Газар хөдлөлтийн дараа Ишикава хотод очсон тэмдэглэл БОГЦ ЗАДЛАЯ- 1

Биднийг нийлүүлсэн замын уулзвар бол хүмүүнлэгийн үйлст хамтдаа нэгдэх байв.
Осака хотоос хоёр галт тэрэг дамжин суусны эцэст Ишикава мужид ирсэн юм. Арлын Япон улс нь дэлхийн газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд оршдог улсуудын нэг бөгөөд тэр дундаа “ Номхон далайн галт тэрэг” гэж нэрлэдэг олон техтоник хавтангийн уулзварт оршдог. Тиймээс газар хөдлөлтийн үйл явц аль ч хотод болдог төдийгүй хамгийн их түгшүүр төрүүлдэг нь цунамигийн аюул. Ишикава муж нь Япон тэнгисийн эрэг дээрх хамгийн том аймгийн нэг. 2024 оны нэгдүгээр сарын 1-нд тус аймагт “ Нотожима газар хөдлөлт” болсон билээ. Тухайн өдөр 7.6 баллын газар хөдлөлт болж 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар (биднийг очихоос тав хоногийн өмнөх мэдээгээр) нийт 241 хүн нас барж, 1188 хүн гэмтэж, бэртэж, 8534 хаус бүрэн, 15253 хаус хагас нурж амьдрах боломжгүй болжээ. Ишикава мужид өнөөдрийн байдлаар 123 монгол иргэн оршин суудаг байна. Үүнд Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111 , Фүкүй мужид 43 монгол иргэд оршин сууж байгаа талаар Тояма дах Өргөмжит консул К. Фүжиши газрын хөдлөлтийн үеэр мэдээлж байв. Газар хөдлөлтийн үеэр хамгийн их хохирол амссан нь Важима хот аж. Ишивакагаас хөдлөөд машинаар зургаан цаг явж хүрдэг, одоогийн байдлаар өдөртөө хоёрхон удаа нийтийн тээврийн автобус үйлчилгээнд гарч байгаа юм байна. Газар хөдлөлтөд болсон газар руу ойртох тусам эвдэрхий байшин барилга, уулаас уруудсан том том чулуу харагдаж хамгаалалтын бүсийг хичээнгүйлэн хийсэн нь япончуудын бүхий л зүйлд хичээнгүйлэн ханддаг болохыг илэрхийлэх.
Замын уртад нутгийн залуустай бүхий л сэдвээр хөгжилдөн ярьж завсаргүй амь хамхилгүй ярилцсаар зорьсон газраа ирэв. Биднийг очиход зохион байгуулагчдын зүгээс хэлснээсээ буцаж, холын газар хөл нүцгэн гүйхэд хүргэв. Газар хол ч сэтгэл дулаан байсан бид хэд хэсэгтээ сэтгэлээр унасан ч төд удалгүй энэ байдлаасаа хурдан гарахыг хичээж замын сониноо үргэлжлүүлэв. Гадаадад амьдарч байгаа монгол залуусын яриаг хэсэгчлэн хүргэе. Залуус маань хаана ч явсан ажлын хувцсаа цүнхлэн явдаг байна. Ажил олгогчийн зүгээс ямар ч ажилд хуваарилж магадгүй тул ажлын хувцас тэдний хувьд хамгийн том хэрэглээний нэг. Өнгөрсөн жил японд ажиллаж байсан нэг залуу маш халуунд ажил хийж байгаад тамиргүйдээд ухаан алдаж унасан гэнэ. Японд 6,7,8 сард аагим халуун” ноёрхдог” учраас энэ саруудад ажил хийх нь бүү хэл амьсгалахад ч төвөгтэй. Ийм үед монгол залуус хамаг хөлсөө шавхаж ажилладаг. Таван минут болоход өмссөн цамц нь шалбааг болж үүнийгээ мушгиад л өмсөнө. Цайны цаг хүртэл энэ бүхэн үргэлжилнэ. Тэр болтол тэснэ ээ л гэсэн