Утаа, түгжрэлийн эсрэг ажлууд хавар, зун тасрах ёсгүйг Ерөнхий сайд анхаарууллаа

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, Босоо тэнхлэгийн экспресс замын төсөл, Ногоон бүсийн гэр хорооллын өрх айл, орон сууцны дулаалга болон нийтийн тээврийн зарим төслийн талаар хэлэлцлээ.

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж цаашид төлөвлөлтийн нэгдсэн бодлогоор хөгжүүлэх зарчмыг Засгийн газар барьж байгаа. Энэ хүрээнд хурдны замуудыг барьж байгуулах бөгөөд тэдгээрийн нэг нь Босоо тэнхлэгийн экспресс зам юм. Төслийн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Босоо тэнхлэгийн экспресс зам нь зуслангийн бүсээс эхэлж Улаанбаатар хотын төвөөр дамжин Сэлбэ голын эрэг дагуу босоо тэнхлэгийн автозамын сүлжээ бий болгож, хотын хойд хэсгийг урд хэсэгтэй холбоно. Мөн Туулын хурдны зам болон Тойрог хурдны замтай огтлолцож, Хөшигийн хөндийрүү тавигдах туннел, Хүннү дагуул хоттой холбогдох гарц байхаар тооцоолжээ.

Төслийг хэрэгжүүлэхдээ газар чөлөөлөлт, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын бусад ажилтай уялдуулах нь зүйтэй гэдгийг хуралдаанд оролцогчид хэлж байлаа. Улаанбаатар хотыг хойноос урагш тэлэх нь хамгийн үр ашигтай гэсэн судалгаа, баримт байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ судалгаа, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг одоогийн нөхцөл байдал, ирээдүйн бүтээн байгуулалт зэрэгтэй уялдуулан бүх талын тооцоог сайтар хийж тус төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Шуурхай штабын хуралдаанд Ногоон бүсийн гэр хорооллын өрх айл, орон сууцны дулаалгын талаар мөн танилцуулга хийсэн юм. Нийслэлийн ногоон бүсэд 10,141 өрх гэрт, 15,228 өрх орон сууцанд амьдарч байна. Эдгээр айл өрхийн гэр, орон сууцны дулаан алдалтыг багасгаснаар халаалтын зардлыг одоогийнхоос нь 2-3 дахин бууруулж, улмаар агаарын бохирдлыг бууруулахад ч хувь нэмэртэй гэдгийг  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас танилцууллаа. Мөн 1960-1980 оны угсармал орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах шаардлагатайг дурдлаа.

Тус хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Төгсжаргалынд очлоо. Тэднийх хийн түлшний зуух суурилуулаад долоо хонож буй ажээ. Нүүрс, үнстэй зууралдахгүй, цэвэрхэн, тохитой байхаас гадна гэрийн дулаан алдалтаа бүрэн шийдчихвэл бага зардлаар дулаан байх бүрэн боломжтой байна гэдгийг Б.Төгсжаргал ярилаа. Тус дүүргийн 30 гаруй айл өрх ийм зуухтай болжээ. Цаашид бусад дүүрэгт зорилтот бүсийн айл өрхийг хийн түлшинд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөснөө нийслэлийн удирдлагууд энэ үеэр танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “дулаан гэр”-ийн стандарт бий болгож, өртөг багатай, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн дулаалгын технологи, материалуудыг олон нийтэд танилцуулах нь зүйтэй гэдгийг хэллээ.

Мөн Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээнүүдийн явцыг эрчимжүүлж,  уялдаа холбоотой, шуурхай ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шуурхай штабын гишүүдэд үүрэг болгоод агаарын бохирдол, түгжрэл зэрэг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд энэ хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад...

Түргэний тэрэгтэй мөргөлдсөн автобусны хар хайрцгийг цагдаад хүлээлгэн өгчээ

Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан түргэний машин, том...

Түймэрт өртөж орон гэргүй болсон хүмүүст гэр, хувцас өгчээ

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж,...

Тусгай үүрэгт Элчингээр дараах хүмүүсийг томилно

Мега төслүүд дээр дэмжлэг үзүүлж ажиллаж, томоохон хэлэлцээрт орох,...