1990-ээд оны шилдэг кинонуудын нэг “Хөөрхөн хүүхэн”-ий эрэгтэй гол дүрд тоглосон Холливуд дахь Буддын шашны гол төлөөлөгч Ричард Гир тус кино анхандаа амар сайхнаар жаргадаг хэппи-эндтэй инээдмийн мелодрам байгаагүй тухай дурсан ярьжээ. Өдгөө 67 настай тэрээр “Variety” сэтгүүлд ярилцлага өгөхдөө, “Хөөрхөн хүүхэн” киноны зохиол “3000” гэсэн тэс өөр нэртэй байсан төдийгүй анхны зохиолын дагуу гол дүрийн баатрууд нэг нэгэндээ дурладаггүй бөгөөд төгсгөлд нь Жулиа Робертсийн дүр хар тамхи хэтрүүлж хэрэглээд тэнгэрт хальдаг байсан аж. Биеэ үнэлэгч Вивьен Ворд гэх биеэ үнэлэгчид долоо хоногт 3000 доллар төлдөг нь зохиолын эхний нэрд тусгагджээ.
Тус кино Лос-Анжелесийн нийгмийн ялгарал, бохир секс-бизнесийн тухай маш бараан, эмгэнэлт түүх өгүүлэх ёстой байсан аж. Гэвч “Хөөрхөн хүүхэн”-ий продюсер Жеффри Катценберг зохиолоос тэс өөр түүх олж харан романтик инээдмийн кино болгон өөрчлөх шаардлагатайг ятгаж чаджээ. Ричард Гир ярихдаа, “Үзэхэд зугаатай, хөнгөн энэ киног нэг амьсгаагаар хийсэн юм шиг сэтгэгдэл төрдөг байх. Гэвч тийм биш. Кино зохиол байнга өөрчлөгдөж, зураг авалтын талбайд бид бүгд тэр өөрчлөлтийг дэлгэц дээр хэрхэн буулгах талаар маш их бодон цаг наргүй бишгүй туршилт хийж байсан юм. “Хөөрхөн хүүхэн”-ий нээлт дээр үзэгчид алга ташин талархан хүлээн авсны дараа л бид киноны багаараа сая нэг санаа амарч нойртой хонох болсон билээ” гэжээ.