үг. Яг ийм маягаар хөөрхий залуу минь шингэний дутагдалд ороод ухаан алдсан байна. Хүний газарт хүссэнээрээ амьдарна гэсэн ойлголт байхгүй. Ажлын хуваарь, хэлний бэлтгэл, ачааллаа хуваарилах, биеийн эрүүл мэндийн асуудал, байр, хоол, хэрэглээ гээд бүх зүйл өөрийн толгой дээр ирдэг. Монголд амьдарч байгаа юм шиг амьдрал энд байхгүй. Тэднийг хэн ч өглөө сэрээж хоолоо ид гэж гуйхгүй. Өглөө босоод өөрт тааруулсан багахан хоолоо идээд (амжвал ) гарна. Ихэнх тохиолдолд өглөөдөө хоосон гүйх нь элбэг. Цагийн хуваарь бол цэргийн дэглэм. Тэд хэзээ ч цагаасаа хоцорч болохгүй. Нэг минут ч болохгүй. Манай залуусын хувьд энэ дадлыг эзэмшээд зөндөө удсан нь харагдаж байлаа.
Биднийг хонох газаргүйг мэдсэн залуус минь гэртээ хонохыг урьсан юм. Замын хол газар мэдэхгүй, очих айлгүй байсны хувьд хамгийн хүндэт урилга байв. Нөгөө талаар өөрсдийгөө болгож байгаа залуустаа төвөг удаж байгаагаа мэдсэн ч өөр сонголтгүй байлаа.Хамгийн эхлээд Оогийгийнд очив. Эхнэр хүүхэд нь Монголд, өөрөө энд ажиллаад хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа. Цагаан сарын үеэр хийсэн буузаа нандигнан хадгалжээ. Нутгийн эгч нараа заавал дайлна гэж зөрсөөр байгаад бууз чанаж өгөв. Бид яг адилхан хамтдаа явж байсан хэрнээ гэртээ орж ирээд бид өлсөөгүй, та хоёр ид гэж шахахад нь хоолой дээр юм тээглээд нүдний нулимс гараад байсан. Эрэгтэй хүүхдүүд буузнаас татгалзана гэж байх уу. Өөрсдөө завгүй үедээ хэрэглэнэ гэсэн бууз байсан даа.. Ингээд дараагийн айлдаа зочлов. Гэрээгээр ажилладаг зургаан залуус нэг байранд амьдардаг аж. Тус тусдаа өрөөтэй, тохитой сайхан юм. Гал тогооны өрөөнд олон будаа агшаагч эгнүүлжээ. Ямар олон будаа агшаагч вэ гэхэд , “ аан хүн бүр бараг нэг будаа агшаагчтай” гэж инээлдэх.
Өглөө эртлэн босоход шар тос ханхалж, сүүтэй цайны пор пор хийх чимээ сонсогдов. Гэрийн эзэн Чинзориг хэдийнэ гал тогоондоо ороод цай чанаж байв. Түүний дэргэд Цолмон охин төмс арилгаж аяга угаана. Биднийг явахаас өмнө урьдаж хоол цай бэлдэж байгаа нь энэ. Тэд өглөө эрт босоод сурчихжээ. Үүднээсээ эхлээд гутлаа зэрэгцүүлэн өрж, хэрэглэсэн аяга тавгаа хэнээр ч хэлүүлтгүй угааж цэвэрлээд тавьчих юм. Монголд байхдаа шар тостой цай өглөө чанаж ууж байснаа ер санадагүй юм, хүний газарт нутгийн хоол шиг эрдэнэ алга даа эгч минь гэсээр инээлдэн суух залуус та нартаа хүний газарт “хүлэг “болж өгсөнд чинь үнэхээр их баярлаж сууна.
(Үргэлжлэл бий… )
Осака хот.
Сэтгүүлч В.Сарантуяа
2024. 03.24 өдөр

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ХУД-ийн 250 дугаар цэцэрлэг тэргүүн байрт шалгарлаа

Улаанбаатар хотын 2024 оны цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн...

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...