Ёс зүйгүй авирласан бөхчүүдийн барилдах эрхийг хасаж шийтгэжээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал есдүгээр сарын 11-нд болжээ. Тус хурлаар зарим бөхчүүдийн барилдах эрхийг хориглосон шийдвэр гаргажээ.

Үүнд:

1. Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдааны үеэр зүй бус үйлдэл гаргаж, түүхт ойн наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон, наадмыг зохион байгуулагчдыг илтэд үл хүндэтгэсэн, Монгол бөхийн ёс жудгийг ноцтой зөрчсөн, нэр хүндийг унагасан аймгийн начин Г.Болдбаатар, аймгийн начин М.Баасанцэнд, сумын заан М.Баасан нарыг ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.

Зөрчил гаргасан аймгийн начин Г.Болдбаатарыг 1 жил 8 сарын хугацаанд, сумын заан М.Баасанг удаа дараагийн үйлдлүүдийг харгалзан хоёр жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглож, аймгийн начин М.Баасанцэндэд дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байж, Монгол бөхийн ёс жудгийг эрхэмлэж явахыг сануулсугай. Зөрчил гаргагч Г.Болдбаатарын гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдэл, хандлагыг, зөрчил гаргагч М.Баасангийн удаа дараагийн зохисгүй үйлдэл гаргаж байгааг тус тус харгалзан хариуцлагын хугацааг тогтоосныг дурдсугай.

2. Завхан аймгийн Отгон сумын 100 жилийн ойн барилдааны үеэр улсын харцага Т.Бэгзсүрэн нь улсын алдар цолтой бөхийн хувьд Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийн уламжлалыг хүндэтгэн эрхэмлэх, олон нийт, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх үүргээ биелүүлж чадаагүй, өсвөр залуу бөхчүүдийг үндэсний бөхөөр хичээллэх хүсэл сонирхлыг мохоох үйлдэл гаргасан гэж үзэн зөрчил гаргагч Т.Бэгзсүрэнг 6 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.

3. Төв аймгийн Зуунмод суманд болсон Улсын шинэ цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд Улсын начин Б.Чимэдвандан учраа бөх нь унасны дараа санаатайгаар нидэрч, биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг хичээх үүргээ биелүүлж чадаагүй, Монгол бөхийн нэр хүнд, жудаг ёсыг эрхэмлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Б.Чимэдванданг 9 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.

4. Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдааны үеэр Улсын харцага Ц.Мөнхбаяр нь бусад руу гар далайн сүрдүүлж, биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг хичээх үүргээ биелүүлж чадаагүй, Монгол бөхийн нэр хүнд, жудаг ёсыг эрхэмлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож,зөрчил гаргагч Ц.Мөнхбаярыг 6 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай. Зөрчил гаргагч Ц.Мөнхбаяр нь барилдааны талбай, бөхийн дэвжээнд учраа бөх рүүгээ гар далайх, хуруугаараа чичлэх зэрэг зохисгүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсныг харгалзан хариуцлагын хугацааг тогтоосныг дурдсугай.

5. Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдаанд “Засуул”-аар ажилласан Ц.Даваасамбуу нь барилдааны үеэр барилдаж буй бөхчүүдэд саад болох, биеэ зохисгүй авч явах, наадам зохион байгуулагчдын зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх үйлдэл, эс үйлдлүүд гаргасан тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Ц.Даваасамбууг хоёр жилийн хугацаанд бүх шатны барилдааны жаяг дэгийн багт ажиллуулахыг хориглосугай.

6. Дорнод аймгийн баяр наадмын барилдаанд аймгийн заан Ц.Заяатүшиг нь унасан бөхийн дээрээс зохисгүй үйлдэл гаргаж, баяр наадам, наадамчин олон, өрсөлдөгчдөө хүндэтгэлтэй хандаагүй, Монгол бөхийн нэр хүнд, жудаг ёсыг эрхэмлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Ц.Заяатүшигийг есөн сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.

7. Улсын харцага Г.Ганхуяг нь Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан боловч наадмын барилдааныг дуусгаагүй нь түүхт ойн наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон, наадмыг зохион байгуулагчдыг илтэд үл хүндэтгэсэн болохыг, түүнээс шалтгаалан наадам саатсан байх тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Г.Ганхуягийг гурван сарын хугацаанд үндэсний бөхийн бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.

8. Улсын заан Д.Баасандорж, Улсын начин Б.Батжаргал, Сумын заан Э.Ганболд нарыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл бүрдээгүй байх тул бүх шатны барилдаанд барилдах эрхтэйг мэдэгдсүгэй.

Зөрчил гаргагчдын барилдаанд барилдахгүй хугацааг нэр бүхий бөхчүүдийн барилдаанд барилдуулахыг түтгэлзүүлсэн 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тооцохыг МҮБХ-ны Ажлын албанд даалгажээ. Түүнчлэн:

1. Говьсүмбэр аймгийн баяр наадмын бөхийн барилдааны дөрвийн даваанд барилдахгүй барилдааныг орхиж үзэгч, наадамчин олныг үл хүндэтгэн улсын арслан Ц.Содномдоржийн асуудлаар 14 хоногийн дотор мэдээлэл цуглуулан танилцуулахыг МҮБХ-ны ажлын албанд даалгав.

2. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан Н.Дашдаваа нарыг Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдааны гурвын даваанд амалсан бөхчүүд болон тэдний дэмжигчидтэй даваа наймаалцах үйлдэл хийсэн тухай гомдол бичгээр ирсэнтэй холбогдуулан тэднээс тайлбар авах, холбогдох байгууллагад гомдлыг шилжүүлэхийг МҮБХ-ны Ажлын албанд даалгажээ. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд мэдэгдсэн байна.

МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4-р зүйл, Ёс зүйн дүрэм”-ийн 3-р зүйл, 6-р зүйлийн 6.1, 7-р зүйлийн 7.1, 7.5 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн олон нийтийн зүгээс ирүүлсэн гомдол, шаардлага болон МҮБХ-ны Ажлын албанаас оруулсан саналын дагуу ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй бөхчүүдийн асуудлыг хэлэлцэж, зохих хэмжээнд баримт мэдээлэл цуглуулах, тэднээс тайлбар авах зэрэг ажиллагааг хийсний үр дүнд дараах шийдвэрийг гаргажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Шинэ ургацын ногоог нийслэлд борлуулах 21 БАЙРШИЛ

Улаанбаатар хотод жил бүрийн намар шинэ ургацын ногооны томоохон...

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцна

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж,...

Э.Содномпилжээг “Чингис хаан” ОДОНГИЙН ЗАРЛИГТАЙ УГТЪЯ

"Парис-2024" паралимпын наадмыг Монгол Улс нэг алт, гурван мөнгөн...

Авлигаар хөрөнгөжсөн байж болзошгүй 25 албан тушаалтныг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2024...