Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрс худалдах, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.

Засгийн газраас зарласан хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбох Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж, үндсэн чиглэлийг батлуулсны үндсэн дээр 2025 оны хоёрдугаар сарын 14-нд хоёр тал гарын үсэг зурсан юм. Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын тендерийг энэ сард зарлахаар төлөвлөж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улсын Их Хурлын хаврын чуулганы эхэнд хэлэлцээрийг соёрхон баталж, бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх боломж олгоно гэдэгт итгэлтэй байна. Хэлэлцээрийг баталсны дараа компани хоорондын гэрээнүүд хийгдэж, хэлэлцээрт тусгасны дагуу ажил албан ёсоор эхэлнэ” гэж хэллээ.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болно. Төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелнэ.  Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Мөн Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын дараагийн төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна....

Б.Дашпүрэв: АИ-92 бензиний 33 хоногийн нөөцтэй байна, хомсдол нүүрлэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн  яамны Төрийн нарыг бичгийн дарга...