Автомашин угаалгын газруудыг цэвэр ус ашиглан автомашин угаахыг хориглоно гэсэн мэдээллийг БОАЖ-ын сайд Бат-Эрдэнэ өгсөн. Автомашин угаалгын газрууд өдөрт 200 тонн цэвэр ус ашигладаг гэсэн судалгаа бий. Энэ үүднээс цэвэр усны нөөцөө хадгалж, хамгаалах зөв шийдвэр гэж олон нийт сайшааж байгаа ч яг нөхцөл байдал дээр автомашин угаалгын газрууд саарал ус ашиглах боломж нь хэр байгаа вэ?
Автомашин угаалгад саарал ус ашиглах боломжгүй
Үүнийг хөндөхийн өмнө эхлээд саарал ус гэж ямар усыг хэлэх талаар дэлгэрүүлье. Саарал ус гэдэг нь бидний ахуйгаас гарч байгаа буюу өтгөн шингэн нийлээгүй бусад ахуйгаас гарч байгаа ус. Тэгэхээр банн, дүүш, угаалгын машин зэргээс гарч байгаа усыг саарал ус гэж хэлээд байгаа юм. Автомашин угаалгын газруудын хувьд саарал ус ашиглах гэсэн нэр томъёоноос илүү ашигласан усаа дахин цэвэршүүлж ашиглах гэсэн тодорхойлолт илүү нийцнэ. Учир нь манай улсын хувьд саарал ус нь хар ус буюу 00 өрөөнөөс гарч буй өтгөнөөр бохирлогдсон устайгаа нийлж нэг бохирын хоолойгоор урсдаг тул саарал усыг дахин ашиглах боломжгүй гэсэн үг. Харин цэвэр усаа ашиглаж автомашиныг угаагаад тухайн угаасан усаа хуримтлуулж цэвэршүүлж ариутгаад дахин ашиглах шийдлийг ашиглахыг угаалгын газруудад тавиад байгаа юм. Яг мэргэжлийн хэллэгээр бол автомашин угаалгад саарал ус биш ашигласан усаа дахин ашиглах шаардлагыг тавьж байгаа юм байна.
Автомашин угаалгын газрууд стандартаас гурав дахин их бохирдуулсан усыг шугамд нийлүүлдэг
Сайдын сошл дахь посттой холбоотойгоор энэ мэдээлэл нэлээд эрчийг авсан ч угтаа бол аль эртнээс л яригдаж байсан асуудал. 2018 онд энэ талаар Засгийн газрын тогтоол гарч байв.
Хамгийн сүүлд гэхэд 2020 онд машин угаалгын газруудыг ашигласан усаа урьдчилан цэвэрлээд дахин ашиглах тоног төхөөрөмжүүдийг суулгах шаардлагатай гэсэн шаардлагыг яамнаас Ус суваг удирдах газар болон холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлсэн байдаг. Үүний үр дүнд Улаанбаатар хотын хэмжээнд машин угаалгын үйл ажиллагаа эрхэлдэг 152 ААН-ээс 34 нэгж байгууллага тодорхой хэмжээгээр ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжтэй ч болж байжээ.
Автомашин угаалгын 150 гаруй газрын 133 нь Ус сувгийн шугам рүү хаягдал усаа шууд нийлүүлдэг. Машин угаалгын газруудын хаягдал ус бохирдол ихтэй байдаг бөгөөд 2022 оны байдлаар стандартаас гурав дахин их бохирдуулсан усыг төв шугамд нийлүүлж буй үзүүлэлтүүд ч гарч байжээ.
Усыг дахин цэвэршүүлэх тоног төхөөрөмж 20-80 сая төгрөгийн үнэтэй
Усыг цэвэрлэх байгууламж буюу усыг дахин цэвэршүүлэх тоног төхөөрөмж хүчин чадал, хэмжээнээсээ шалтгаалан янз бүрийн үнэтэй байдаг байна. Жижиг оврын төхөөрөмж 20-30 сая, дунд оврынх 70-80 сая төгрөгийн үнэтэй байгаа ажээ. Угаалгын газруудын хувьд энэ хэмжээний мөнгө гаргаж цэвэршүүлэгч шууд авч тавих боломжтой газрууд тийм олон биш. Иймээс шууд тас гээд хориглоход төр, хувийн хэвшил аль аль талдаа хүндрэлтэй байгаа аж. Машин угаалгын үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд зөвшөөрлөө нийслэлээс авдаг бөгөөд одоогоор яамнаас нийслэлтэй хамтарсан ажлын хэсэг гаргаж нөхцөл байдлыг судлан ажиллаж байна. Усны агентлаг болон Ус сувгийн удирдах газрынхан ч газар дээр нь явж ажиллаж байгаа ажээ.
Цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах “Ногоон зээл”
Ус цэвэршүүлэх технологийг суурилуулах эхний зардал өндөр учраас улсаас хөнгөлөлттэй зээл олгох ч юм уу, ямар нэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг авто угаалгын газрынхан тавьж байна. Харин энэ талаар яамнаас дараах тайлбарыг өглөө. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар ААН-үүд одоогийн байдлаар 3.2 тэрбум төгрөг улсын төсөвт оруулжээ. Хаврын чуулганаар уг хуульд хаягдал усны энэхүү төлбөрийг буцаагаад хаягдал усыг дахин ашиглах техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт буюу ногоон зээл, урамшуулал зэрэгт өгдөг болох нэмэлт өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байгаа гэв. Өөрөөр хэлбэл, хаягдал усыг дахин ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийг ногоон зээлд хамруулдаг болгохоор ажлын хэсэг гарсан гэсэн таатай мэдээ байна. Мөн байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж байгаа ААН-ийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх Засгийн газрын тогтоолын дагуу хүн амын ундны усны, газар тариалангийн усалгааны системүүдийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлдөг. Үүн шиг ус дахин цэвэршүүлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх талаар БОАЖЯ Сангийн яамтай хамтарч ажиллаж байгаа ажээ.
Ямартай ч автомашиныг цэвэр усаар угаахыг хориглох шийдвэрийн цаанах бодит дүр төрх ийм байна. Нэг талаас авто угаалгын газруудын цэвэр усаа гамная, усаа дахин ашиглая гэсэн сэтгэл хандлага чухал. Нэмээд төрийн зүгээс ногоон зээл олгож, шаардлагаа сайтар тавих хичээл зүтгэл байвал асуудал шийдэгдэхгүй биш шийдэгдэх бүрэн боломжтой нь эндээс харагдаж байна.