Нийслэлийн ИТХ-ын ээлжит II хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн танилцуулга зэрэг 16 асуудлыг хэлэлцэж байна. Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн танилцуулгаас онцлох тоо баримтуудыг сийрүүлье.
Улаанбаатар 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь үндсэн зургаан зорилготой. Тогтвортой, тэсвэртэй, дасан зохицох чадамжтай, хүртээмжтэй, хэмнэлттэй цогц хот байхаар зорьж байгаа. Улаанбаатар хот бол УИХ-ын 72 дугаар тогтоолоор улсын зэрэглэлтэй хоёр хот, орон нутгийн зэрэглэлтэй 14 хот, дагуул дөрвөн хоттой болсон. Үүнээс онцолбол, Агро сити болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсүүдтэй байна. Партизан тосгон буюу Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Жаргалантын тосгоныг Агро Сити буюу хот орчмын хүнсний хангамж, ногоо үйлдвэрлэдэг татварын хөнгөлөлттэй бүс байдлаар хөгжүүлнэ.
Эдийн засгийн төлөвлөлт талаасаа Улаанбаатар таталцал, нөлөөллийн бүсийг нийт таван бүсэд хуваасан байна. Баруун, баруун хойд, өмнөд зүүн хойд, зүүн өмнөд гэх орон нутгийн зургаан хөгжлийн төвтэйгөөр төлөвлөсөн. Бүсийн орон зайн төлөвлөлт хамрах нутаг дэвсгэрийн хувьд нийт 470 мянган га газрын нутаг дэвсгэртэй байхаар тодорхойлсон. Хөгжлийн тэргүүлэх чиглэл Улаанбаатар бүсэд бол дээрх хэсгүүдийг төлөвлөж өгсөн. Хотын хүн амын төлөвлөлтийн хувьд Алсын хараа 2050 бодлогын баримт бичгүүдтэй уялдуулж 2040 он гэхэд Улаанбаатар хоёр сая 89 мянган хүн амтай байна гэж төлөвлөсөн.
Шинээр байгуулах дагуул хотуудад 405 мянган хүн суурьшиж, ажлын байруудыг бий болгож, хүн амын төвлөрлийг тус хотууд руу чиглүүлэх зорилттой байна. Улаанбаатар 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд мэдээлэл холбоо, дулааны станцууд, дагуул хот зэрэг бүхий л бүтээн байгуулалт, дэд бүтцийг тусгажээ. Ногоон байгууламжийн тухайд гэр хорооллыг оруулаад нэг хүнд ногдох нь дунджаар 8 ам метр гэж гарсан. Ногоон байгууламжийн тухайд гурав ангилж байгаа. Нэгдүгээрт, бичил буюу дүүргийн чанартай, хоёрдугаарт, зуслангийн бүсийн гэхчлэн ангилсан.
Усны тухайд 50 хувийг гүний усаар хангахаар төлөвлөсөн. Туул усан төсөл дангаар хэрэгжсэнээр гадаргын усаар ундны усаа хангах боломж бүрдэнэ. Хог хаягдын хувьд 98 хувийг дарж булах байдлаар боловсруулж байна. Хоёрхон хувийг л дахин боловсруулж байгаа. 2040 он гэхэд нийт хог хаягдлын 24 хувийг дахин боловсруулах буюу хотын хэмжээнд нийт найман хог хаягдал ангилан ялгах төв байршуулна гэсэн төлөвлөлттэй байна.