Тавантолгой Түлш ХХК 2026-2027 оны халаалтын улирлын нээлтээ өнөөдөр /2026.09.14/ хийж, борлуулагч нарт зориулсан уламжлалт мэдээлэл өгөх өдөрлөгийг Хүүхэд залуучуудын театрт зохион байгуулж байна. Энэ жилийн өдөрлөгт нийслэлийн долоон дүүрэгт түлш борлуулах байнгын цэг ажиллуулах 446 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.
Өдөрлөгийг Тавантолгой Түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн нээж үг хэллээ. Тэрбээр “Тавантолгой Түлш ХХК 2026-2027 оны халаалтын улиралд 427 мянган тонн түлшийг нийслэлчүүдэд түгээнэ. Бид өнгөрсөн жилүүдэд мидлингээр түлш хийж байсан бол энэ жил Эрдэнэс Тавантолгой ХК-ийн угаан баяжуулсан эрчим хүчний нүүрсээр 120 мянган тонн түлш үйлдвэрлэж, иргэдэд нийлүүнэ. Завсрын бүтээгдэхүүнээр түлш хийдэг байсан бол энэ жил зөвхөн нийслэлчүүдэд зориулсан сайн чанарын, зорилтот түүхий эдээр түлш хийж байгаагаараа онцлог. Товчхондоо нүүрсний уурхайн өрмөөр нь түлш хийнэ гэсэн үг” гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр энэ жил түлшнээс үүдэлтэй агаарын бохирдлыг 50 хувиар бууруулахыг зорьж байгаагаа хэллээ. Өнгөрсөн жил нийслэлчүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нэвтрүүлж, агаарын бохирдлыг 30 орчим хувиар бууруулсан. Энэ жил уг үр дүнгээ бууруулахгүй, ахиулахаар ажиллаж байна. Үүний тулд Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана. Харин иргэдэд түгээхэд та бүхэнтэй хамтран ажиллана гэдгийг хэлээд, үйлчлүүлж байгаа иргэддээ үнэн зөв мэдээллийг маш тэвчээртэй хүргэж ажиллахыг хүсэж, борлуулагч нарт амжилт хүслээ.
Энэхүү өдөрлөгт Тавантолгой Түлш ХХК-ийн үйлдвэрлэл, санхүү, борлуулалт, түгээлт, технологи зэрэг бүх чиглэлийн хэлтэс, албаны мэргэжилтнүүд оролцож, борлуулагч нарт мэдээлэл өгч байна. Энэ жилийн бас нэг онцлог нь Хотула апплейкшнээр борлуулалтын цэгүүдийн түлшний хангамжийг харах боломжтой. Өөрөөр хэлбэл түлш хаана хомстолтой, аль цэгт илүүдэлтэй байгааг гар утсаараа харж болно. Мөн борлуулагч нар захиалсан түлшээ хаана явж байгааг ч Улаанбаатар хотын газрын зураг дээр харж болохоор болжээ.
Тавантолгой Түлш ХХК энэ халаалтын улиралд нийслэлийн долоон дүүрэгт борлуулалтын байнгын 446 цэг ажиллуулж, шаардлагатай тохиолдолд нээх 54 цэгийн нөөцөлж байна. Борлуулалтын цэгүүд маргааш буюу 09 дүгээр сарын 15-ны өдрөөс шахмал түлш борлуулж эхэлнэ.

