Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Монгол Улсын аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх, малын гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээж, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хэрэгжиж буй төсөл юм. Төслийн цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк бүрэн хөгжсөнөөр 5600 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болж, нийт 1.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх, жилд 86.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой болно. Хөрөнгө оруулалтыг 6.7 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэж тооцоолжээ. Жилд 7.5 сая ширхэг арьс шир боловсруулна, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулна, Олон улсын стандартын шаардлага хангасан дэвшилтэт технологитой, байгальд орчинд ээлтэй мал аж ахуйн цогц кластер үйлдвэрлэл болон хөгжих юм.
Өнөөдөр шавыг нь тавьж буй цахилгаан станц, цэвэрлэх байгууламж нь паркийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг найдвартай эрчим хүч, дулаан, бохир усны зохистой менежментээр хангах үндсэн инженерийн дэд бүтцийн нэг хэсэг юм. Цэвэрлэх байгууламжийг байгуулснаар үйлдвэрлэлийн бохир усыг технологийн дагуу цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна. Цахилгаан станц ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрчим хүчний найдвартай байдлыг бүрэн хангана.

Нийслэлийн зүгээс тус паркийн хөгжлийг эрчимжүүлж, шаардлагатай инженерийн дэд бүтцийг үе шаттайгаар шийдвэрлэх, хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэл эрхлэх таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва онцлов. Бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан зураг төсөл, стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны шаардлагыг ханган, төлөвлөсөн хугацаанд чанартай хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид болон үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа чухал гэлээ.

