УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн төсөл/шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд албаны нууц гэсэн ангиллыг бүхэлд нь хасчээ. Ингэснээр сүүлийн 10 жилд хуримтлагдсан 882 орчим албаны нууцыг ил болгох боломж бүрдэж буй юм байна. Төрийн нууцад хамаарах асуудлыг Засгийн газар дангаар бус УИХ бие даасан хуулиар тогтоодог байхаар өөрчилжээ. Хэлэлцүүлгийн шатанд төрийн нууц, албаны нууц нэрээр төрийн бүхий л шатанд хулгай дээрэм олноор гарсан хэрэгт хариуцлага тооцохгүй ял завших нөхцөл байдал үүсч байна гэдэг асуудал хөндөгдлөө.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Улсын болон албаны нууц нэрээр маш олон асуудлыг халхавчлан нууж, авлига, албан тугшаалын хэрэг үйлдэж байсан нь ил болж байна. Б.Энхбаяр сайд та “Халуухан хавар болно” гэж хэлж байсан. Авлига, албан тушаалын хэрэгтэйгээ тэмцэх юм байна гэж ойлгосон. Нууц нэрийн дор ард түмний хөрөнгийг хулгайлдаг хүмүүстээ хариуцлага тооцох юм байна гэж бодсон. Гэтэл хавар ч дууслаа, хүлээлтэд хүрсэнгүй. Гэмт хэрэгтэйгээ тэмцэхгүй, хариуцлага тооцохгүй байгаа нь ард түмнийг шийтгэж байгаа хэрэг. Монголын ард түмэн хохирч байна.
Жишээлбэл, Харбины гэрээ. Мухар төмөр замыг холбох нэрээр нүүрсний үнийг маш их бууруулж өгсөн. Энэ гэрээгээр үнэ тогтоогүй гэж ярьдаг. Компани руу чихээд байдаг. Мөн ногоон автобус гээд алдартай хэрэг байна. Нууцын тамга дараад нууцалчихсан. Иймэрхүү хулгай дээрмийн хэрэг чинь дээрх хуулийг баталснаар багасах уу. Хариуцлага ярьсан юм байдаг уу. Энэ улсад хариуцлага алга, хариуцлага тооцож чадахгүй байна. Биенээ барьцаалсан маягтай, авлига албан тушаалын хэрэг үйлдсэн хүмүүстээ найр тавьсан маягтай явж байна. Хэдий болтол хуйвалдах вэ?
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр:
-УИХ-аас баталсан байсан Төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдаж хэрэгжээд 10 жил болжээ. Энэ хугацаанд байгууллагын нууцад оруулах асуудлыг тухайн эрхэлсэн сайд, агентлагийн дарга, төрийн өмчит компанийн хувьд захирал өөрийн дур зорго үзэмжээр нууцын тамга дарж, хулгайн шинжтэй, авлигын шинжтэй үйлдлээ хаацайлж байсан олон хэрэг учралууд гарсан нь нотлогдож байгаа.
Нүүрсний сонсголын үеэр оффтейк гэрээг ил болгосон. Нүүрсчид амь тэмцсэн. 20 сая ам.доллар, байр сав дээрэмдсэн, Бортээгийн ордыг хулгайлсан нь нотлох баримтаар ил тод болж, хууль шүүхийн байгууллагад шилжсэнтэй холбоотойгоор амь тавьсан. Орох байх газаргүй болсон. Хууль зүйн сайдыг ямар ч үнээр хамаагүй, ямар ч хамаагүй гүтгэлгээр нэр цоллож байгаад зайлуулах операцийг хийсэн. Энэ операцид О.Цогтгэрэл дарга мэдээд хийчив үү, мэдэхгүй хийчихэв үү хамжигч болсон гэж ойлгодог.
Нэг талд нь хариуцлага ярих юм шиг боловч нөгөө талд нь нүүрсний хулгайчид хууль зүйн салбарыг эзэгнэх, хулгай луйвар хийсэн хүмүүсийг хэргээс холдуулахад тус нэмэр болсон гэж үзэж байгаа. Нүүрсчид амилчихсан, эхнээсээ хилийн хоригоо цуцлуулснаа ил тод хэвлэлээр зарлаж байна.
Би бол асуудлыг нотлох баримттай ярьж байгаа. Намайг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилогдсоны дараа зөвлөх Д.Мөнх-Эрдэнэд ногоон автобусны хэрэг тохож байсан. Би бол Хууль зүйн сайдыг барьцаалах ажиллагаа байсан гэж үзэж байгаа. Монгол Улсын Дээд шүүх хүртэл явж, гурван шатны шүүхээр явж, гэм буруугүй нь эцсийн шийдвэрээр нотлогдсон. Шүүх хурал нь нээлттэй явсан. Б.Энхбаярын ойр дотнын хүн хэрэг хийсэн гэж хэвлэлийн пропаганда хийж байсан. Үнэн цаг хугацаа, шударга шүүхийн шийдвэрээр нотлогдоод явж байгаа.
Миний ярьж байсан нотлох баримтууд хавтаст хэрэгт байгаагүй, мөрдөн шалгах ажиллагааны нууцад хамаарахгүй үйл баримтыг ярьж, өнөөдөр олон ауудал нь шүүхийн өмнө дэнслэгдэх байх гэдэгт би итгэлтэй байдаг.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Энэ олон нууцын тамга дарж хулгай хийж, Монголын ард түмний өмч хөрөнгийг хулгайлсанд ямар хариуцлага яригдах вэ. Хариуцлага ярьж байгаа юм байна уу, бүгд завшаад яваад байна уу?
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр:
-Хариуцлагыг дээрээсээ эхлэх ёстой гэж боддог. Тийм ч үйлдлээр өнөөдрийг хүтэл ажиллаж ирсэн. Улсынхаа Ерөнхий сайд байсан, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүмүүстэй холбоотой олон арван сая долларын үйл баримтыг баримтаар нотолж ярьж хуулийн байгууллагад шилжүүлсэн.
Энэ хүмүүсийн ярьдаг зүйл нь дандаа гүтгэлэг. Хуулийн байгууллагад гар хөлтэйдээ эрддэг юм уу яадаг юм. Манай хуулийн системд харагдаж үзэгдээгүй үйл явдал болж байгаа. Тэр Т.Даваадалай гэж нөхрийн кейс бол өөрийнхөө эхнэрийн хамаарал бүхий компанийн дансаар 5.5 тэрбум төгрөг шилжүүлж авна гэдэг тэнэг зориг шүү дээ. Туулын хурдны зам төсөл бол тэр чигээрээ гэмт хэрэг. Үүн дээр Засгийн газрын дүгнэлт гарсан.

