төмөрөөгийн нуруун дээр бүрэн иржээ.
Ажил хөдөлмөр эрхэлдэггүй болохоор хамт олон байхгүй, хааяа хамт орж, гардаг найз нөхдийн тоо ч эрс цөөрөв. Үүнтэй зэрэгцээд хадам ээжийн яншилт, эхнэрийн эзэрхийлэл нэмэгдэн байж суух газаргүй болгоно. “Юу ч хийсэн үргэлж шүүмжлүүлэхээр бүгдийг нь барьж аваад балбачихаад амиа хорломоор болдог юм билээ” гэж хэлээд Төмөрөө сулхан инээмсэглэх. Тэднийхтэй олон жил айл аймаг яваа иргэн Б “Байж байгаад эднийхэн бөөн чимээ шуугиан болдог юм. Эхнэр нь чарлаад л хадам нь хашгираад л явчихдаг. Уг нь ажилтай төрөлтэй, мөнгөтэй төгрөгтэй гайгүй л айл шиг байдаг. Төмөрөө архи уудаг ч гэлээ эхнэр хүүхдээ зодож байгааг нь дуулаагүй. Харин ч орцонд дан хувцастай хөөгдөөд гарчихсан байхыг нь хэдэнтээ харсан шүү” гэж аминчлан хэлээд “Ээжийгээ дуурайсан энэ тэнтгэр шар хүүхэнд юу дутлаа гэж энэ амьтныг дээрэлхээд байдаг юм. Энэ горзгор бор залуу адсага шиг ааштай хялав цэхэв хийсэн энэ бүдүүн шар хүүхний юунд ч болсон юм бүү мэд” гээд хэсэг шогшрох.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг монголчууд ихэнхдээ гэр бүлийн нөхөр нь эхнэр, хүүхдээ зодож, нүдэхийг хэлдэг гэж ойлгодог бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.1-д ““гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ гэж заажээ. Уг хуулийн 6 дугаар зүйлд хүчирхийллийг хэлбэрээр нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэж ангилжээ.
Хүчирхийллийн эсрэг төвийн сэтгэл зүйч асан А. Хонгорзулын хэлж буйгаар хэдий ихэнх хохирогч нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг ч энэ нь эрчүүд огт хохирогч болдоггүй гэсэн үг биш гэнэ. Тэрээр “2017 оны статистик мэдээнээс харахад нийт бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 0.2 хувийг эрчүүд эзэлж байгаа нь нөхцөл байдлаа тэд бусдад мэдэгдэхийг хүсдэггүйтэй холбоотой” гэж тайлбарлалаа. Хэдий сүүлийн таван жил гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг гурав дахин нэмэгдсэн ч өнгөрсөн жил анх удаа энэ гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Олон нийт гэр бүлийн хүчирхийллийн гол шалтгааныг архидалт, ядууралтай холбон ойлгодог хэдий ч мэргэжилтнүүд хүчирхийллийг эрх мэдлийн тэнцвэргүй байдалтай холбоотой гэж үздэг. Хэн нэгэн өөрийгөө нөгөө хүнээсээ давуу эрх мэдэлтэй гэж бодохоороо хүчирхийлэл үйлддэг аж.
Төмөрөөгийн хувьд, эхнэр, хадам ээжийн орлого нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн эрх мэдэл нь давуу болж, үүний улмаас түүнийг элдвээр хэлж, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх болсон байна. Энэ байдал нь улмаар бие махбодын хүчирхийлэл болж өргөжжээ. “Эр хүн байж эхнэр, хадамдаа зодуулсан гээд цагдаад хандалтай биш, нэг сайн гөвүүлснийхээ дараа гэрээсээ явдаг. Тэгээд хэд хоноод эхнэр утасдаад уйлж унжаад амиа хорлох юм яриад, хадам ээж гуйгаад эргээд нийлдэг” гэж ярих Төмөрөө энэ бүхэн гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг мэддэггүй.
Монфемнет үндэсний сүлжээний зохицуулагч Д. Энхжаргал хүчирхийллийг таслан зогсоохын тулд бага наснаас нь эхлэн хүчирхийллийг үл тэвчих сэтгэлгээ, хүмүүжлийг хүүхдүүддээ суулгах хэрэгтэй гэсэн бол Монголын эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д. Бадамцэцэг “Шулуухан хэлэхэд Монголын төр 1937 онд насанд хүрсэн дөрвөн эрэгтэй тутмынхаа нэгийг буудаж хороосноос өөрөөр эрэгтэйчүүдэд чиглэсэн бодлого явуулаагүй” гэсэн юм.
Нэг үеэ бодвол эрчүүдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагууд олноор бий болж байгаа нь сайн хэрэгч тэдгээр байгууллагууд эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, гэр бүл салалтын дараа төрсөн хүүхдээ асран халамжлах аав хүний эрхийг хамгаалах, архины хамаарлаас салахад нь сэтгэлзүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр ажилладаг юм байна. Өнөөдрийн байдлаар Төмөрөө шиг гэр бүлдээ хүчирхийлүүлсэн эрэгтэй хүнд хандах газар үнэндээ алга. Мэдээж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаж болно. Гэхдээ, хамгаалах байранд нь очиход эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй хамт байхаас өөр сонголтгүй. Ийм болохоор цалингаа авахаараа найз нөхөдтэйгээ нийлж нэг сайн “савж” аваад л эхнэрийн зодуур, хадмын яншилтыг шүд зуун тэвчиж, уурхайн кэмп рүүгээ буцах өдрөө хоног тоолон хүлээдэг Төмөрөө 18 хоног ажил дээрээ “жаргадаг” гэнэ лээ.
*Нэр өөрчлөв.