Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын бүсэд баавгай орж ирсэн тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдээд байна. Тухайлбал, Увс аймгийн дөрвөн сумын нутаг дэвсгэрт баавгай орж ирсэн бөгөөд тус аймгийн Засаг даргын тамгын газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд баавгай агнах зөвшөөрөл олгох хүсэлтийг албан ёсоор хүргүүлжээ.

Энэ талаар Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатаас тодруулахад “Хамгийн анх Үүрэг нуурын эрэг орчмоор баавгай үзэгдсэн. Малчид хаваржаан дээрээ ажил хийж байхдаа алсаас зэрвэс харсан. Зэрлэг гахай байна гэж таамаглан дөхөж очиход хүрэн баавгай байсан байгаа юм. Тухайн баавгай хүн хармагцаа удалгүй ой мод руу орсон тухай малчид бидэнд мэдээлсэн. Мөн өнгөрсөн Ням гаригт Бөхмөрөн суманд бэлчээрт явсан малчин баавгай харсан даруйдаа сумын Тамгын газартаа мэдэгдэж, улмаар холбогдох хүмүүс баавгайг хөөж, ой мод руу буцаасан. Үүнээс гадна Ачит нуурын зэгсэн дотор хүрэн баавгай явж байгаа дүрс бичлэг манайд ирсэн. Энэ мэтчилэн аймгийн хэмжээнд баавгай орж ирсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна.

Одоогоор идэш тэжээлийн хомсдолд орсон баавгай малын хот руу дайрсан, эсвэл хүнд аюул учруулсан тохиолдол гараагүй байна. Гэсэн хэдий ч бид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд баавгай агнах зөвшөөрөл хүссэн албан бичгийг өчигдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-ний өдөр хүргүүлсэн. Одоогоор яамнаас хариу ирээгүй байгаа тул хүлээж байна.

Нутгийн иргэдийн зүгээс өөрсдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс “Ойр орчимд баавгай үзэгдвэл агнаж болох уу” гэсэн хүсэлтийг тавьж байгаа. Гэвч хуулийн дагуу баавгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль бус үйлдэл тул дур мэдэн агнаж болохгүй гэдгийг иргэдэд анхааруулан ажиллаж байна” гэлээ.

Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр /2026.09.22/ энэ талаар хэвлэлүүдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Өчигдөр шөнийн 04:00 цагт дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт байрлах Адам, Ева хоёрын хөшөөний орчимд баавгай явж байна гэх дуудлага хоёр удаа бүртгэгдсэн. Харин өнөөдөр өглөө Байгаль орчны газар нийслэлийн Байгаль орчны газартай хамтарч хоёр машин, зургаан хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг гаргаж үзлэг шалгалтыг хийсэн. Одоогоор баавгай олдсон зүйл алга байна. Үүнээс гадна Хэнтий аймагт орж ирсэн баавгайд задлан хийхэд хоол тэжээлийн дутагдалтай гарсан.

Маргааш Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд, Сангийн сайд нартай ярилцаж Засгийн газрын нөөц сангаас тодорхой хэмжээний зардал гаргаж унтуулдаг буу, зайнаас түрхдэг цацлага болон шатахууны зардал, хоол хүнс тэжээлээр хангах асуудлыг шийдэх гэж байна.

Унтуулгын бууны нэгжийн үнэ нь 32 сая төгрөг бөгөөд Монголд байхгүй. Тиймээс худалдаа эрхэлдэг хувийн байгууллагатай ярилцсан. Төсөв санхүү нь шийдэгдвэл богино хугацаанд оруулж ирэх боломжтой. Мөн айлгадаг цацлага нь 10 сая орчим бөгөөд мөн адил Монголд байхгүй байгаа.

Сарын дараагаас баавгай ичээндээ орно. Хоол тэжээлийн хомсдолын улмаас ичээндээ орж чаддаггүй аж. Нөгөөтэйгүүр, ОХУ-аас хар баавгай орж ирсэн асуудал яригдаж байна. Үндсэндээ, 6 мянга гаруй км зайнаас наашаа орж ирэх боломж байхгүй гэдэг дүгнэлтийг хийж байна. Үүнээс гадна бугын ороо эхэлж байна. Тиймээс буга бас төв суурийн газарт орж ирнэ. Тэгэхлээр хашааны асуудал давхар яригдах юм. Тодруулбал, Богд уул, Хустайн нурууны бугын тоо толгой сайн өссөн. Манай яамнаас орон нутагт үнэхээр баавгай дайрч амь эрсдэх тохиолдол үүссэн үед баавгайг буудах чиглэлийг өгч байгаа. Мөн экологийн цагдаагийн албатай ярилцаж байгаа бөгөөд бамбаруушаа дагуулж яваа эм баавгайг агнаж болохгүй. Харин насанд хүрсэн баавгайг агнах зөвшөөрлийг олгож байгаа” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...