Тодруулбал, нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах шаардлагыг хангасан тохиолдолд олгоно.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн шалгуур үзүүлэлтүүд:
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
- Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчлийг болон торгох шийтгэлийг барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1 дэх хэсгийн дагуу даатгуулсан байх;
- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
- Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;
Зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шалгуур үзүүлэлтүүд:
5. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;
6. Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх.
Энэ талаар нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэвээс тодрууллаа.
Тэрбээр “Зургаадугаар сарын 1-нээс эхлэн 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд шинээр Улаанбаатар хотын улсын дугаар олгохгүй. Мөн Улаанбаатар хотод импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэл тухайн улсад экспортод гарахын өмнөх техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх шаардлагыг тавьж буй. Өөрөөр хэлбэл бидний авах гэж буй тээврийн хэрэгсэл тухайн улсад ашиглагдах үедээ ямар түүхтэй байсныг дүгнэлт гарган авах заалтыг тусгасан” гэв.
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно. Тодруулбал,
- Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дэс дарааллын эхэнд байх;
- Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;
- Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
- Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
- Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцээгүй буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө зүүн гар талдаа жолооны хүрдтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ.
Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор нийслэл хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд дээрх шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно. Тодруулбал,
- Мотоцикл
- Механизм
- Зүтгүүр
- Чиргүүл
- Цистерн
- Тусгай зориулалтын автомашин
- Автобус зэрэг тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно.
Ташрамд, Улаанбаатар хотод 800 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүний 74 хувийг 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл эзэлж байна. Мөн өнөөдрийн байдлаар 400-450 мянган автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Өөрөөр хэлбэл, оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа юм. Улаанбаатар хотод бүртгэлтэй 800 мянга гаруй тээврийн хэрэгслээс хасалт хийн 730 мянга болсон тохиолдолд зургаан шалгуур үзүүлэлтийг баримтлан улсын бүртгэлийн дугаарыг олгоно.