Нийслэлийн онцгой комисс хуралдаж малын халдварт өвчин гарсантай холбогдуулан 8-р сарын 5-6-нд хийхээр товлосон Хүрээ цам-Даншиг наадмыг цуцалж, энэ сарын 28-30-нд болох байсан Төвийн бүсийн хурдан морины уралдааныг нийслэлийн нутаг дэвсгэрт явуулах боломжгүй болсноо Засгийн газарт уламжилжээ. Ган гачигтай үед найр наадмаас татгалзаж байгаа нь өнгөц харахад талархмаар шийдвэр мэт боловч цаагуураа ажлын хариуцлагаас бултсан, хүмүүсийг төөрөгдөлд оруулсан, аялал жуулчлалын компаниудыг асар их алдагдалд оруулж мэдэх халгаатай шийдвэр байсныг олон нийт анзаарсангүй. Онцгой комиссыг тэргүүлдэг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд богино зайн улс төр хөөж шалдаа буутлаа унасан нэр хүндээ өсгөх гэсэн биш өчнөөн олон хүний бүтэн жилийн хөдөлмөрийг үгүй хийчихлээ.
Онцгой комисс ингэж шийдсэн боловч маргааш нь Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Багануурт, Хүрээ цам-Даншиг наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр болсныг холбогдох албаны хүмүүс мэдэгджээ. Үндсэн хууль болон бусад хуулийг өмнөх шөнө нь орон дотроо засчихаагүй бол Багануур чинь нийслэлийн дүүрэг. Хүрээ цам-Даншиг наадам цуцлагдаагүй болж таарлаа. Хоёрхон өдрийн зайтай тэнгэр газар шиг зөрүүтэй шийдвэр, байр суурийг хараад Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын оюун ухаан саруул байгаад эргэлзэж эхлэв. Онцгой комисс дээр онцгой асуудлыг яаралтай хэлэлцэж онцгой чухал, хөдлөшгүй бат шийдвэр гаргадаг. Малын халдварт өвчин гарсан гэдэг нь үнэндээ шалтаг төдий. Нэг малчин буурь сэлгэн нүүсэн байхад вакцин хийхээр очсон албаны хүмүүс залхуурч, зорилгодоо хүрэлгүй буцсанаас халдварт өвчин дэгджээ. Энэ булхайгаа далдлах гэж Нийслэлийн онцгой комиссыг яааралтай хуралдуулан жүжиг тавьцгаасан юм биш биз.
Хүрээ цам-Даншиг наадам бол бүтэн жилийн өмнө тов нь гарч, мэдээлэл нь дэлхийд түгдэг аялал жуулчлалын том брэнд. Зуу шахам жил тасраад байсан шашин, соёлын энэхүү арга хэмжээг гурван жилийн өмнөөс сэргээж, Монголыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг болж буй арга хэмжээ гэдгийг аялал жуулчлалын салбарынхан ам нэгтэй хэлдэг. Гэтэл жилийн өмнө зарласан энэхүү эвентийг цуцаллаа гэж Хотын дарга Су.Батболд ямар ч бодлогогүй мэдэгдэл хийсэн нь аялал жуулчлалын салбарынхны ар нуруунаас хутга шаасантай адил болчимгүй үйлдэл боллоо гэцгээж байна. Тур компаниуд Хүрээ цам-Даншиг наадмын нэрээр хамгийн багадаа 2000 орчим жуулчны захиалга авсан байх тооцоолол бий. Эдгээр жуулчид хариуцлагагүй мэдэгдлээс болоод гэрээгээ цуцлах талаар хөндөж, Хүрээ цам-Даншиг наадам үнэхээр болох эсэхийг чөлөө завгүй лавлаж бөөн хэрэг манджээ.
Компаниуд ар араасаа хандсан учраас Нийслэлийн аялал жуулчлалын газрынхан Хүрээ цам-Даншиг наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр болсон гэх мэдээлэл байна. Төрийн ажил ийм л дампуу байгаагийн нэг жишээ нь энэ боллоо. Нийслэлд морь ухалдуулахгүй гэснээ Багануурт зөвшөөрдөг, Даншиг наадмыг цуцаллаа гэснээ 10 гаруйхан мянган хүн ордог Төв цэнгэлдэхэд шахцалдуулахаар шийдчихдэг ганц өдрийн насгүй холбилзсон шийдвэртэй Хотын мээр жуулчдыг урих байтал үргээж орхидог байна шүү. Албан тушаалтны шийдвэр, амнаас унах үг бүр хариуцлагатай байх учиртай. Гэтэл хоёр өдрийн энэхүү тохуурхал нийслэл хэмээх их айлыг удирдаж байгаа Су.Батболд дарга ажилдаа ямар сэтгэлгүй, хүнийрхүү хандаж байгаагийн нэгэн тод жишээ гэлтэй. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид энгэрийн монетон тэмдэг бэлгэнд аваад халаасанд нь орчихоогүй бол ажлын хариуцлага алдсан Засаг дарга Су.Батболдтой хариуцлага тооцох цаг нь болжээ.